Хуучирсан мэдээ: 2019.05.10-нд нийтлэгдсэн

Богд хан уулын хормойд, хатан Туул голын хөвөөнд орших Зайсан толгой эдүгээ баячуудын хороолол болсон бөгөөд хотынхон “нэг гүүр даваад нэлээн баян, хоёр гүүр даваад хосгүй баян” гэж тоглоом, шоглоомоор нэрлэх болоод удаж буй. Иргэд нь нийслэлдээ хоёр хэсэгт хуваагдан амьдрах болсон шалтгаан нь цэвэр агаар, ногоон бүстэй л холбоотой. Зайсанд хоёр өрөө байр хамгийн хямд нь л 128 саяын үнэтэй ба түүнээс дээш хоёр, гурван тэрбумаар яригдана. Хамгийн гол нь төв, захын хорооллоос илүү амьдрах орчин нь ой модтойгоо ойрхон, бас цэвэр агаартай учраас л тэр.

Өнөөдөр Улаанбаатар хотын нэг хүнд 1.3 ам метр цэцэрлэгжсэн талбай ногдож байна. Энэ нь дэлхийн хотуудын жишгээр авч үзвэл 2-3 дахин доогуур үзүүлэлт юм. Манай улс үндэсний мод тарих өдрийг 2010 оноос хойш уламжлал болгон тэмдэглэж эхэлснээс хойш 2017 он хүртэлх хугацаанд улсын хэмжээнд хоёр сая 22 мянган мод тарьжээ.

Нэг га мод 18 сая шоо метр агаарыг цэвэршүүлж, утаа униарын 30-35 хувийг өөртөө шингээн, дуу чимээний 25 хувийг замхруулж, тоос шороог 76 хувь хүртэл өөртөө барьдаг гэж үзвэл 160 гаруй мянган янданд байгалийн томоохон шүүлтүүр болно гэсэн үг. Өвөл болмогц мод навчаа гөвж, шилмүүсгүй болсон ч агаарын бохирдлыг 40 хувь хүртэл багасгаж, дуу чимээг тэр хэрээр бууруулж чаддаг байна. Харин эдгээр мод ургаж, агаарын бохирдлыг бууруулахад нөлөө үзүүлсэн үү гэдэг нь тодорхойгүй.

                        БУЛАХ БИШ УРГУУЛМААР БАЙНА

Нийслэлийнхэнд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээс өөр амарч, салхилах ногоон байгууламж бүхий томоохон талбай байхгүй. Орон сууцуудын хүүхдийн тоглоомын талбайд ногоон байгууламж бүү хэл сууж тоглох зүлэг ч алга. Барилгын норм, дүрэмд орон сууцны барилгын 500 метрээс нэг километрийн радиуст хамгийн багадаа нэг га талбайд ногоон байгууламж байх ёстой хэмээн заасан ч энэ нь хэрэгждэггүйг хэн бүхэн мэднэ.

Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Нийслэлийн захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр “2016-2017 онд Улаанбаатарын гудамжинд 4081 ширхэг нарс уулнаас авчирч тарьсан. Ургалт 99.6 хувьтай байна” хэмээн мэдээлж байв. Ойн салбарынхны үзэж буйгаар, уулнаас залуу мод авчирч суулгахаасаа өмнө хөрсийг нь урьдчилан бэлдэж, солихгүйгээр тарих нь булсантай ялгаагүй аж. Ялангуяа, нарс нь хөрс голомтгой, элсэрхэг газар ургадаг тул хэр баргийн хөрсөнд “тоож” ургадаггүй байна.

Өөрөөр хэлбэл, нийслэлд мод тарихад хөрс нь доройтож хайрга шиг болсон учраас мод амин чийгээрээ 2-3 жил амьдраад “зүрх нь зогсдог” ажээ. Уулнаас авчирсан модыг амьдруулъя гэвэл хөрсийг нь сольж, дор хаяж 2-3 жил арчилж тордсоноор аливааг эсэргүүцэх дархлаатай болдог байна. Тиймээс модыг хэрхэн зөв тарьж ургуулах талаар Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг суурин дахь МУИС-ийн Ой сургалт, судалгааны сууринаас сурвалжилсан юм.

            ХҮҮХДҮҮД МОД, ӨВС ГЭДГЭЭС ӨӨР ЗҮЙЛИЙГ МЭДЭХГҮЙ БАЙНА

Байгалийн үзэсгэлэнт цогцолборт энэ газарт ойн салбарын мэргэжилтнүүд Ерөнхий боловсролын “Эрдмийн өргөө, Амгалан цогцолбор, 28, 105, 142 зэрэг 10 сургуулийн 50 орчим хүүхэд багш удирдлагуудад мод тарьж ургуулах арга технологийг танилцуулсан юм. Байгаль орчны мэдээлэл сургалтын төвөөс МУИС-ийн Хэрэглээний шинжлэх ухааны их сургуулийн ойн тэнхимтэй хамтран  Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг  “Ойн тухай суралцахуй” анхны сургалтыг зохион байгуулсан нь энэ билээ. Энэ сургалт хүүхдүүдэд анги танхимд суухаас илүү цэвэр агаарт “хичээллэсэн” нь илүү сонирхолтой байсан. Гэхдээ тэднээс байгалийн ухааны хичээлээр “бяцхан шалгалт” авахад ихэнх нь бүдэрчихэв.

Ойн салбарын мэргэжилтнүүд хүүхдүүдэд заг мод үзүүлж “Энэ ямар мод вэ” хэмээн асуухад ихэнх нь нарс, шинэс, улиас гэх мэтээр “бингодно". “Мод гэж юуг нэрлэх вэ” гэсэн асуултад хариулахдаа багагүй дөхүүлж үндэс, мөчрөөс бүрдэнэ хэмээн хэлж байлаа. Хүүхдүүдийн дунд зарим нь байгалийн ухааны хичээл дээр модны тухай үзэж байгаагүй гэсэн гомдол ч цухуйлгав. Энэ үеэр хүүхдүүд мод, өвс гэж нэрлэхээс бус ямар төрлийн мод, ургамал бут сөөг ургадаг вэ гэдгийг хараад ялгаж, таньж мэдэхгүй байгаа нь харагдсан. Ямартай ч энэ бүхэнд хүүхдүүдийн буруу байхгүй.

Хүүхдүүд модны бүтэц, ойн мэдээллийн санг цуглуулагч дата цамхаг, мод үржүүлгийн талбайтай танилцаж, тоглон наадсаар нар шингэв. Тэд эр мод хөвөн хаядаггүй, зөвхөн эм мод нас биед гүйцэхээрээ хөвөнгөө хаядаг болохыг, Монголд ган ганчиг 10 жилийн давтамжтай болж байсныг модны тойрог судлаар хараад мэдэх, залуу болон хөгшин модны ялгаа, шилмүүс, хус, нарс, заг модны тухай маш олон зүйлийг таньж мэдсэн юм.  Энэ бүхнээс хүүхдүүдийн ой тойнд  модыг хэрхэн зөв ургуулах арга техниктэй танилцсан нь тодхон үлджээ.

Зөвхөн тэд ч биш багш нар болон сургуулийн удирдлагууд бүгд мод тарихад нүх ухаж суулгаад услаад л боллоо гэсэн ташаа ойлголттой байсан аж. Мод тарьж ургуулахад хөрсөнд анхаарах хэрэгтэй ба энэ нь бас модныхоо онцлогоос шалтгаалдаг байна. Шилмүүс зөөлөн хөрсөнд ургах бол нарс элсэрхэг газарт ургах дуртай, харин гацуурыг бортогонд ургуулах нь хамгийн сайн ургадаг гэх зэргээр модны төрөл онцлогоос шалтгаалан хөрсөнд анхаарах нь чухал гэж мод үржүүлэгчид хэлж байв. Мөн дор хаяж 2-3 жил усалж арчилсны үр дүнд уулын, таримал ямар ч мод амьдрах чадвартай болдог аж. Харамсалтай нь, энэ арчилгаа дутагдсанаас болж мод хатаж хорчийн, бас хорт хавдраар “шаналж” үхдэг байна. Мод ч бас хүнтэй адилхан амьсгалж өвдөж шаналдаг нь энэ ажгуу. Тиймээс нийслэлээ өнгө үзэмжгүй, үхмэл биш, амьд моддоор гоёхын тулд ямар арчилгаа хийх ёстой вэ гэсэн асуултад ойн салбарын мэргэжилтнүүдээс хариулт авлаа.

УУЛЫН МОДЫГ УЛААНБААТАРТ ТАРЬЯ ГЭВЭЛ ХӨРСИЙГ НЬ БЭЛД

 Байгаль орчны мэдээлэл сургалтын төвийн тэргүүн Л.ТЭМҮҮЖИН:

 -Ой зүйчдийн хувьд ууланд ургасан нас бие гүйцсэн моддыг тарих нь буруу гэж үздэг. Хөрсийг нь бэлдэж, арчилгааг маш сайн хийх ёстой юм. Тухайлбал, нарс мод нь элсэрхэг, устай газар ургадаг байтал Улаанбаатарын ул хөрс нь гарсан хайргад л уулаас авчирсан хөрстэй нь суулгачихдаг. Ингээд тухайн мод хүссэн ч, эс хүссэн ч хоёр жил амин чийгээрээ амьдраад үхдэг. Мод суулгах орчны хөрсийг нь бэлдэж байж тухайн мод ургана гэж үздэг. Тиймээс мод тарина гэдэг утгыг нь хүн бүр сайн ойлгох нь чухал. Хэдийгээр бүх нийтээрээ мод тарьж байгаа нь зөв боловч тарихдаа арго техник талаас нь суралцаж байж мод тарь. Газар ухаад, нүхэнд мод булж болохгүй шүү дээ. Энэ чинь булшилж байна гэсэн үг. Жил бүр хавар, намрын улиралд таригдаж буй модны тоог авч үзвэл өнөөдөр Улаанбаатар ногоон хот болох хэмжээнд очсон. Гэтэл яагаад мод ургахгүй байна вэ? Мэргэжлийн хүмүүсийн заавар зөвлөгөө авч зөв тарих ёстой. Ямар ч модыг тарихдаа үндсийг нь хатаах гэх мэтийн алдаа гаргаж, ургалт нь зогсч байна. Мод тарих явцад гаргадаг хамгийн том алдааны нэг нь модны үндсийг хаврын хавсарга, намрын халуун салхинд хатаадаг. Үүнээс болоод мод ургах чадвараа алддаг. Бас хавар намрын цэнэг усалгаа хийгддэггүй. Тарина гэдэг булна гэсэн үг биш. Хөрсийг урьдчилан бэлдэх хэрэгтэй. Ялангуяа хаврын хавсаргад олон дахин услаагүй мод хатдаг аюултай. Ногоон байгууламжтай болъё гэвэл мэргэжлийн хүмүүсийн үг сонсох нь чухал байна.

МУИС-ийн Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн Хүрээлэн буй орчин ойн инженерчлэлийн тэнхимийн доктор Б.ЦЭНГЭЛ:

Хотын ногоон байгууламжид хавар намар, зуны цэнэг усалгааг маш сайн хийж өгөх хэрэгтэй. Ялангуяа намрын цэнэг усалгааг маш сайн хийх хэрэгтэй. Цэнэг усалгаа хийснээр өвөл хөлдсөн ус нь хавар нь гэсч хөрсөнд чийг өгдөг учиртай. Өвлийн улиралд урдаас оруулж ирүүлээгүй л бол эх орны хөрсөнд ургасан моддыг уут, даавуугаар ороож, бүтээгээд байх шаардлагагүй. Харин үрээр тарьсан моддыг нэг настайд нь үртсээр хучиж манах ёстой. Хотын ногоон байгууламжид  20-50 м-ийн  өндөртэй  12-15 настай шилмүүст модыг тарих ёстой. Гэтэл хүлэмжинд найман нас хүртэл нь арчилж ургуулдаг аж  ахуй нэгж байгууллага ховор шүү дээ. Тэгэхээр уулын модыг ургуулж тарих нь тийм ч буруу биш. Ингэхдээ стандартын дагуу буюу ууланд шигүү ургасан 20-50 м-ийн өндөртэй залуу модыг шилж суулгах ёстой. Нийслэл хотын гудамжинд технологийн дагуу зөв тарьж, суулгасныхаа дараа арчлах ёстой. Нийслэлд уулнаас авчирсан  моднууд үхэж байна гэсэн асуудал яригдаж байгаа нь арчилгаа, үндэс, ухсан нүхнээс шалтгаалж байгаа юм. Модны диаметрийн дагуу нүх ухах ёстой. Модод үхэж байгаа нь хөрсийг нь бэлдээгүй, ухсан нүхний хэмжээ болон арчилгаа дутсанаас л болж байгаа юм.

Олон жил мод тарьж, ухаж авсаар байтал хөрснийх нь үржил шим алдагдсан.  Хотын ногоон байгууламжийн хөрс их доройтсон шүү дээ. Шинэ хар шороо, шим тэжээлтэй хөрсийг нь бэлдэж, үндэс, диаметрийнх нь хэмжээгээр нүхийг нь ухаж суулгаж арчилж байж л уулнаас авчирсан том модод ургана.

Мод бүхэн өөр өөрийн гэсэн биологийн онцлогтой тул тус бүрт нь дасан зохицсон л хөрс бэлдэх хэрэгтэй. Ер нь нийслэлийн ногоон байгууламжид зураг төслийн дагуу тохижилтын ажил хийх ёстой. Гэтэл манайхан хурдан ургадгаар нь навчит мод тарих юм. Энд тэнд завсар зайгүй шилмүүст мод суулгаж байна. Модны хоорондох зай маш чухал шүү дээ. Хотын ногоон байгууламжид цэцгээрээ гоёдог мод тарих хэрэгтэй. Ингэж байж хотын ногоон байгууламжийн өнгө үзэмж сэргэнэ.

МУИС-ийн Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн Хүрээлэн буй орчин, ойн инженерчлэлийн Ойн сургалт судалгааны төвийн менежер Д.МӨНГӨНЦЭЦЭГ: 

Модыг үрээр нь тариад эргүүлэн ойн санг нөхөн сэргээхэд  хамгийн үр дүнтэй. Тарьцаа эргүүлэн ойжуулалтад суулгах нь хамгийн үр дүнтэй. Батсүмбэр сумын  ойжуулалтад 10 мянган тарьц гаргалаа. Зөвхөн ойд тарих биш арчилгаа хэрэгтэй. Мал орохоос сэргийлээд хайс, хашаа хатгаж хамгаалах, эхний сард нь услах хэрэгтэй. Хуурай хөрсөнд мод суулгахаар цангаад үхнэ шүү дээ. Гэтэл өнөөх модоо ургасангүй гээд шөнөд л ачаад явчихдаг. Уг нь хөрсөндөө дасан зохицтол нь арчилбал байгалийнхаа жамаар л ургана.

Хүмүүс нэг мод суулгаж услаад л орхидог. Үүнийгээ мод тарилаа гэж ойлгож болохгүй. Мод тарьж л байгаа бол заавал усалгаа хийх ёстой. Хотын ногоон байгууламжид өөр орчинд ургаж байсан буюу Булган, Хэнтий, Сэлэнгэд ургаж байсан моддыг авчирч тарилаа гэж ярьдаг. Технологийн дагуу суулгаж модоо зөв сонгохгүй бол ургахгүй аажмаар үхнэ. Хөрсийг нь солихгүй бол үндсэнд нь хуурайшилт үүсгэдэг. Ногоон байгууламжтай болох газрын хөрсийг нь маш сайн судлах хэрэгтэй.

Ер нь ногоон байгууламж байгуулах ойн инженерийн боловсон хүчнийг төрөөс бодлогоор дэмжих шаардлага байна. Төрөөс дэмжихгүйгээр бид ойн сан, ногоон байгууламжийн талаар мянга хашгираад нэмэргүй шүү дээ. Хүмүүс нэг мод суулгаж услаад орхидог. Манайхан уулнаас нэг том модыг нийслэлд авчирч суулгаад, цэцэрлэгт хүрээлэнтэй болчихлоо, ногоон байгууламжийг бүрдүүллээ гэх хандлагатай байдаг. Гэтэл ургах чадвар сайтай тарьц модыг тухайн орчинд нь суулгаж, арчилвал уулнаас мод авчирснаас ч илүү сайхан ургана. Өнгө үзэмжийн хувьд ч илүү юм.  Гэхдээ ногоон байгууламжтай болохын тулд төр рүү бурууг чихэх биш, хүн бүр л сэтгэл гаргах хэрэгтэй.

Хашаандаа мод тариад ногоон орчныг нь бүрдүүлэх боломж нь байгаа шүү дээ. Амьдрах орчиндоо цэцэрлэгт хүрээлэн бий болгох боломж нь хүн бүрт байна.  Тиймээс өнөөдрийн сургалтаар хүүхдүүд болон сургуулийн удирдлагууд багш нарт нь мод хэрхэн зөв тарих технологийг танилцуулж байна. Энэ хүмүүс дараа нь байгалиа хайрлах ухамсартай, мод тарих хүсэлтэй болно шүү дээ. Бүгдээрээ биш гэхэд 10 хүүхдийн дөрөв нь гэртээ мод тарьж ургуулах хандлагатай болно гэсэн үг. Тиймээс хүүхэд бүрт бага ангиас нь байгаль орчинтойгоо танилцах практик сургалтыг боловсролын системд суулгах боломжтой.

ОЙН САНГ СЭРГЭЭХЭД МОД ҮРЖҮҮЛГИЙН ТАЛБАЙН МОДДЫГ УУЛАНД ТАРЬЖЭЭ

Үдлэг суурин дахь МУИС-ийн Ой сургалт, судалгааны төвийн мод үржүүлгийн талбайд гацуур, жимс, навчит, шинэс, шилмүүс, гоёл чимэглэлийн мод тарьдаг. Зургаан метр урт хүлэмжид үрээр тарьж буй  нэг настай бяцхан модод байв. Эдгээрийг 2-3 нас хүрэхэд хүлэмжээс гаргаж ойг нөхөн сэргээхээр суулгадаг аж. Үрээр тарьсан мод нэг нас хүртлээ хоёр жил шаардагддаг байна. Үрээр тарьж ургуулахын тулд хөрсөө бэлдэх ба бууц, модны нүүрс, зэрэг олон төрлийн “амин дэм” бүхий тусгайлан бэлдсэн үржил шимтэй хөрсөнд модыг ургуулдаг аж.

Мод “төрүүлэхэд” хөрснөөс гадна усалгаа маш чухал гэж ойн салбарын мэргэжилтнүүд хэлсэн. Хүлэмжид нэг м2 мод тарихад 80 литр хүртэлх ус зарцуулдаг. Мөн агаарын солилцоог маш сайн явуулснаар модыг гадаах талбайд суулгахад эрсдэл багатай учраас хүлэмжийн мод амьдрах чадваргүй байдаг нь эндүүрэл аж. Тэр тусмаа шилмүүст болон навчит модыг хүлэмжид ургуулах нь хамгийн зөв арга юм байна.

АЗИД ЗУРГАА БАЙДАГ ОЙН МЭДЭЭЛЛИЙН САНГИЙН ДАТА ЦАМХАГ МОНГОЛД БАЙНА

Монгол оронд 74 төрөл зүйлийн мод ургадгаас шинэс мод зонхилдог бөгөөд ихэнх нь олон зуун жил амьдарсан хөгшин гэнэ. Батсүмбэр сумын Үдлэг суурин дахь ой нь 200-300 жилийн настай бөгөөд  нарс, шинэс, хуш, гацуур зэрэг холимог моддоос бүрджээ. Гэхдээ шинэс мод буюу хар мод илүү зонхилсон аж. Хөгшин модыг танихад амархан. Өндөр бөгөөд их бүдүүн, өргөн байвал “өндөр настан” гэсэн үг.

МУИС-ийн  Ой сургалт, судалгааны төвийнхөн ойр орчмын ойн модонд бүгдэд нь хадаасаар тэмдэглэгээ тавьсан байх нь тэднийгээ бүртгэдэг учиртай юм байна. Ингэснээр шинэ залуу модод ургасан үгүйг бас мэдэх боломжтой аж. Мөн үр суулгах боломжтой “онцгой” гэсэн моддыг улаан уяагаар тэмдэглэсэн байх юм. Энд хамгийн сонирхолтой нь судалгааны төвөөс хойш  1700 орчим м-ийн өндөрт байрладаг ч газрын 25 м-ийн гүнд мэдрэгчтэй, цамхаг байрлах аж.

Зөвхөн судалгааны төвийн ажилтан л орохыг зөвшөөрч, гаднын хүн орохыг хориглож ногоон торон хашаа татсан энэхүү цамхаг нь ойн бүх мэдээллийг цуглуулдаг тул судалгааны ажлын гол цөм гэхэд болно. Ойн бүх мэдээлэл гэдэгт, уур амьсгалын өөрчлөлт, моддын биомасс буюу амьдрах орчин, чийг зэрэг олон зүйлийг хэлдэг юм байна. Ийм цамхаг Төв Азид ердөө зургаа л байдгийн нэг нь Монголд байгаа нь энэ юм.

МУИС-ийн Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн Хүрээлэн буй орчны Ой судлалын тэнхимийн IV дамжааны оюутан Б.НАЦАГДОРЖ:

-Энэ цамхаг нь маш олон төрлийн судалгаа явуулдаг. Мэдрэгч нь газрын гүнд байрласнаар цэвдгийн хэлбэлзлийг тогтоодог. Мөн нарны гэрэл газрын гадаргууд болон модны титэмд хүрэлцээтэй очиж байна уу, ойж буй гэрлийн хэмжээ хэр их вэ, салхины нөлөөлөл, жилд үйлдвэрлэж буй карбонийн хэмжээ зэрэг маш олон зүйлийг судалдаг ач холбогдолтой. Мөн ойн санд температурын хэмжилт бичиж байдаг. Мод хөгшрөх тусмаа өсөлт нь удааширдаг. Энэ бүслүүрт жилд 200-240 мм хур тунадас унаж байгаа нь маш бага хэмжээ юм. Агаарын найрлагад 70 хувь нь азот байдаг хэдий ч мод нь ийм хэмжээний азотыг нэгтгэж авч чаддаггүй. Дээрээс нь хөрснөөс азотыг авч байдаг юм. Уулын мод урттай өргөнтэй гэж хүмүүс ярьдаг.Энэ нь мод бүхэн өөр өөрийн гэсэн генетик, өвөрмөц шинжтэй юм. Аливаа өвчнийг эсэргүүцэх чадвартай маш сайн дархлаатай мод байхад өвчинд тэсвэргүй үхдэг мод ч бас байна гэлээ.

Ойн хомсдолын 90 хувь нь хүний буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй. Үүний ихэнх хувийг гал түймэр эзэлдэг бол үлдсэн хэсгийг хулгайн мод огтлох бизнес эрхлэгчид эзэлж байгаа юм.

Сүүлийн таван жилийн байдлаар жил бүр 100-800 мянган га ой мод гал түймэрт үнс нурам болсон байна. Гэтэл нэг талбайн ой мод нэг жилд дунджаар 5-6.5 тонн нүүрс хүчлийн хийг шингээж 3.5-5 тонн хүчил төрөгч ялгаруулж, 18-20 хүний нэг жилийн хэрэгцээг хангадаг. Харамсалтай нь, манай улс ой модоор маш ядуу орон бөгөөд ойн нөөц 1.243.426.310 шоометр байна. Үүний 78.9 хувь шинэс бол 9.3 хувь нь хуш, 6.18 хувийг хус мод, гацуур 0.23 хувь, 0.2 хувь улиас, 0.051 хувь улиангар, 0.007 хувь хайлаас, 0.27 хувийг бургас тус тус эзэлдэг.

Ийм ой модоор хомс орны хувьд мод үржүүлгийн газрыг хөгжүүлж төрөөс бодлогоор дэмжсэнээр ойн нөөцөд үнэтэй хувь нэмэр оруулаад зогсохгүй нийслэлийн ногоон байгууламжид өнгө нэмэхэд ч бас чухал ач холбогдолтой. Ой мод байхгүй бол амьдрал үгүй учраас хэрэв нэг мод огтолсон бол хоёр мод тарих нь чухал гэдгийг энд тодотгоё. Үүний тулд ойн инженер, ойн салбарын мэргэжилтнүүдийг бэлтгэх нь чухал асуудлын нэг болсон тул энэ чиглэлээр мэргэжилтэн бэлтгэхэд төрөөс бодлогоор дэмжих зайлшгүй шаардлагатай юм.

Өдгөө МУИС-ийн Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн Хүрээлэн буй орчин ойн инженерчлэлийн тэнхимд ердөө дөрвөн оюутан суралцаж, тэдэнд зургаан багш ногдож буй нь энэ чиглэлээрх боловсон хүчнийг бэлдэх хэрэгцээ ямар чухал болохыг харуулна. Энэ чиглэлээр суралцах элсэгчдийн тоо жилээс жилд цөөрч байгаад анхаарлаа хандуулах цаг нэгэнт болжээ. Ой зүйчид бол ойн санг баяжуулах, уул уурхайн нөхөн сэргээлт, хотын ногоон байгууламжийг хөгжүүлэх, ногоон орчинтой хороолол барих зэрэгт бүхий л салбарт эрэлт хэрэгцээтэй хүмүүс юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж