УИХ-ын хамгийн залуу гишүүн Д.Гантулга хүчингийн хэрэгт холбогдож, өөрийн хүсэлтээр гишүүнээсээ түдгэлзэх хүсэлтээ өгсөн. УИХ ч түдгэлзэх хүсэлтийг нь хүлээн авч, 2018 оны зургадугаар сарын 18-ны өдөр чөлөөлсөн байдаг.
Гишүүнээсээ чөлөөлөгдөөд байгаа Д.Гантулгын асуудлаар бараг бүтэн жилийн дараа Үндсэн хуулийн Цэцэд гомдол иржээ. Бүр дөрвөн иргэнээс ирсэн гурван өөр өргөдөл ч нэг утгатай байсан аж.
Энэ гомдлыг анх судлаач Д.Ганхуяг УИХ-ын гишүүн асан Д.Гантулгыг бүрэн эрхээс нь чөлөөлсөн УИХ-ын тогтоол Үндсэн хууль зөрчсөн гэж үзэж, гомдлоо тавдугаар сарын 6-ны өдөр Цэцэд өгсөн. Ингэхдээ "Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1 дэх заалт, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг,Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн энэхүү мэдээллийг гаргаж байна" гэжээ.
Яг ийм утга бүхий гомдол Үндсэн хуулийн Цэцэд дахин хоёр иржээ. Тодруулбал, судлаач Д.Ганхуяг гомдол гаргасны дараа дахин хоёр иргэн хамтран гомдол гаргасан бол бас нэг иргэн дангаараа Д.Гантулгыг чөлөөлсөн нь Үндсэн хууль зөрчсөн гэсэн гомдол гаргаад байгаа аж.
Үндсэн хуулийн Цэцэд гомдол ирсэн тохиолдолд Цэцийн гишүүн хүлээн авч, гомдол хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор маргаан үүсгэх эсэхийг шийдэх учиртай.
Хэрэв гомдол хүлээж авсан Цэцийн гишүүн маргаан үүсгэх шийдвэр гарсан тохиолдолд 30 хоногийн дотор Цэцийн хуралдаанд бэлтгэх ёстой. Хуралдаанд бэлтгэсний дараа хуралдааныг товлоно. Нөгөө талаар Үндсэн хуулийн Цэц Үндсэн хуулийн зөрчлийн шинж агуулаагүй гэх үндсэлэлээр иргэдийн өргөдөл, мэдээллээр маргаан үүсгэхээс татгалзах шийдвэр гаргахыг үгүйсгэж болохгүй. Одоогоор энэ асуудлаар Үндсэн хуулийн Цэц маргаан үүсгэх эсэх шийдвэрээ гаргаагүй байгаа юм.
Чухам яагаад бүтэн жилийн хугацаа өнгөрсөн байхад гомдол гаргаагүй хэрнээ Хэнтий аймгийн 42-р тойрог буюу Д.Гантулгын орлох нөхөн сонгууль товлосон, ердөө сарын дараа болох гэж байхад гурав, дөрвөөрөө нэг утга бүхий гомдлыг Цэцэд гаргах болов. Чухам Хэнтий аймгийн 42-р тойргийн нөхөн сонгуулийг зохион байгуулахгүй байх сонирхол хэнд байна вэ.
Одоогоор нөхөн сонгуульд оролцох хүсэлтээ 11 нам хүргүүлсэн. Намууд тавдугаар сарын 24-28-ны өдрүүдэд нэр дэвшигчээ тодруулж, бичиг баримтыг нь Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлэх ёстой. Нөхөн сонгууль зохион байгуулах төсөв батлагдаж, хэсгийн хороод, сонгогчийн нэрсийн жагсаалт, саналын хуудас гээд маш их хэмжээний зардал төлөвлөж, эхнээс нь зарлагадаж байхад ийм шийдвэрийг Цэцэд гаргана гэдэг өөрөө нөхөн сонгууль болох уу гэдэг асуултыг араасаа дагуулна. Нөгөө талаар хуулийн процессыг харвал сар гаруй хугацааны дараа болох нөхөн сонгуулийн өмнө Цэц шийдвэрээ гаргах болов уу.
Энэ мэт Хэнтий аймгийн нөхөн сонгууль болох, болохгүй нь эргэлзээ төрүүлээд байгаа ч нэр дэвшихээр горилогчид болон намууд аль хэдийнэ 42-р тойргийг услаад эхэлсэн. Энэ сонгуульд хамгийн их ач холбогдол өгч буй МАХН-ын хувьд намын дарга Н.Энхбаярыг сойх сонирхолтой байгаа бол Ардчилсан намын зүгээс Хэнтий аймгийн Засаг дарга асан Ж.Оюунбаатарыг зүтгүүлж буй. Харин МАН-ын хувьд намын дарга У.Хүрэлсүх нэр дэвшиж магадгүй гэсэн таамаг бий. Учир нь тэрбээр энэ өдрүүдэд Хэнтий аймагт ажиллаж, олон асуудал шийдэж байгаа юм.
Нөхөн сонгуульд оролцох хүсэл, зорилготой намууд нь усалгаа хийх зуур хэн нэгэн 42-р тойргийн нөхөн сонгуулийг зохион байгуулахгүй байх арга эрсээр, Цэцийг “тойглож” эхлэв.
Судлаач Д.Ганхуягийг Цэцэд гомдол гаргахад Ерөнхийлөгчийн “захиалгаар” гэж хардах хүн олон байсан. Түүний дараагийн гомдол гаргагчид ч мөн судлаач Д.Ганхуягтай ижил утга илэрхийлсэн гэхээр Цэцэд ирсэн гурван гомдлын ард нэг хүн байна. Харин тэр нь улс төрийн хүрээнийхний хардаж буй Ерөнхийлөгч үү, эсвэл өөр нэгэн үү.
Ямартай ч Цэцийн гишүүд ойрын хугацаанд УИХ-ын гишүүн асан Д.Гантулгын асуудлаар маргаан үүсгэх эсэхийг шийднэ. Харин тэр шийдвэр ирэх зургадугаар сарын 30-нд болох нөхөн сонгуулийн хувь заяаг эргүүлэх ч юм бил үү, харах л үлдлээ.
Ш.ЧИМЭГ
Холбоотой мэдээ