-“World Masters”-т манай 14 жүдоч зодоглоно-
Морокко улсын Рабат хотноо дэлхийн жин, жингийн шилдэг 16 жүдочдын “World masters” тэмцээн ирэх амралтын өдрүүдэд буюу тавдугаар сарын 23-24-д болно. Дэлхийн чансаанд эхний 16-д бичигддэг шилдэг тамирчдын оролцдог энэхүү тэмцээнд 50 орны эрэгтэй 114, эмэгтэй 111, нийт 225 жүдоч зодоглох юм. Монголын багийн ахлагчаар МЖБХ-ны гүйцэтгэх захирал М.Бөхбат, Д.Нармандах, дасгалжуулагчаар О.Балжинням, Д.Баттулга, Х.Эрдэнэт-Од нар ажиллаж байна.
“World Masters”-т манай 14 жүдоч (эрэгтэй 10, эмэгтэй 4) дэлхийн шилдгүүдтэй зодоглоно. Үүнд, эрэгтэй 60 кг дэлхийн аварга, Гавьяат тамирчин Г.Болдбаатар, Д.Амартүвшин, Г.Хэрлэн, 66 кг-д Д.Төмөрхүлэг, 73 кг-д Олимпийн хүрэл медальт, Гавьяат тамирчин С.Ням-Очир, Олимпийн хүрэл медальт, дэлхийн аварга Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар, Г.Одбаяр, 81 кг-д О.Ууганбаатар, 100 кг-д олимпийн алт, мөнгөн медальт Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр, +100 кг-д Д.Өлзийбаяр нар зодоглоно.
Мөн эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд дэлхийн аварга, Гавьяат тамирчин М.Уранцэцэг, 52 кг-д А.Цолмон, 57 кг-д А.Сумъяа, 70 кг-д 2015 оны Ази тивийн аварга Ц.Наранжаргал нар багтжээ.
Монголын жүдоч:
Эрэгтэй:
60 кг – Г.Болдбаатар, Д.Амартүвшин, Г.Хэрлэн
66 кг – Д.Төмөрхүлэг
73 кг – С.Ням-Очир, Х.Цагаанбаатар, Г.Одбаяр
81 кг – О.Ууганбаатар
100 кг – Н.Түвшинбаяр
+100 кг – Д.Өлзийбаяр
Эмэгтэй:
48 кг – М.Уранцэцэг
52 кг – А.Цолмон
57 кг – А.Сумъяа
70 кг – Ц.Наранжаргал.
Нийт 200,000 ам.долларын шагналын сантай тус тэмцээний жин бүрийн аварга олимпийн эрхийн 700 оноо, мөнгөн медаль 420 оноо, хүрэл медаль 280, шагналт V байр 140, VII байр 112 оноо тус тус авах аж.
Ч.БОЛОР