Иргэн, захиргааны хоорондох ангалд гүүр тавина

Хуучирсан мэдээ: 2015.05.22-нд нийтлэгдсэн

Иргэн, захиргааны хоорондох ангалд гүүр тавина

“Эрх зүйт төр-Эрхэм зорилго” олон улсын онол практикийн бага хурал өнөөдөр Төрийн ордноо боллоо. Онол практикийн  бага хурлын хүрээнд Захиргааны эрх зүй, Эрүүгийн эрх зүй сэдэвт салбар хуралдаанууд болж, хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.

Эрх зүйт төрийн нэг үндэс нь  шүүхийн хяналт гэж Хуульзүйн сайд асан Х.Тэмүүжин Захиргааны эрх зүйн салбар  хуралдаанд тавьсан илтгэлдээ дурдсан юм. Монгол Улсад  Захиргааны хэргийн  шүүх байгуулагдаад арван жил болж байна. Хэдийгээр ардчилсан Үндсэн хуулиа батлаад  арав гаруй жил болсон ч Захиргааны хэргийн шүүх байгуулахад иргэд “Дарга нарын шүүх” гэж  ойлгож байжээ. Харин өдгөө Захиргааны хэргийн шүүхийн ач холбогдлыг томоор харж,  хандах нь нэмэгдсэнийг энэ салбарынхан сайшааж байна.

Эрхзүйт төрийн үндсэн  шинж нь захиргааны шүүхтэй  байх.  Энэ утгаараа эрх зүйт төрийн үед иргэд төрийн зорилгодоо хүрэх арга хэрэгсэл нь биш, харин иргэн өөрөө төрийн зорилго нь байх  ёстой. Төр нь иргэн зөвхөн үүрэг хүлээлгэх бус, харин иргэн төр хоёр харилцан адил эрх үүрэг эдлэх бөгөөд энэхүү харилцааг нь Үндсэн хуулиар баталгаажуулах ёстой гэж  үздэг юм байна. Ерөнхийдөө  хүний үндсэн эрхэд үндэслэлгүйгээр халдаж болохгүй гэдэг санаа.

Захиргааны эрх зүйн салбар хуралдаанд УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин “Захиргааны хууль ёсны үйл ажиллагаанд хяналт тавих суурь нь Захиргааны ерөнхий хууль болно” илтгэл тавьсан. Түүний хувьд саяхан УИХ-д өргөн барьсан Захиргааны ерөнхий хуулийн  Ажлын хэсгийг ахалж байгаа. Тэрбээр “Монгол Улсад хуулийн засаглал бий болгоход  чиглэсэн маш чухал сэдвийг хөндөж байна.  эрхзүйт төрд  парламентын, шүүхийн гэсэн хоёр хяналт бий. Эндээс шүүхийн хяналт нь  олонхи байхыг  шаарддаггүй, бүх нийгмийн хүрээ орж болдогоороо хүчтэй механизм. Энэ утгаараа үр нөлөөтэй, хүчтэй хяналт бол  шүүхийн хяналт  юм. Захиргааны хэргийн дагнасан шүүх байгуулагдсанаар иргэн шүүхээр дамжуулж эрхээ хамгаалах боломжтой болсон сайн талтай. Захиргааны шүүх иргэний гомдол, эрх ашиг, мэдрэмжээр явдагаараа хүчтэй байдаг. Өмнө нь  захиргаа хүний эрхийг зөрчиж байгаа мэдээллийг хэвлэл мэдээллийн хуудас төдийхнөөс олж үздэг байсан бол өнөөдөр энэ эрхээ шүүхээр хамгаалуулдаг болжээ.  Энэ бол дэвшил. Өнөөдөр захиргаа хуулиас давсан хэм хэмжээ тогтоосон бол хууль  зөрчсөн гэж үзэж байна. Монгол Улс 10 жилийн өмнө Захиргааны шүүх байгуулсан процессын хуулиа  батлаагүй  өнөөдрийг  хүрсэн.  Өнөөдөр иргэд, төрийн албан хаагчдыг тойрсон шүүмжлэл хавгайрсан. Иргэн, захиргаа хоёрын хооронд үүсээд байгаа ангалд   тавих гүүр нь  Захиргааны ерөнхий хууль  юм” хэмээн онцолсон юм. УИХ-д өргөн баригдсан Захиргааны ерөнхий хуулийн төслийг боловсруулахад хуулийн  салбарынхны  10 жилийн хөдөлмөр,  хуулийн төсөл дээр  сүүлийн хоёр жил ажилласан эрдэмтэн судлаачдын хичээл зүтгэл, эрх зүйт төр бэхжүүлэхээр Монгол Улсад  20  жил үйл ажиллагаа явуулж буй Ханс –Зайделийн сангийн  дэмжлэг байгааг  бага хуралд оролцогчид онцолж  байлаа.

Харин дараа нь “Орчин үеийн Үндсэн хуульт төрийг байгуулахад чиглэсэн Монгол Улсын замнал Герман хуульчийн нүдээр” сэдэвт илтгэлийг ХБНГУ-ын Бавари муж улсын Захиргааны сургуулийн доктор Ю.Харбих  тавьсан. Тэрбээр “Монгол Улс 1992 онд Үндсэн хуулиа баталснаар эрх  зүйт төрөө баталгаажуулсан. Харин 1995 онд Монголын Засгийн газартай Германы Ханс-Зайделийн сан хамтран ажиллахаар  тохиролцож, Монгол Улсад эрхзүйт төрийг бэхжүүлэхийн төлөө дэмжлэг туслалцаа үзүүлж иржээ.  Өнөөдөр гүйцэтгэх эрх мэдэл, шүүх эрх мэдлийн хооронд хурцадмал  байдал байсаар байна. Ийм үе Герман улсын түүхэнд ч байсан.  Энэ хурцадмал  байдлаас гарахад шүүх эрх мэдэл, гүйцэтгэх эрх мэдэл хоёулаа тэвчээртэй байх  хэрэгтэй. Ямагт шүүхийн шийдвэрийг хүндэтгэх учиртай юм. Монгол Улс Захиргааны хэргийн шүүх байгуулж,  иргэд нь үйлчлүүлж байгаа нь сайшаалтай. Гэхдээ Захиргааны ерөнхий хууль батлаагүй нь энэ салбарын түвэгтэй асуудал болж байна. Герман улс Захиргааны шүүх ажилласан 150 жилийн туршлагатай. Гэхдээ дарангуйлагч удирддаг улсад энэ шүүх зорилгоосоо өөр зарчмаар ажиллах юмуу татан буугддаг. Герман улс захиргааны ерөнхий хуульгүй нэлээн удсан. 1860 онд Захиргааны шүүх байгуулсан нь 1976 онд  захиргааны ерөнхий хуулиа баталж байсан юм Эрх зүйт төрийг чухалчилдаг  Герман улс шиг цаг үед Монгол Улс ирээд байна. Монгол Улс заавал  Герман шиг удалгүй  хуулиа батлаасай  гэж хүсч байна” гэсэн юм.

Бага хуралд оролцогчид Монгол Улсад Захиргааны ерөнхий хуулиа хурдан баталж дахин нэг алхам урагшлах шаардлага байгааг  хэлж байв. Доктор Ю.Харбих  Монголын төрийн байгууллага иргэнээ хэзээ ч обьект гэж хандаж  болохгүйг илтгэлийхээ төгсгөлд анхааруулсан.

 Захиргаа  хуулийн  дагуу ажиллах, захиргааны шүүх  чиг  үүргээ хэрэгжүүлэхэд  гол хөшүүрэг нь процессийнматериаллаг хуулиа  цаг алдалгүй батлах  явдал гэдэг дээр санал нэгдлээ.

Ингэж чадвад Монгол Улс “эрх зүйт төр”, “ухаалаг төр”-ийг байгуулах эрхэм зорилго биелүүлж, хүний эрхийг улам баталгаажуулж чадна гэж хуулийн салбарынхан дүгнэж байна.

С.ОТГОНСҮРЭН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж