Шинжаанд нөхцөл байдал ямар байна вэ?

Хуучирсан мэдээ: 2019.05.10-нд нийтлэгдсэн

Шинжаанд нөхцөл байдал ямар байна вэ?

Шинжаанд нөхцөл байдал ямар байна вэ?

Охидын амьдарч байсан өрөөнд цаг хугацаа зогссон мэт хоёр жилийн өмнө ямар байсан тэр чигээрээ байх аж. Эмээ нь тэднээс үлдэж хоцорсон хувцсыг үнэрлэх төдийхнөөр сэтгэлээ дэвтээн сууна. Охидын ээж Адиба Хаярат 2017 онд 8 настай Ансила, 7 настай Нурсила нарыг дагуулан Шинжаан-Уйгурыг зорьсон байна. Харин Казахстаны Алматы хотноо нөхөр нь есөн сартай Нурмекений хамт үлдэж хоцорчээ. Адиба Хаярат Хятадын алс баруун хязгаарын Шинжаан-Уйгурт суух эцэг, эхээ эргэнгээ нүүр будалтын курст суралцах зорилготой байсан аж. Гэвч удалгүй нөхөрт нь Адибаг хоригдсон тухай мэдээ ирсэн байна. Үүнээс хойш тэрбээр эхнэрийнхээ сургийг ховорхон олж сонсчээ.

“Ой ч хүрээгүй эхээсээ хагацсан хүү нь хөршийн эмэгтэйчүүдийг харахаараа "Ээж ээ" гэж дууддаг” хэмээн нөхөр Эстен Эрбол нулимс дуслуулан өгүүлнэ. Адиба Хаярат болон охид нь Хятадын иргэншилтэй ба Шинжаанд өсч торнижээ. Харин хүү нь Алматы хотод төрсөн аж. Тэд Казахстан улсын иргэншил авахаар хөөцөлдөж байсан ч Адиба Хаярат хоригдсон байна.

Хятадын албаныхан түүнийг Шинжаан-Уйгур дахь албадан боловсрол олгох төвд хорихдоо охидыг нь холын хамаатнуудад нь үлдээжээ. Сүүлд Адиба суллагдаж, эцэг эхийнхээ гэрт очсон боловч албадан хөдөлмөр эрхлэх газарт ажиллаж байгааг найзаараа дамжуулан дуулжээ.
Албадан хөдөлмөр эрхлүүлэх замаар Хятадын албаныхан хорих төвөөс суллагдсан хүмүүсийг хараандаа байлгадаг аж. Адиба дахиж хоригдохоос айсандаа Казахстан дахь гэр бүлийнхэнтэйгээ холбоо ч барилгүй, маш бага цалингаар ажилладаг байна.

АНУ-ын төрийн департментаас мэдээлснээр, Шинжаанд уйгурт казах, киргиз болон бусад исламын шашинт үндэсний цөөнхийн хоёр сая орчим хүн хоригдож байгаа аж. Үүнээс гадна Адибатай адил нөхцөл байдалд Хятадаас явж чадалгүй албадан хөдөлмөр эрхэлж буй хүмүүсийн тоо тодорхойгүй. Хятадын засгийн газраас Шинжаан-Уйгурт соёлын хувьсгал явуулах нэрийдлээр өнгөрсөн гурван жилийн хугацаанд олон тооны хорих төвийг байгуулжээ.

Бээжин нь исламын шашинт иргэдийг шашин, ёс заншлаа орхиж, Хятадын соёлыг хүлээн авахыг тулгадаг аж. Гэхдээ хорих төвөөс суллагдсан иргэдийн мэдээлснээр тэнд эрүү шүүлт, залхаан цээрлүүлэлт хэрэглэдэг байна. Улмаар АНУ тэргүүтэй олон улс Хятадын засгийн газрыг хүний эрхийг зөрчсөн үйлдлээ зогсоохыг шаардаж, хурцаар шүүмжилсээр буй юм. Харин Бээжингээс эрүү шүүлт тулгадаг гэх цуурхал бол улс төрийн зорилготой тархи угаалт хэмээгээд, терроризмтой тэмцэх зорилгоор аман сургалтын хөтөлбөр явуулдаг гэж мэдэгджээ. Гэвч Эстен Эрбол “Миний эхнэр террорист биш” хэмээн тайлбарлаж байна.

АНУ-ын конгресст өнгөрсөн нэгдүгээр сард танилцуулсан мэдээллээр, хоригдож байгаад суллагдсан иргэд заналхийлэл дор маш бага хөлсөөр хямд өртөгтэй бараа үйлдвэрлэдэг аж. Эстен Эрболын Шинжаан дахь найзын хэлснээр албадан хөдөлмөр эрхэлж буй иргэдийн паспортыг Хятадын албаныхан хураан авсан учраас Адиба Казахстан руу буцах боломжгүй болжээ. Тэрбээр эхнэртэйгээ шууд харилцаж чадахгүй, бас өөрөө Шинжаанд яваад очиж чадахгүй шаналж буй юм байна. Тэрбээр Шинжаанд эхнэрээ хайхаар очвол бас баригдаж хоригдохоос эмээж байгаа аж. Гэр бүлийхэн нь Адибагийн талаар мэдээлэл авахаар Хятадын Гадаад хэргийн яаманд хандсан ч хариу өгдөггүй байна.

“ШИНЭ ГАЗАР НУТАГ”

Шинжаан нь 22 сая хүн амтай Хятадын хамгийн сийрэг суурьшилтай бүс нутаг. Тус бүс нутагт олон төрлийн үндэстэн оршин суудаг ч исламын шашинт, турк хэлээр харилцагч уйгур үндэстэн олонхыг бүрдүүлдэг. Уйгур үндэстэн нь Хятадын хан үндэстнээс хэл, соёлоор тэс өөр бөгөөд 200 жил хүрэхгүй хугацаанд Бээжингийн харьяалалд оршиж байна. Шинжаан нь “шинэ газар нутаг” гэж орчуулагддаг. Улмаар хэл, соёлын ялгаа нь хоёр үндэстний хооронд байнгын зөрчил үүсгэж, 2009 оны долдугаар сард болсон уйгуруудын  том хэмжээний бослогоос хойш Бээжин нь Шинжаанд хяналтаа нэмэгдүүлэх болсон.

Бослогын үеэр Урумчи хотод нутгийн иргэд хутга, чулуугаар зэвсэглэн үймээн дэгдээж, танхайрсан ба хариуд нь Хятадын цэргийнхэн “хэрцгий” ажиллагаа явуулжээ. Хятадын хэвлэлд мэдээлснээр, бослогын улмаас 197 хүн амь үрэгдсэн байна.

“CNN” агентлагийн сэтгүүлч өнгөрсөн гуравдугаар сард Хятадын албаныхны зөвшөөрлөөр Шинжаанд аялахад хаа сайгүй цагдаа, цэргийнхэн эргүүл хийхийг ажиглажээ. Өдгөө Шинжааны олон хотод, гудамжны өнцөг булан бүрд хяналтын камер суурилуулсан ба үүгээр хүмүүсийн царайг таньж, үйл хөдлөлийг нь хянадаг байна. Мөн цагдаа нар бүс нутаг даяар цагдаагийн пост байгуулж, хүмүүсийн паспортыг шалгадаг ба гар утас зэрэгт нь зөвшөөрөл, тайлбаргүйгээр электрон төхөөрөмж залгаж, мэдээллийг нь хуулбарлаж авдаг аж.

Шинжаан дахь хятад иргэдийн хувьд амьдрал нь харьцангуй тайван ба тэд цагдаагийн постоор иргэний үнэмлэхээ далласан болоод хялбар өнгөрдөг байна. Бүтэн долоо хоногийн аяллын хугацаанд өөр ямар ч үндэстэн ийм эрх эдлээгүй гэж сэтгүүлч ярьжээ. Харин уйгур үндэстнүүдийн хувьд ердөө зах орох, найзтайгаа уулзахаар гэрээсээ гарахад замдаа олон тооны цагдаагийн шалгалтад саатан хэдэн цагийн хугацаа зарцуулах болжээ.

Түүнчлэн Шинжааны төв телевизийн мэдээгээр, тогтмол сүржин ая дээр терроризмын заналхийллийн талаар мэдээлдэг аж. Хятадын албаныхан хэдэн сарын өмнө гадаадын сэтгүүлчид, дипломатуудыг урьж, Шинжаанд зургаан хоногийн аялал зохион байгуулжээ. Энэ үер тэднийг гурван хотод байрлах гурван өөр төвийн үйл ажиллагаатай танилцуулсан байна. Мөн эдгээр төвийн үйл ажиллагаа нээлттэй, ямар нэгэн хүч хэрэглэх асуудал байхгүй гэдгийг сайтар тайлбарлажээ. Гэхдээ энэ аялалд багтсан Барууны ганц хэвлэл нь “Reuters” байсан ба “CNN” агентлагаас Шинжааны төвүүдийн үйл ажиллагаатай танилцах хүсэлт тавихад татгалзсан хариу өгчээ.

“CNN” агентлагийн сэтгүүлч Шинжааны баруун өмнөд хэсгийн Артукс гэх жижиг хот дахь төвд нэвтрэхийг оролдоход харуулууд зогсоож, бичлэг хийхийг хориглосон байна. Боловсрол олгох төв гэхэд барилга нь өндөр ханаар хүрээлүүлж, төмөр тор татаж, өндөр хамгаалалттай байх нь шоронтой илүү төстэй аж. Түүнчлэн сэтгүүлчийг орон нутгийн иргэдтэй ярилцлага хийх гэхэд хориглож зогсоожээ.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
39
ХарамсалтайХарамсалтай
13
БурууБуруу
8
ТэнэглэлТэнэглэл
5
ХөөрхөнХөөрхөн
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж