Мэдээллийг тэнцвэртэй, хүртээмжтэй хүргэх нь олон нийтийн мэдээллийн хэрэгслийн үүрэг. Гэвч мэргэжлийн сэтгүүлчдийн бэлтгэсэн мэдээ, материалыг хүлээн авагч, хэрэглэгчдийн нэг хөгжлийн бэрхшээлтэй иргэнд мэдээлэл хүргэж байгаа хэвлэл мэдээллийн байгууллага гэвэл Монголд “Монголын үндэсний олон нийтийн телевиз”-ийн “Цагийн хүрд” хөтөлбөрөөс өөр байхгүй гэж хэлж болно.
Монгол Улсад хөгжлийн бэрхшээлтэй 105600 орчим хүн бий. Тэдний 24 мянга орчим нь хэвлэл мэдээллийн хэрэгслээс мэдээлэл авч чаддаггүй байна. Тэр дундаа харааны бэрхшээлээс шалтгаалан мэдээлэл авч чадахгүй байгаа 11 мянган иргэн байдаг. Тиймээс тэдэнд ямар хэлбэрээр мэдээлэл хүргэвэл зохимжтой талаар “Харааны бэрхшээлтэй хүмүүсийн инноваци, хөгжлийн төв”-ийн тэргүүн М.Цэнгэлээс тодрууллаа.
Дэлгэц дээрх текстийг дуу авиа руу хөрвүүлдэг дэлгэц уншигч программыг ердийн компьютерт суулгаснаар текстэн мэдээллийг тухайн хэрэглэгч сонсох боломжтой юм. Үүний тулд сайтууд уг программд нийцүүлэн бага зэрэг нэмэлт, өөрчлөлт хийх шаардлагатай байгаа юм байна.
-Харааны бэрхшээлтэй хүнд цахимаар мэдээлэл хүргэхдээ ямар технологи ашиглавал илүү хялбар байна вэ?
-Вэбсайтууд хөгжлийн бэрхшээлтэй хүнд мэдээлэл хүргэхдээ, тэр дундаа томоохонд тооцогдох сайтууд нь өөрсдийн хамтран ажилладаг программ хөгжүүлэгч компанийн программистууд, ажилчдаар дамжуулан үндсэн вэбэд бага зэргийн өөрчлөлт оруулахад хангалттай.
-Өөрчлөлт оруулна гэдгийг тодруулахгүй юу. Хэр хэмжээний өртөг, цаг хугацаа шаардах вэ?
–www.wcag.org (West county assembly of good) болон webaim.org (Web accessibility in mind) сайтаас харааны бэрхшээлтэй хүмүүст зориулан сайтууд хэрхэн мэдээлэл түгээж болох талаарх мэдээллийг үнэ төлбөргүй авч болно. Программ хөгжүүлэгчид код, загвар жишээний дагуу нэг удаа ажиллахад л болно. Энэ ажил маш хялбар. Программыг бага зэрэг өөрчилнө гэдгийг хүндээр тусгах хэрэггүй. Ямар нэг өртөг шаардахгүй.
Сайтууд өдөр бүр мэдээ оруулахдаа материалынхаа гарчгийг тодруулах, догол мөр авах зэргээр ямар нэгэн дэглэлт хийдэг. Ингэхдээ гарын авлага дээр байгаа код бичилт, зааврын дагуу мэдээ, материалаа оруулснаар харааны бэрхшээлтэй хүн дэлгэц уншигч программын тусламжтайгаар тухайн мэдээллийг ямар ч бэрхшээлгүйгээр хүлээн авах юм. Бичиг баримт засварлахтай ижил.
“Харааны бэрхшээлтэй хүмүүсийн инноваци, хөгжлийн төв” төрийн бус байгууллагын зүгээс вэб хөгжүүлэгч компаниудад энэ талаар сургалт зохион байгуулж болно. Мэргэжлийн программистууд болохоор бүр илүү чадварлагаар энэ асуудалд хандах байх. Бидний зүгээс тэдэнд энэ талаарх мэдээллийг хүргэж болно гэх үү дээ. Мөн дээр дурдсан гарын авлага бэлтгэж байгаа байгууллагын загвар, код бичилтийг монгол тайлбартайгаар гаргаж, төлбөргүй тарааж болно. Ингээд уг зааврын дагуу ажиллахад л хангалттай.
-Харааны бэрхшээлтэй иргэдийн хувьд дэлгэц уншигч программ дээр ажиллах, цахим сайтаас мэдээллээ хүлээн авах чадвар хангалттай гэж бодож байна уу?
-Харааны бэрхшээлтэй хүмүүсийн дунд компьютер, гар утас дээр хэрхэн ажиллах сургалт болдог. Дэлгэц унших программ Монголд нэвтрээд гурван жил болсон байна. Өөрөөр хэлбэл, харааны бэрхшээлтэй хүн сайтаас мэдээлэл хүлээн авах чадамж, эрэлт нь бүрдсэн, гэвч мэдээллийн хүртээмж дутагдалтай байна. Харааны бэрхшээлтэй хүмүүст зориулсан мэдээллийн маш том зах зээл байна. Монголд 11 мянган харааны бэрхшээлтэй хүн бий. Мөн хараа нь суларсан ахмад настай хүнд зориулан сайтын үсгийн фондыг томруулах, өнгө тохируулах боломж, сонголттой болгосноор энэ зах зээл улам өргөжих юм.
Холбоотой мэдээ