Газар тариалангийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

Хуучирсан мэдээ: 2015.05.22-нд нийтлэгдсэн

Газар тариалангийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

Тариалангийн тухай хуулийн шинэчлэсэн найруулгын хуулийн төслийн хэлэлцүүлгийг ХХААЯ санаачлан хийж байна. Энэхүү хэлэлцүүлэгт ХХАА-н сайд Р.Бурмаа, ХХААЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Ариунболд, ХХААЯ-ны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Болорчулуун болон Тариалан эрхлэлтийг дэмжих сан, Тариалан эрхлэгчдийн холбоод, төрийн бус байгууллагууд, мөн тариалан эрхлэгч аж ахуй нэгжийн төлөөлөл оролцож байна.

Тариалангийн тухай хууль нь 2004 онд анх батлагдаж байжээ.  Түүнээс хойш  2006 онд нэг л удаа нэмэлт өөрчлөлт оруулж байжээ. Энэ удаагийн тариалангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын тухай хуулийн төслийг батлуулснаар дараах үр дүн гарах юм. Үүнд: газар тариалангийн үйлдвэрлэлийн хэвийн, тогтвортой үйл ажиллагааг хангах. Ингэснээр хөдөөд ажлын байрыг хадгалах, нэмэгдүүлэхээс гадна үйлдвэрийг түүхий эдийг дотооддоо бэлтгэх. Хөрсийг хамгаалах, үржил шимийг нь сайжруулж, техник, технологийн шинэчлэлийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх. Энэ нь ургацын хэмжээг нэмэгдүүлж, бүтээгдэхүүний чанарыг дээшлүүлэх боломж бүрдүүлнэ. Үүнээс гадна газар тариалангийн бүс нутгийн заагийг тогтоож, тус бүс нутагт үйл ажиллагаа явуулах дэглэмийг тодорхой болгоно. Нөгөө талаас эрчимжсэн хөдөө аж ахуйн үйлдвэрлэл тогтвортой хөгжих боломж бүрдэх юм. Мөн хүн амын хүнсний хангамжийг сайжруулан, хүнсний аюулгүй байдлыг хангах баталгаа бий болно. Тариалан, бэлчээрийн болон эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчдийн үүрэг, хариуцлагыг нэмэгдүүлнэ. Үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх нь газар тариалангийн үйлдвэрлэлийн эрсдэл, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах юм. Мөн энэ хуулийн зорилтыг тариалан эрхлэх, тариалангийн бүс нутгийг тогтоох, тариалангийн газрыг зүй зохистой эзэмших, ашиглах, хамгаалах, газар тариалан болон мал аж ахуйн харилцан хамааралтай холбогдсон харилцааг зохицуулахаар томъёолсон. Нийтлэг үндэслэл, тариалангийн газар, тариалангийн үйлдвэрлэл, тариалангийн газрын хөрсний чанар байдалд тавих хяналт, бусад зүйл гэсэн бүлгүүдээс бүрдэнэ. Нэгдүгээр бүлэгт хуулийн зорилт, тариалангийн хууль тогтоомжийг заах ба тариалангийн үйлдвэрлэлтэй холбоотой нэр томъёог тайлбарлана.

Төрөөс газар тариалангийн талаар баримталж буй бодлого, үйл ажиллагааны үр дүнд тариалалт, ургацын хэмжээ жил дараалан нэмэгдэж, 2010-2012, 2014 онуудад улаанбуудай, төмсөөр тус тус дотоодын хэрэгцээг 100 хувь хангах боломж бүрдсэн. Гэвч 2013 онд дотоодын хэрэгцээт улаанбуудайг 80.0 хувийг, хүнсний ногоогоор дотоодын хэрэгцээний 54 хувийг хангаж байгаа нь газар тариалангийн үйлдвэрлэл тогтворгүй байгаагийн илрэл юм. Мөн аж ахуй нэгжүүд санхүүгийн боломж муутайгаас техник, технологийн шинэчлэл хийж чаддаггүй, энэ нь цаашлаад хөрс хамгаалах болон, үржил шимийг хадгалахад сөрөг нөлөө үзүүлж байгаа юм. Судалгаагаар нийт тариалангийн талбайн 72 хувь буюу 470 орчим мянган га талбай үржил шимийн доройтолд орсон нь тогтоогдсон байна.

Т.АНУ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж