“Хүүхдэд ээлтэй аймаг” болох уриатай Хөвсгөл аймагт хүүхдэд чиглэсэн олон төсөл хөтөлбөр хэрэгжиж байгаагаас сумын сургууль, цэцэрлэгийн усан хангамж, ариун цэвэр, эрүүл ахуй ямар байгааг сурвалжилсан юм. Өчигдөрийн дугаарт Бүрэнтогтох сумын сургууль, цэцэрлэгээс бэлтгэсэн сурвалжлагаа хүргэсэн бол энэ дугаарт Хөвсгөл аймгийн Тариалан суманд ажилласанаа хүргэе.
“ЭГЧЭЭ ТА ГАРАА ИНГЭЖ УГААЖ ЧАДАХ УУ?”
Цэцэрлэгтээ ирээд хүүхдүүдийн хамгийн орох дуртай газар нь ариун цэврийн өрөө болсон гэвэл та итгэх үү. Байсхийгээд л бие заслаа, гараа угаалаа гэж гүйлдэх жаалуудад хананаас халуун, хүйтэн ус гоожих, паалантай жорлон дээр тухтайхан сууж бие засах, алчуур, саван, цаас гээд бүх зүйл нь гарын дор, эмх цэгцтэй байх, цэвэрхэн дулаахан байдал гээд энэ өрөөний юм бүхэн сонирхолтой байдгийг тэд ам уралдан ярьж байв.
“Эгчээ та намайг хараач, гараа ингэж угаадаг байхгүй юу, багш бидэнд ингэж зааж өгсөн юм. Би гэртээ очоод аав ээждээ, ах эгчдээ ч зааж өгсөн. Даанч манайд ийм гоё угаалгын өрөө байхгүй л дээ” гэх хэвлүүхэн яриатай хүүхдүүдтэй Хөвсгөл аймгийн Тариалан сумын “Шинэ өргөө” цэцэрлэгт уулзсан юм.
Энэ цэцэрлэгт 220 орчим хүүхэд зургаан бүлэгт сургуулийн өмнөх боловсрол эзэмшиж байна. Цэцэрлэгийн байр хуучирч муудсан төдийгүй цэвэр бохир усны асуудлыг шийдээгүй олон жил болжээ. Харин НҮБ-ын Хүүхдийн сангаас Хөвсгөл аймгийн Тариалан сумыг сонгож “Сургууль, цэцэрлэгийн ус хангамж, ариун цэвэр, эрүүл ахуйн” төсөл хэрэгжүүлсэн нь энэ. Цэцэрлэгийн барилгатай залган хоёр сэндвичин барилга авчран угсарч, цэвэр ус, бохирыг нь шийджээ.
Бага бүлгийн багш Ш.Жаргалмаа “Өмнө нь манай цэцэрлэгийн бага ангийн хүүхдүүд өөрсдийн хөтөвчөө авчраад ангидаа бие засдаг байсан. Олон жаахан хүүхэд өөрсдийн таних тэмдгээ ялгахгүй хөтөвчөө солиод суудгаас цагаан хорхой халдварлана. Дунд ахлах ангийнхан нь гадаа модон жорлонд бие засна. Хүүхдүүдээ бие засуулахын тулд гадуур хувцсыг нь өмсгөж гарна, буцаж ороод хувцсыг нь тайлах хооронд гуталтайгаа гүйлдэж, шал бохирдуулна. Гарыг нь ч бохирдох бүрт нь угаалгаж чаддаггүй байлаа. Энэ хичээлийн жилд НҮБ-ын Хүүхдийн сангийн тусламжтайгаар ариун цэврийн өрөөтэй болсноор хүүхдүүд даарч хөрөхгүй, багш нарын ажил ч хөнгөрсөн. Одоо хүүхдүүд хүссэн үедээ ариун цэврийн өрөө рүү орно. Гарч орохгүй болохоор анги танхим ч цэвэрхэн. Энэ жил манайд цагаан хорхойн өвчин, халдварт өвчин ч гарсангүй. Хүүхдүүд гараа бохирдох бүрт угааж заншлаа. Хүүхдүүд өвдөхгүй болохоор эцэг эхчүүд ч сэтгэл өндөр байна. НҮБ-ийн Хүүхдийн сангаас манайд тоглоом гэр тавиур бэлэглэсэн. Гэрээ зуны сургалтандаа авч гардаг” гэж байв.
Хөдөө орон нутгийн ихэнх сумын цэцэрлэг, сургуулийн барилгууд хуучирсан, зарим нь бүр актлагдсан байдаг ч улсын хөрөнгө оруулалтаар шинэ барилга байшин бариулна гэдэг мөрөөдөл, хугацаа ч их орно. Гэтэл тэр болтол эрүүл ахуйн шаардлага хангахгүй газарт хүүхдүүд суралцсаар байна гэдэг аюултай. Тиймээс Австралийн гадаад харилцаа, худалдааны яамны санхүүжилтээр НҮБ-ын Хүүхдийн сангаас Хөвсгөл аймгийн 12 сумыг сонгож “Сургууль, цэцэрлэгийн ус хангамж, ариун цэвэр, эрүүл ахуйн” төслийг 2014-2016 оны хооронд хэрэгжүүлжээ.
Энэ талаар НҮБ-ын Хүүхдийн сангийн Ус хангамж, ариун цэвэр, эрүүл ахуйн мэргэжилтэн Н.Батнасан тайлбарлахдаа “Хөвсгөл аймаг НҮБ-ын Хүүхдийн сангаас Монгол улсад хэрэгжүүлж буй хөтөлбөрийн загвар аймгаар сонгогдсон юм. Тиймээс бид 12 суманд төсөл хөтөлбөрөө амжилттай хэрэгжүүлж байна. Тариалан сумын цэцэрлэгийн барилгын цонхыг ашиглан зөөврийн сэндвичэн байшин суурилуулж, тухайн барилгаасаа гэрэл, халаалт, усыг нь авах маягаар зохицуулсан. Нэг ийм зөөврийн байшин ашиглаж хийсэн ариун цэврийн өрөө хөдөө орон нутагт 20 гаруй мянган ам.долларын өртөгөөр боссон” гэсэн юм.
“БИД ТОЛИНД ХАРЖ, ГОЁЖ ГООДОХ БОЛСОН”
Тариалан сумын Ерөнхий боловсролын сургууль 1125 сурагч, 100 гаруй багш, ажилтантай Хөвсгөлийн томоохон сумдын нэг. Дотуур байранд нь 200 орчим хүүхэд амьдардаг. Энд НҮБ-ын Хүүхдийн сангийн “Ус ариун цэвэр эрүүл ахуйн хангамж” төсөл хөтөлбөр амжилттай хэрэгжиж 390 сая төгрөгийн төсөвтэй ариун цэврийн өрөө, цэвэр ус халуун усны байгууламжийг хийжээ. Сургууль бохирын бие даасан системтэй байсан учраас цэвэр усны шугамыг нь сумын эх үүсвэрээс холбосон байна. Хичээлийн хоёр байранд урд нь анги байсан өрөөг эрэгтэй эмэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулан ариун цэврийн өрөө болгон засварласан байна. Ингэснээр хүүхдүүд сургууль дээрээ биеэ зөв авч явах, цэвэрч боловсон суралцах болжээ.
“Манай сургуулийн ариун цэврийн өрөө ашиглалтад ороод хоёр жил болж байна. Дотроо ариун цэврийн өрөөтэй болсноор өвлийн хүйтэнд гадуур хувцасгүй яарч сандран гарахгүй, ханиад томуу тусахгүй, дулаан цэвэрхэн орчинд бие засч байна. Хүссэн үедээ гараа угааж, ариун цэврийг дээд зэргээр сахиж сурлаа. Бас бидэнд өөрсдийгөө толинд харж, гоёж гоодох боломж олгосонд баярладаг” гэж 11 дүгээр ангийн сурагчид ярьж байв.
Сурагчдын биеэ авч явах байдал сайжирч цэвэрч нямбай болж, зөв зан үйлийг эзэмшиж байгаад багш нар ч баяртай байгаагаа илэрхийлсэн юм. Цэвэрхэн ариун цэврийн өрөөнд орж, гараа тогтмол угааснаар хүүхдийн өвчлөл эрс багассан гэж сургуулийн эмч онцолж байв.
Мөн Хүүхэд хөгжлийн төв, Багш хөгжлийн төвд НҮБ-ын Хүүхдийн сангаас техник хэрэгсэл нийлүүлснээр хүүхдүүд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлж, багш нар өөрсдийгөө хөгжүүлж, мэдээллээ цуглуулах боломж бүрджээ. Насан туршийн боловсрол болон эрүүл мэндийн чиглэлээр хөрөнгө оруулалт хийсний дүнд сургалтын үйл ажиллагаа хэвийн явагдах болсон байна.
Бидний үл анзаарсан хүүхдэд нийтлэг чухал хэрэгцээтэй зүйл бол ус байдаг аж. Сургуулийн давхар хонгил, төв бүрт тавьсан ус шүүгчээс хүүхдүүд завсарлагаан бүрээрээ ус авч ууж байв. Үргэлж гүйж харайж, хэдэн цагаар хичээллэж суудаг хүүхдүүдийн ам цангаж байдаг чухал хэрэгцээг хангахаар 14 ус шүүгчийг Хүүхдийн сангаас бас нийлүүлсэн нь үр дүнгээ өгснийг эндээс харж болно
“УРД НЬ НҮҮРЭЭ Ч УГААЛГҮЙ СУРГУУЛЬДАА ЯВДАГ БАЙСАН”
Дотуур байранд биднийг ороход хүүхдүүд үүдэнд байрлуулсан телевизороо үзэж суусан юм. Энд эрэгтэй, эмэгтэй хоёр тасагтай. Цэвэрхэн, өнгө үзэмжтэй нэг өрөөнд 4-6-уулаа амьдарна. Энэ байрны хуучин ариун цэврийн өрөөнд засвар хийж, халаагуур тавьж халуун хүйтэн устай болгожээ. Стандартын шаардлага хангасан эрэгтэй, эмэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн ариун цэврийн өрөөнүүдтэй болсноор хүүхдүүд харанхуйд айж гадаа гарахгүй амар болсон гэж байв. Дотроо шүршүүртэй болсноор хүүхдүүд гадагшаа явж халуун усанд орно гэхгүй хүссэн цагтаа шаардлагатай үедээ усанд орно.
“Урд нь дотроо гар нүүрээ угаадаггүй явдаг байсан бол одоо дуртай үедээ усанд орж, өглөө бүр амар хялбар угааж явдаг болсон. Цэвэр тохилог ариун цэврийн өрөө, халуун хүйтэн устай угаалтуур, усанд ордог шүршүүртэй байх сайхан юм“ гэж есдүгээр ангийн охид ярьсан юм.
Хүүхдүүд гэр рүүгээ яарахаа ч больсон гэнэ. Дулаахан тухтай байрандаа хичээл номоо хийгээд найз нөхөдтэйгөө байх нь тэдэнд илүү сайхан байгаа бололтой. Энд зургаан настай таван сурагч эгч, ахтайгаа нэг өрөөнд амьдарч байв. Хүүхдүүд өдрийн хоёр цай, хоёр хоолтой юм билээ.
НҮБ-ын Хүүхдийн сангийн “Ус ариун цэвэр эрүүл ахуйн хангамж” төсөл хөтөлбөрийн хүрээнд Ерөнхий боловсролын сургууль болон дотуур байранд хүүхдийн сурч, амьдрах таатай орчинг бүрдүүлж чадсанд сурагчид, багш нар, эцэг эхчүүд сум орон нутгийн удирдлагууд сэтгэл ханамжтай байсан.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин