“Эцэг, эхчүүдээс илүү мөнгө хураах нь багассан”

Хуучирсан мэдээ: 2015.05.22-нд нийтлэгдсэн

“Эцэг, эхчүүдээс илүү мөнгө хураах нь багассан”

Жил бүр цэцэрлэг, сургуулийн зуны амралт эхлэх үеэр эцэг эхчүүдээс анги засварын мөнгө хураадаг. Гэтэл анги засвар нэрийдлээр эцэг, эхчүүдээс илүү мөнгө татах асуудал үүсдэг. Энэ талаар нийслэлийн Боловсролын газрын дарга Ц.Отгонбаганаас тодрууллаа.

-Цэцэрлэг, сургуулийн засвартай холбоотой эцэг эхчүүдээс гомдол ирж байна уу?

-Зарим сургууль, цэцэрлэгийн удирдлага болон ангийн багш нартай холбоотой гомдол ирж байгаа. Цэцэрлэг, сургуулийн гадна тохижилт хийнэ, эсвэл цонхоо вакумжуулна, ангийнхаа шаланд хивс тавина зэргээр 20-25 мянган төгрөг нэхсэн гомдлууд ирсэн.

-Жил бүр ийм асуудал үүсдэг. Энэ жил хэр их эцэг эхчүүдээс гомдол ирсэн бэ?

-Өмнөх жилүүдтэй харьцуулахад энэ талын гомдол буурч байгаа. Бараг 50 хувиар буурсан гэж болно. Энэ жилийн хувьд сургууль, цэцэрлэгийн засвар эхлэх гэж байгаа. Анги тохижуулах нэрийдлээр зориулалтын бус зүйл авах гэж мөнгө хурааж байна гэх гомдол ихэвчлэн ирдэг. Тухай бүрт нь сургууль, цэцэрлэгийн захиргаанд нь хандаж таслан зогсоож байгаа.

-Нийслэлээс сургууль, цэцэрлэгийн засварын ажилд хэчнээн төгрөг төсөвлөдөг юм бэ. Тэр нь хангалттай байж чаддаггүй юм уу?

-Сургууль, цэцэрлэгт нэг жилд л гэхэд засвар шинэчлэлд зориулан 3-5 сая төгрөгийг төсөвлөдөг. Гэтэл энэ мөнгөөр хоёр өрөө байр ч засч чадахгүй. Тиймээс эцэг, эхчүүдийн дэмжлэг авахаас аргагүй болдог. Дэмжлэг авахдаа тухайн сургууль, цэцэрлэгийн захиргаанаас хэд хэдэн зүйлийг шаардаж байгаа.

-Ямар шаардлагыг тавьдаг вэ?

-Эхний ээлжинд тухайн анги танхимд ямар засвар хийх талаар тодорхой тайлан гаргаж эцэг эхчүүдэд танилцуулах хэрэгтэй. Улмаар эцэг эхчүүдийн дэмжлэг авсны дараа засварын ажлаа тэдний хяналтанд хийх. Ингээд намар хичээл эхлэхэд засварын тайлангаа эцэг эхчүүдэд өгөх шаардлагыг тавьдаг. Энэ зөвлөмжийн хүрээнд гурав дахь жилдээ засварын ажил хийх гэж байна.

-Нэг хүүхдээс засвар шинэчлэлд дээд тал нь хэдэн төгрөг авах тухай заасан байдаг уу?

-Засвар шинэчлэлийн ажилтай холбогдуулан нэг хүүхдийн эцэг, эхээс дээд тал нь 15 мянган төгрөг авна гэж заасан байдаг. Мэдээж доод хязгаарыг тогтоогоогүй.

Б.ЗОЛЗАЯА

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж