Бүгд найрамдах Энэтхэг улсын нарийн мэргэжлийн, мэс заслын 17 эмчийн бүрэлдэхүүнтэй баг тавдугаар сарын 7-16-ны өдрүүдэд ЭХЭМҮТ, ГССҮТ, Шастины нэрэмжит 3-р эмнэлэг, “Амгалан” амаржих зэрэг эмнэлэгт ажиллан сургалт зохион байгуулж, тоног төхөөрөмж гардуулан үзлэг хийж байна. Зарим эмчилгээний дараа хагалгаа хийж эмнэлгийн тусламжийг хүргэж байгаа аж.
Энэтхэг улсаас нарийн мэргэжлийн эмч нар VTT төслийн хүрээнд иржээ. Энэ жилийн төслийн хүрээнд 17 эмчийн баг бүрэлдэхүүн манай улсад ажиллаж үнэ төлбөргүй үзлэг, хагалгаа хийж байна.
VTT төсөл нь 2017 оны тавдугаар сард анх эхлэхдээ Энэтхэгийн нарийн мэргэжлийн 27 эмчийн бүрэлдэхүүнтэй баг манай улсад ажиллаж, эмнэлэгүүдэд сургалт зохион байгуулж, дурангийн мэс заслын тоног төхөөрөмж, мэс заслын багаж бэлэглэж Монгол Улсад дурангийн нарийн мэргэжлийн хагалгаа хийх боломжтой болсон байна. Мөн 2018 оны хоёрдугаар сард зүрхний төрөлхийн болон олдмол гажигтай 10 хүүхдэд Фортис эмнэлэгт үнэ төлбөргүй мэс засал хийжээ. Энэ удаа ЭХЭМҮТ, ГССҮТ, Шастины нэрэмжит 3-р эмнэлэг, “Амгалан” амаржих газар зэрэг эмнэлэгүүдэд буцалтгүй тусламжаар 10 мянган ам.долларын өртөг бүхий нарийн мэргэжлийн мэс заслын тоног төхөөрөмжийг гардуулж өгч байгаа аж.
Холбоотой мэдээ