УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар УИХ-ын гишүүн С.Бямбацогтоос Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай болон Эдийн засгийн өршөөлийн тухай хуулийн төсөл хэлэлцэхтэй холбогдуулан Хууль зүйн болон Сангийн сайдад тавьсан асуулгын хариуг сонсохоор төлөвлөсөн байсан. Харин Хуульзүйн сайд Д.Дорлигжав Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих, Эдийн засгийн өршөөлийн тухай хуулийн төсөл хэлэлцэх асуудал нь зарим аж ахуйн нэгжүүдийн нэр дурдагдах тул хаалттай хэлэлцүүлнэ үү гэсэн горимын санал гаргасан байсан юм.
Хуралдааныг хаалттай явуулах саналаар санал хураалт явуулахад дэмжлэг авсангүй. Тиймээс чуулганы хуралдаан нээлттэй үргэлжилж байна.
Татварын асуудалтай холбоотойгоор сүүлийн жилүүдэд 82 хүн ял шийтгүүлжээ. Торгох ял эдэлж байгаа нэг хүн байгаа аж. Цагдаагийн байгууллагын эрх бүхий ажилтан 2015 он гарснаар 4950 хүн, 58 аж ахуйн нэгжид торгох шийтгэл ногдуулжээ.
Татварын ерөнхий газрын дарга Б.Ариунсангийн хэлснээр цагдаа хүчний байгууллага дээр сүүлийн гурван жилд 11 мянга 260 аж ахуй нэгжид эрүүгийн хэрэг үүссэн байна. Нэг эрүүгийн хэрэг дээр 300-400 аж ахуй нэгж байх жишээтэй. Харин НӨАТ-ын хуурамч падаан үйлдсэн 3600 аж ахуй нэгж цагдаа дээр шалгагдаж байгаа аж. Тэдэнд хуулиар захиргааны хариуцлага байгаа учраас өнөөдрийг хүртэл шалгагдаад өмч хөрөнгүүд нь барьцаанд байгаа аж. Харин прокурорын байгууллагаас өгсөн мэдээллээр Эрүүгийн хуулийн 166-р зүйлд заасан 194 хүнд холбогдох 60 хэрэг хуулийн байгууллагад шалгагдаж байгаа юм байна. Өнгөрсөн онд 700 гаруй хүн шалгаж байсан бол эдгээрээс зарим нь татвараа төлснөөр энэ тоо 194 болж багасчээ.
Чуулганы хуралдаан үргэлжилж байна.
С.ОТГОН