Зарим томилгоог хийж, Байнгын хороодын дарга нарыг сонголоо

Хуучирсан мэдээ: 2019.05.09-нд нийтлэгдсэн

Зарим томилгоог хийж, Байнгын хороодын дарга нарыг сонголоо

Зарим томилгоог хийж, Байнгын хороодын дарга нарыг сонголоо

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2019.05.09/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10.14 цагт 58.7 хувийн ирцтэй эхэллээ. Хуралдааны эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар энэ өдөр тохиож буй Аугаа их ялалтын 74 жилийн ойн баярын мэндийг нийт монголчууддаа уламжилсан.

Тэрбээр, 71 сая хүний халуун амийг авч одсон, хүн төрөлхтөн хор уршгийг нь хэзээд үл мартах Дэлхийн хоёрдугаар дайн дуусч, фашимзыг ялсан түүхт 74 жилийн ойн өдөр Москва хотноо Улаан талбайд болох баярын арга хэмжээнд монгол хүүхдүүд ая дуугаа өргөж байгааг дуулгаад эрхэм гишүүддээ, ард иргэддээ монголчуудын оролцоотойгоор бий болсон ялалтын баярын мэндийг дахин хүргэе гэлээ.

Ашигт малтмалын тухай, Газрын тосны тухай, Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хууль санаачлагчид нь буцаалаа

Энэ өдрийн хуралдаанаар хэлэлцсэн эхний асуудал нь Ашигт малтмалын тухай, Газрын тосны тухай, Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудал байлаа. Дээрх асуудлыг нэгдсэн хуралдааны 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэж эхэлсэн бөгөөд гишүүд хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, хариулт аваад байсан юм.

Өнөөдрийн хуралдаанаар хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хэлэлцэхийг дэмжээгүй учир хуулийн төслүүдийг хууль санаачлагчид нь буцаалаа.

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТАМГЫН ГАЗРЫН ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГААР ЛУВСАНДОРЖИЙН ӨЛЗИЙСАЙХАНЫГ ТОМИЛЛОО

Үргэлжлүүлээд Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргыг чөлөөлөх, томилох тухай асуудлыг хэлэлцлээ.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон нь өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг бичгээр гаргасан тул Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт “Тамгын газрыг хууль зүй, улс төрийн өндөр мэргэшил бүхий Ерөнхий нарийн бичгийн дарга удирдах бөгөөд түүнийг Улсын Их Хурлын даргын санал болгосны дагуу Улсын Их Хурал томилж, чөлөөлнө” гэж заасныг үндэслэн Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргаар Лувсандоржийн Өлзийсайханыг томилуулахаар санал болгож буйгаа танилцуулав.

Нэр дэвшигч Л.Өлзийсайхан нь 1975 онд төрсөн. 1998 онд МУИС-ийн Хууль зүйн дээд сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгсөж, 1999 онд хууль зүйн ухааны магистр хамгаалсан байна.

Тэрбээр 1998-2002 онд МУБИС, 2002-2015 он хүртэл МУИС-ийн Хууль зүйн сургуульд багш, ахлах багш, 2007-2012 онд Улсын Их Хурлын Тамгын газрын Эрх зүй, хууль тогтоомжийн хэлтэст зөвлөх, ахлах зөвлөх, 2012 онд Улсын Их Хурлын даргын Хууль зүйн бодлогын зөвлөх, 2013-2015 онд Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын албанд газрын дарга, 2015-2017 онд шүүгч, 2017-2018 онд Улсын Их Хурлын Тамгын газарт Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын албаны ахлах зөвлөх, 2018-2019 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт газрын даргаар тус тус ажиллаж байсан. 2019 оноос Улсын Их Хурлын даргын ахлах зөвлөхөөр ажиллаж байгаа гэлээ.

Л.Өлзийсайхан нь төрийн албанд 21 жил, үүнээс 8 жилд нь Улсын Их Хурлын Тамгын газарт ажиллаж байгаа дадлага туршлагатай төрийн албан хаагч бөгөөд хуульд заасан шалгуур, шаардлагыг бүрэн хангаж байгааг УИХ-ын дарга танилцуулгадаа дурдсан.

Төрийн байгуулалтын байнгын хороо энэхүү асуудлыг 05 дугаар сарын 08-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцсэн бөгөөд тус Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Н.Амарзаяа танилцуулсан.

Тэрбээр, “Цэдэвийн Цолмонг өөрийнх нь гаргасан хүсэлтийг үндэслэн Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн болно.

Лувсандоржийн Өлзийсайханыг Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргаар томилуулах саналыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэйгээр дэмжсэн” гэлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, М.Энхболд, Г.Тэмүүлэн, С.Бямбацогт, Ц.Даваасүрэн, Ш.Раднаасэд, Ц.Нямдорж нар байр сууриа илэрхийлсэн. Гишүүд Улсын Их Хурлын Тамгын газрын даргаар ажиллаж байсан Ц.Цолмон төрийн захиргааны хууль зүйн асуудал хариуцсан төв байгууллагад 10-аад жил мэргэшиж ажилласан, хууль зүйн салбартаа тодорхой түвшинд бэлтгэгдсэн, онолын мэдлэг боловсрол эзэмшсэн, монголын төрд шат дараалан бэлтгэгдсэн боловсон хүчин гэдгийг онцолсон. Түүнийг Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийг амьдрал дээр бодитой хэрэгжүүлж, тэрхүү хуулийн дагуу улсын хэмжээнд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн асуудлаар хэлэлцүүлэг зохион байгуулж, олон үнэтэй саналуудыг хуримтлуулсан гэдгийг дурдаж байлаа. Түүнчлэн УИХ-ын үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцөл боломжийг бүрдүүлэх чиглэлээр олон ажил хийснийг гишүүд дуулгаад, Улсын Их Хурлын Тамгын газрын шинэ дарга түүний ажлыг үргэлжлүүлэн, илүү сайн ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.

Ингээд Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргыг томилох, чөлөөлөх асуудлаар санал хураалт явуулж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар Ц.Цолмонг Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэгт ажлаас чөлөөлж, Л.Өлзийсайханыг Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргаар томиллоо.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ АУДИТОРООР Д.ЗАНДАНБАТЫГ ТОМИЛОВ

Дараа нь Монгол Улсын Ерөнхий аудиторыг чөлөөлөх, томилох тухай асуудлыг хэлэлцэв. Монгол Улсын Ерөнхий аудиторыг чөлөөлөх, томилох тухай саналыг УИХ-ын дарга Г.Занданшатар танилцуулсан юм.

Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатарыг албан тушаалаас нь  түдгэлзүүлсэнтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхий аудиторын бүрэн эрхэд хамаарах аудитын тайланг баталгаажуулах үүрэг хууль тогтоомжийн дагуу хэрэгжихгүй, хууль зөрчигдөх нөхцөл үүсээд байгаа учир төрийн аудитын байгууллагын үйл ажиллагааг хэвийн явуулах үүднээс түүнийг албан тушаалаас нь чөлөөлөх саналтай байгаагаа УИХ-ын дарга илэрхийлсэн.

Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатарыг жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн хөнгөлттэй нөхцөлтай зээл авсан асуудалтай нь холбогдуулан УИХ-ын 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 86 дугаар тогтоолоор албан тушаалаас нь түдгэлзүүлсэн. Авлигатай тэмцэх газраас Д.Хүрэлбаатарын хөнгөлөлттэй зээл авсан асуудлыг мөрдөн шалгаж байгаагаа албан бичгээр мэдэгдсэнээс гадна Д.Хүрэлбаатарыг албан тушаалаас нь түдгэлзүүлсэнтэй холбогдуулан аудитын тайланг баталгаажуулах үүрэг хууль тогтоомжийн дагуу хэрэгжихгүй, хууль зөрчигдөх нөхцөл байдал бий болоод байгаа талаар Үндэсний аудитын газраас мөн албан бичиг ирүүлсэнийг УИХ-ын дарга дурдаад Д.Хүрэлбаатарт ёс зүйн хариуцлага хүлээлгэж Төрийн аудитын тухай хуульд заасны дагуу үүрэгт ажлаас нь чөлөөлөх саналтай байна гэлээ.

Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Их Хурлын тухай хууль, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль, Төрийн аудитын тухай хуульд заасныг үндэслэн Д.Занданбатыг Монгол Улсын Ерөнхий аудитороор томилуулах саналаа мөн танилцуулсан юм.

Нэр дэвшигч Д.Занданбат 1967 онд төрсөн, МУИС-ийн Эдийн засгийн сургуулийг эдийн засагч мэргэжлээр, “Отгонтэнгэр” дээд сургуулийг эрх зүйч мэргэжлээр, Монгол Улсын Эрдмийн их сургуулийг төрийн захиргааны менежментийн мэргэжлээр төгссөн, Төрийн захиргааны удирдлагын магистр зэрэгтэй аж.

Тэрбээр, Баянзүрх дүүргийн татварын хэлтэст улсын байцаагч, Нийслэлийн татварын газарт улсын байцаагч, Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн дарга, Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын дарга, нийслэлийн Хан-Уул дүүргийн Засаг дарга, нийслэлийн Сүхбаатар дүүргийн татварын хэлстийн дарга, Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга, мөн яамны Санхүү, эдийн засгийн хэлтсийн дарга, Хөрөнгө оруулалт, үйлдвэрийн хэлтсийн дарга, Татварын ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдон ажиллаж байжээ.

Төсвийн байнгын хороо энэ асуудлыг 05 дугаар сарын 07-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцсэн бөгөөд Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Д.Хүрэлбаатарыг Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалаас чөлөөлж, Д.Занданбатыг Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалд томилохыг дэмжсэн хэмээн УИХ-ын гишүүн Н.Амарзаяа танилцуулсан юм.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн. Гишүүд, Аудитын ерөнхий газрыг удирдахдаа санхүүгийн хараат бус, бие даасан байдлыг хангаж ажиллах, төрийн мөнгийг зүй зохистой зарцуулсан эсэхэд хяналт шалгалт, аудит хийхдээ олон улсын аргачлалыг ашиглах, аудиторуудыг мэргэшүүлэх, тогтвортой ажиллуулах талаар анхаарч ажиллахыг захиж байлаа. Дараа нь хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар Д.Хүрэлбаатарыг Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалаас чөлөөлж, Д.Занданбатыг Монгол Улсын Ерөнхий аудитороор томиллоо.

ЗАРИМ БАЙНГЫН ХОРООДЫН ДАРГЫГ СОНГОЛОО

Мөн хуралдаанаар Зарим Байнгын хорооны даргыг сонгох тухай асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэв.

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Х.Болорчулууныг сонгохыг тус байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн хэмээн УИХ-ын гишүүн А.Сүхбат танилцуулсан.

Төсвийн байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнг улируулан ажиллуулахаар тус байнгын хорооны гишүүд тогтсон болохыг УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат танилцуулав.

Эдийн засгийн байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарыг сонгохоор гишүүдийн олонх дэмжсэн гэж УИХ-ын гишүүн Б.Баттөмөр танилцуулсан бол Өргөдлийн байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн М.Оюунчимэгийг улируулан ажиллуулах нь зүйтэй гэж тус байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх үзсэн хэмээн УИХ-ын гишүүн Ц.Гарамжав танилцуулгадаа дурдсан.

Байнгын хороодын санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Д.Лүндээжанцан нар байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Байнгын хороодын саналыг дэмжсэнээр Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Х.Болорчулууныг, Төсвийн байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнг улируулан, Эдийн засгийн байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарыг, Өргөдлийн байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн М.Оюунчимэгийг улируулан сонголоо хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж