Түүнийг урлагийнхан “Бөмбөрчин Хөлөгөө” гэдгээр нь андахгүй. Тэрбээр Монголдоо цохиур хөгжмийн төрлийг хөгжүүлж буй уран бүтээлч юм. Япон улсад урилгаар тоглолт хийх гээд тун завгүй явахад нь түүнтэй уулзаж ярилцлаа.
-Таныг Япон улсад урилгаар бөмбөрийн тоглолт хийх гэж байгаа гэж дууллаа. Удахгүй болох тоглолтынхоо талаар ярихгүй юу?
-Би тавдугаар сарын 11, 12-нд Токиод болох “Ханг драм” хөгжмийн фестивальд оролцоод, 19-нд Маябаши хотод Тайко бөмбөрийн тоглолтод урилгаар оролцоно. Хоёр өөр тоглолт юм л даа. Эхний фестивальд Монголоо Улсаа төлөөлж “Тогоон бөмбөр” гэж орчуулаад байгаа хөгжмөөр оролцоно. Энэ хөгжим нь дэлхий дээр хамгийн сүүлд үүссэн хөгжмийн зэмсэг юм. Энэ хөгжмөөрөө 2018 онд Морин хуурын чуулгын “Playing Love” тоглолтод гоцлон тоглоход үзэгчдэд маш их таалагдсан.
–Яагаад цохиур хөгжимчин болохоор шийдсэн бэ. Урлагийн зам сонгоход танд юу нөлөөлөв?
-Би урлагийн замыг сонгоогүй, урлаг намайг сонгоод, одоог хүртэл өөртөө зүтгүүлж байгаа юм. Миний мэргэжлийн багш бол Монгол Улсын гавьяат багш Б.Зоригт гэж хүн бий. Хөгжим бүжгийн коллежоос хөгжмийн боловсрол эзэмшээд Морин хуурын чуулга, Улсын филармонийн симфони оркестрт ажиллаж байсан үе минь багшийн минь ач юм. Герман улсад “Бөртэ” хамтлагийн гишүүн байхдаа “World music” хэмээх урсгал жанрт сонирхолтой болж, дэлхийн олон улс үндэстэний бөмбөрийг судлах болсон. АНУ-д сурч байхдаа Японы тайко бөмбөрийн хамтлагуудын тоглолтыг үзээд, Монголдоо бөмбөрийн хамтлаг байгуулах мөрөөдлөө олсон.
-Та мөрөөдөлдөө хүрсэн үү?
Мөрөөдлийг бодит болгох эхлэлээ тавьсан, түүнийгээ улам бодит болгох гэж ажиллаж байна. Би анх 2008 оноос эхлэн Японы тайко бөмбөрөөр дагнан хичээллэж, 2015 онд өөрийн бөмбөрийн сургалтаа нээгээд, 2016 онд “UB Drums” хэмээх бөмбөрийн хамтлаг байгуулан, өдий хүртэл олон арван тоглолт хийсээр байна.
“UB Drums” бөмбөрийн хамтлагт ямар шалгуураар элсэж болох вэ? Хөгжмийн боловсрол зайлшгүй хэрэгтэй юу?
-Хөгжмийн боловсрол хэрэггүй ээ. Мэдрэмжтэй, багаар ажиллах чадвартай байх нь л чухал. Элсэхийг хүссэн хэнд ч би бөмбөр үнэгүй зааж сургана, бас урамшуулна. Юм сураад түүндээ дуртай, сонирхолтой байгаа хүнийг улам хөгжүүлэхийг л боддог.
-Таны оролцсон “Говь” клипийг үзсэн. Тэр уран бүтээлийн талаар?
-1999 онд Герман улсад “Бөртэ” хамтлаг байгуулагдсан. Тэр үеэс эхлэн ятгачин Мөнх-Эрдэнэ, их хуурч Ганпүрэв, эвэр бүрээч Чинбат нартайгаа олон сайхан хөгжмийн бүтээл туурвисан байдаг. 2010 онд "Оюу Толгой" компанийн ивээн тэтгэлгээр "Говь" хэмээх сайхан нэртэй клип бүтээж байсан. Говь клипийг үзсэн гадаадын олон хүнтэй таарч, тэдний сэтгэгдлийг сонсож, өөрсдөөрөө болон эх орноороо бахархаж байлаа. Энэ сайхан ажлын үргэлжлэл болгоод энэ жил бид “Алтай” хэмээх клипийг олон түмэндээ хүргэхээр зорин ажиллаж байна.
-Хувийн бөмбөрийн цуглуулгатай юу?
-Одоо надад гадаадын 10 гаруй орны бөмбөр байдаг. Миний хувьд хөгжим цуглуулах хоббитойдоо бус, тоглож чадах хөгжмөө худалдан авч, Монголдоо дэлгэрүүлэх үүднээс тоглолтод ашигладаг.
-Бөмбөр хөгжмийн уран бүтээлээр дагнасан цомгоо хэзээ гаргах вэ?
-Би өөрийн анхны бие даасан цомгынхоо нээлтийг Японд хийхээр төлөвлөн, маргааш нисэх гэж байна. Анхны цомог маань нийт 11 уран бүтээлээс бүрдсэн. Мэдээж эх орондоо ирээд, цомгийнхоо талаар мэдээлэл түгээнэ.