&#34Тодорхойгүй асуудлуудаа орхиод өөрсдөөс шалтгаалах зүйлсээ хийх гарц бий&#34

Хуучирсан мэдээ: 2015.05.22-нд нийтлэгдсэн

&#34Тодорхойгүй асуудлуудаа орхиод өөрсдөөс шалтгаалах зүйлсээ хийх гарц бий&#34

Монгол Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэлтэй ярилцлаа.

 

-Татварын орчны өөрчлөлт гэж нэлээд яригдаж байна. Ерөнхий сайд татвар нэмэхгүй гэж мэдэгдсэн. Харин өнгөрсөн долоо хоногийн чуулганаар Нийслэлийн татварын талаар хэлэлцлээ. Татвартай холбоотойгоор УИХ-д хэлэлцэгдэж байгаа бүх асуудлын талаар Та тойм мэдээлэл өгнө үү?

 

-Макро эдийн засгийн ерөнхий байдал тааруу байгаа. Эдийн засгийн идэвхжил буурсан ийм нөхцөлд шинээр татвар оруулж ирэх нь тохиромжгүй. Тиймээс ч “Буруу цагт, буруу байдлаар, буруу татвар оруулж ирлээ” гэдгийг хэлсэн. Өнөөдөр шинэ төрлийн татвар оруулж ирэх биш харин татварын орчныг шинэчлэх ёстой юм. Өөрөөр хэлбэл, татвар төлөгч-төр хоорондын татварын харилцааг ил тод, шударга, нээлттэй, төр нь татвар төлөгчдөө хүндэтгэж үйлчилдэг байдал руу оруулах ёстой.

 

Ийм харилцааг төлөвшүүлэхээр Татварын ерөнхий хуульд шинэчилсэн найруулгын шинжтэй өөрчлөлтүүд хийхэд би 2 сар зарцуулсан. Том, жижиг гэлтгүй бизнес эрхлэгчдийн зүгээс татварын талаар ярьдаг, шүүмжилдэг, санал болгодог асуудлуудыг олон жил сонссон, мэднэ.

 

Шүүх цагдаа, хууль хяналтын байгууллагаас татвар төлөгчид рүү хэт их ханддаг. Асуудлыг эрүүжүүлдэг буруу практикийг засах зорилгоор энэ хуульд өөрчлөлт оруулах төслийг боловсруулснаа УИХ-д өргөн барилгүй, Засгийн газарт шилжүүлсэн.

 

-Татварын ерөнхий хуульд найруулгын шинжтэй өөрчлөлт хийсэн гэлээ, тухайлбал ямар шинэчлэл вэ?

 

-УИХ-ын гишүүн Засгийн газартай адилхан хууль санаачлагч субьект хэдий ч татвартай холбоотой хуулийн төслийг Засгийн газраар дамжуулан өргөн барих нь зүйтэй гэж үзээд, ийм жишиг тогтоосой гэж бодсон. Гол санаа бол татварын тогтолцоог эрүүжүүлэх биш эрүүлжүүлэх юм. Мөн төр-татвар төлөгчийн харилцааг тэгш, шударга болгох, маргаан шийдвэрлэхдээ татварын асуудлаар мэргэшсэн шинжээчдийн төлөөлөл бүхий чадвар, чадавхтай, төр-хувийн хэвшлийн оролцоог тэгш хангасан орчин үеийн механизмыг суулгаж өгөх, татвар төлөгчийн үүрэг, эрхийг тэнцвэржүүлэх талаас нь анхаарч, татвартай холбоотой бүх харилцаа, нөхцөл байдлыг зохицуулахаар оруулсан. Саяхан УИХ-ын даргын захирамжаар ажлын хэсэгт УИХ-д суудалтай бүх намын төлөөллийг оруулсан. Одоо ажлын хэсэг ажиллаж эхэлнэ, ерөнхий хуулийн шинэчлэлийн талаар ярилцана. Мөдхөн Засгийн газар өргөн барих болов уу.

 

-Таныг хуулийн төслөө хүлээлгэж өгөхөөс өмнө Засгийн газрын боловсруулсан татварын хуулийн шинэчлэлийн төсөл бас яригдаж байсан?

 

-Тийм, одоо хувилбаруудаа нэгтгээд өргөн барих биз. Тус хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, НӨАТ-ыг буцаан олгох, 50 сая төгрөгөөс дээших босго тогтоох зэрэг асуудлыг ажлын хэсэг ярилцах юм. Үр дүн нь татварын реформ байх ёстой. Манай улсад татварын ачаалал бодит байдал дээр их байгаа. Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар төлөгчдийн ихэнх нь жижиг, дунд компаниуд байгаа, үүнийг тооцсон өөрчлөлт ч орох юм.

 

-Таны ярьж буй эдгээр санал татварын орчинд бодит ажил болох магадлал хэр вэ?

 

-Ажлын хэсэг л үндсэн зохицуулалт, өөрчлөлтийг ярилцах учраас хуулийн төсөлд тусгагдах боломж бий. Эдийн засгаа хэрхэн сэргээх вэ, Тавантолгойн гэрээ явах уу гээд суусаар бид нэлээд хугацаа алдлаа. Тодорхойгүй асуудлуудаа орхиод, өөрсдөөс шалтгаалах зүйлсээ хийх гарц бидэнд бий. Тухайлбал, татварын орчноо сайжруулаад, шаардлагатай бол эдийн засгийн өршөөлийн асуудлаа шийдээд, ил тод, шударга зарчмаар үргэлжлүүлье. Өнгөрсөн хугацаанд болж байсан эдийн засгийн хямралуудаас дүгнээд харахад ямар ч үед хүндрэл, хямралыг үүрч гардаг хөдөө аж ахуй, аж үйлдвэр, барилга, бөөний болон жижиглэнгийн худалдаа гэсэн секторууд байдаг. Хөдөлмөрийн багтаамж ихтэй секторууд эдийн засгийн идэвхжлийг хангаж байгаа ба ингэснээрээ олон нийтэд хүртээмж нь илүү байдаг. Эдгээрийг дэмжээд явахад эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлыг дотоод нөөц бололцоо, инерциэрээ туулаад гарах боломж харагдаж байгаа юм. Том төслүүдийг л явуулахгүй бол өөр аргагүй мэт яриад байгаа нь буруу.

 

Уул уурхайд тулгуурласан Монгол Улсын хөгжлийн загварыг мөнхийн юм шиг бодож байна. Гэтэл дэлхийн хандлага, түүн дотроо цаг уурын өөрчлөлтийн эдийн засаг гэж бий. Энэ нь Монгол Улсад илт мэдэгдэж байна. Цөлжилт хүчтэй явагдаж байна. Газар нутгийн сул цөлжилт 70 гаруй хувьтай, энэ нь эрчимжих шинж чанартай.

 

-Энэ байдлыг мэдэрч, үүнийг тооцож эдийн засаг болон нийгмийн амьдралдаа уялдуулсан шийдэл, хэлбэрийг өнөөдөр явуулж чадаж байгаа юу?

 

-Хийж байна. 2040 он хүртэлх Монгол Улсын хөгжлийн бодлогод үүнийг тусгах ёстой. Ус дагаж бид амьдарна, гэтэл гадаргын ус болон гүний усны харьцаа, ашиглалт ямар байгаа билээ? Буруу байгаа, өөрөөр хэлбэл 70:30 парадокс гэж нэрлэдэг дээ. Гүний ус нь бага хэрнээ тэрийгээ илүү их ашигладаг. Тийм учраас резервуарууд нь их. Ус, цөлжилт гээд цаг уурын өөрчлөлт бидний хүссэн, эс хүссэнээс үл хамааран амьдрал, хөгжил, эдийн засагт нөлөөлнө. Тиймээс цаг уурын өөрчлөлтийн мэдрэмжтэй эдийн засгийн бодлого зайлшгүй шаардлагатай. Бид зөвхөн уул уурхай гэхгүй байдлыг бүтнээр нь, үйл явцаар нь хардаг парадигм гэдэг зүйлээ шинэ түвшинд аваачих цаг болсон. Тэр нь уур амьсгалын өөрчлөлтийн мэдрэмжтэй эдийн засгийн бодлого, уул уурхайн бус эдийн засгийн секторуудыг түлхүү хөгжүүлэх бодлого юм. Үүнд томоохон хөтөлбөр, бодлого зайлшгүй хэрэгтэй. Мах, сүү, арьс, шир гэх мэт экспортоо дэмжихээс гадна уламжлалт бус хэлбэрүүдийг бий болгох хэрэгтэй.

 

-Жишээлбэл…?

 

-Сүүлийн 10-аад жил Монгол Улсаас ганц, хоёрхон удаа экспортлогдоод зогссон 20-30 нэр төрлийн бүтээгдэхүүн байна. Малын гаралтай, өвс ургамлын гаралтай, эсвэл цоо шинэ тоглоом гэх мэт. Энэ бүхэн ердөө ганц, нэгхэн удаа гарсан байгаа юм. Гарсан гэдэг нь гарах боломжтой гэсэн үг. Тэгвэл дахиж гараагүй шалтгааныг тодруулж, үүнд дэмжлэг үзүүлэх нь зүйтэй. Монгол Улс одоо байгаа дээрээ нэмээд жилд 4-6 нэр төрлөөр экспортоо нэмэгдүүлэх зорилт тавих юм бол эдийн засгийн өрөөсгөл бүтцээ засах оролдлого болно. Энэ мэт тодорхой ажлуудыг хийх ёстой.

 

-Хэн хийх ёстой гэж?

 

-Төр хууль эрх зүй болон эдийн засгийн орчныг нь бүрдүүлж өгөөд хувийн хэвшил л хийнэ. Өөр хэн ч хийхгүй. Уул уурхайн салбарын талаар миний байр суурь гэвэл Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын баримт бичигт өөрийн гараар томьёолж оруулсан заалт бий. Ер нь уул уурхайн салбарт төр стратегийн зохицуулагчийн үүрэг гүйцэтгэнэ. Орчныг бүрдүүлж, эрх зүйг хангана, төрийн өмчит-тухайлбал “Эрдэнэс Тавантолгой” ХК шиг компаниуд бол хувийн хэвшилтэй зэрэгцэж нүүрс ухах нь буруу. Төрийн өмнөөс стратегийн гэгдэх ашигт малтмалын ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах ерөнхий гэрээлэгчийн үүргийг л гүйцэтгэх нь зөв. Ердөө ерөнхий гэрээлэгч. Компанийн тухай ойлголтод алтан хувьцаа гэж бий. Төр хориг тавих давуу эрх бүхий нэг ширхэг алтан хувьцаа эзэмшинэ. Төр стратегиа хэрэгжүүлье гэж бодвол хувийн хэвшил, гадаадын хөрөнгө оруулагчдад, тэр дотроо төрийн өмчит үйлдвэрийн газруудтайгаа хамтран ажиллах нэг хэлбэр нь энэ юм. Жишээлбэл, “Эрдэнэс Тавантолгой” ХК-д Тавантолгой мэтийн стратегийн ордыг эргэлтэд оруулахад гэрээлэгчийн эрхийг олгоод, өөрөө алтан хувьцаа эзэмшээд, ажлын явцад төрийн стратеги хэрэгжихгүй, буруу тийш хазайх үед хориг тавьдаг эрхтэй байх юм. Үндэсний компаниуд, тэдгээрийн консорциум, гадаадын хөрөнгө оруулагчид зэрэг нь операторын үүрэг гүйцэтгэнэ. “Эрдэнэс Тавантолгой” ХК ерөнхий гэрээлэгч, төр алтан хувьцаа эзэмшигч, бусад нь операторууд. Төр стратегиа хэлсэн, операторууд ерөнхий гэрээлэгчтэй нөхцөл болзлоо тохироод гэрээгээ хийнэ.

 

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны 10 орчим хувийг худалдан авсан 600 гаруй компани бий. Тэдгээрийн зорилго нь үйл явцад оролцох, тиймээс давуу эрхтэйгээр туслан гүйцэтгэгчээр гэрээлэх бололцоо олгох нь зүйтэй. Харин ард түмэнд уул уурхайгаас орж ирсэн орлогыг хуваарилж, хүртээдэг “Баялгийн сан”, “Хүний хөгжил сан”, “Тэтгэврийн сан” зэргээр дамжуулан Тавантолгойн ордын үр ашгийг хүртэж болно. Төрийн энэ механизмыг ил тод, шударга болгох нь зүйтэй. 1072 хувьцааны хувьд эдийн засгийн утга учиргүй, Тавантолгойн орд ямар ч эргэлтэд ороогүй байхад арифиметикийн хэдэн үйлдэл хийгээд л хуваарилчихсан. Энэ хувьцаа саналын эрхгүй, ганц давуу тал нь ногдол ашгийг хамгийн түрүүнд хүртдэг.

 

-Япон Улстай эдийн засгийн хамтын ажиллагааны гэрээ байгуулсан. Үүн шиг эдийн засгийн хувьд үр ашигтай байх боломжтой, үндэсний үйлдвэрлэгч, баялаг бүтээгчдэд дэмжлэг болохуйц ямар олон улсын гэрээ, хэлцлүүдийг УИХ соёрхон баталсан бэ?

 

-Япон Улстай гэрээ байгуулсан, урьд нь Европын Холбооны Улстай GSP+ гээд тодорхой тооны нэр төрлийн бүтээгдэхүүнээ гаргах бололцоо үүссэн. Гэтэл экспортлох бүтээгдэхүүн бий билүү?

 

Засгийн газрын мөрийн хөтөлбөрт миний оруулсан “Уул уурхайн орлогоос уул уурхайн бус экспортыг дэмжих сан байгуулна” гэдэг хөтөлбөр. Одоо бид уул уурхайн бус экспортыг онцгойлон авч үзэж байж гадаад улс орнуудтай хийсэн өргөн боломж бүхий эдийн засгийн гэрээ, хэлэлцээрийн үр ашгийг хүртэнэ. Одоогоор бол манайд дотоод зах зээл рүү чиглэсэн, эсвэл импортыг орлох бүтээгдэхүүний үйлдвэрлэл хөгжиж байна. Гурав дахь төрөл нь уул уурхайн бус экспорт. Энэ төрлийн бизнес, үйлдвэрлэлийг төр илүү дэмжих учиртай.

 

Монгол Улс бол хоёр Гуливер зах зээл дунд байгаа Лилипот эдийн засаг юм. Ийм эдийн засгийн хувьд хэн ч маргахааргүй маш энгийн аксиом байдаг. Тухайн улс амжилттай хөгжиж, өрсөлдөх чадвартай байхын тулд энэ хоёр Гуливер эдийн засгийн худалдаа, эдийн засгийн дэглэмээс илүү чөлөөтэй дэглэмийг бид хэрэгжүүлснээр экспорт өснө. Бид өнөөдөр Хятадын зүүн хойд муж, Оросын Сибирийн бүс нутгийн эдийн засгийг эзэлж авах бодлого барих ёстой. Зорилтот бүс нутагтаа экспортын маркетингийн судалгаа явуулж, бодлого хэрэгжүүлэх нь зүйтэй. Цаашлаад зөвхөн мах, ноос, ноолуур төдийгүй бусад төрлийн бүтээгдэхүүн экспортлох хэрэгтэй.

 

Тав дахь жилдээ ярьж байгаа нэг сэдэв бий, бууз. Үүний үр дүнд өнөөдөр БНХАУ руу тухайн улсын иргэд буюу хятад хүмүүсийн таашаал, хэрэгцээнд нийцсэн буузыг экспортлох болж байна. Оросын "бууз" племени-г монгол хүн идэх гэвэл бараг амнаас нь уначихна. Гэтэл Оросын зах зээл бол том зах зээл. Бид зуун зууны турш махаа гулуузаар нь гаргаж ирсэн. Одоо бид анх удаа буузаа экспортлох гэж байна. Ингэснээр бид мах, гурил, дээр нь монгол хүний хөдөлмөрийг экспортолж байгаа хэрэг. Зөвхөн мах, махан бүтээгдэхүүн төдийгүй ноос, ноолуурыг зорилтот бүс нутгийнхаа хэрэглэгчдийн таашаал, хэрэгцээ, хүсэлд нийцүүлэн үйлдвэрлэж чадах юм бол боломж өргөн бий. Хятадад бол манай “Өгөөж”-ийн боорцог эрэлттэй. Таваг засаад тавихад л дорхноо дуусдаг. Тэндхийн хүмүүсээс асуухаар “Танай гурил өөр, илүү гоё” гэж хариулдаг. Энэ бол байж болох экспортын хувилбар. Энэ мэтээр экспортыг нэмэгдүүлэх олон хувилбар байж болно, зах зээл ч бий.

 

Тиймээс уул уурхайн бус экспортыг дэмжих үндэсний хөтөлбөр гэдгийг УИХ-аас ч юм уу, Засгийн газраас гаргаад ирэх жилүүдэд хэрэгжүүлэх нь зүйтэй. Өөрөөр хэлбэл, экспортлох боломжтой бүхнийг гаргадаг, түүнийг нь зохих хэрээр дэмждэг байх нь зүйтэй. Экспортын бүтэц нь ашигт малтмал, түүхий эд 95 хувь, бусад нэр төрлийн бүтээгдэхүүн 5 хувь байдаг өнөөдрийнх шиг биш 70:30 гэсэн зорилттой байвал энэ нь хөгжил рүү хөтөлнө.

 

-Төр, засгаас энэ чиглэл рүү анхаарч ажилладаг. Гэхдээ яагаад үр дүн гардаггүй юм бэ?

 

-Гарч байгаа ч тэрийг шууд мэдрэх аргагүй.

 

-Эдийн засагч хүний тань хувьд асууя, дэлхийн эдийн засгийн өнөөдрийн дүр зураг ямар байна вэ?

 

-Их ойлгомжтой, өсөлт нь 1.5-5 хувьтай байна. Өөрөөр хэлбэл, унжгар байна гэсэн үг. Энэ байдал 2016, 2017 онд үргэлжилсээр 2018 оноос бараг зэрэг сэргэлт ажиглагдана. Европын холбоо, Ази, Америк бүгд өсөлттэй байна. Африкийн орнуудын эдийн засгийн өсөлт бол 3-5 орчим хувь байгаа. Монгол Улс тэр хандлага руу орж байна. Одоогоор манай эдийн засаг 5 гаруй хувьтай л байгаа шүү дээ.

 

-2015 он дундаа орж байна. Монгол Улсын эдийн засгийн байдал ямар байна вэ?

 

-Макро эдийн засгийн үзүүлэлтүүдээ харвал төлбөрийн бланс, түүний дотор гол бүрэлдэхүүн нь болох урсгал бланс гэхэд нэмэх тэмдэгтэй. Өөрөөр хэлбэл, экспорт нь их, импорт бага. Тэгсэн атлаа чанарын үзүүлэлт буюу худалдааны өсөлт талаас нь харвал экспортын үнийн өсөлт нь импортынхоо үнийн өсөлтөөс дутуу.

 

-Хэлбэр сайн, чанар тааруу …

 

-Хэлбэр сайтай юм гэтэл хажуугаар нь өр ба ДНБ-ний харьцаа. Өрөө хэрхэн төлөх вэ гэдэг асуудал бий. Өр гэдэг үнэндээ аймшигтай зүйл биш, удирдаж болно. Мөдхөн өрийн стратегийн төлөвлөгөөнд ороод ирнэ.

 

Макро эдийн засгийн дүр зураг ерөнхийдөө ийм байна. ДНБ 5 орчим хувьтай, урьдын адил уул уурхайдаа найдсан өсөлт явах нь. Эдийн засгийн дотоод идэвхжлийг макро эдийн засгийн бодлогоор, үндсэн чиглэл, төсвийн бодлогоороо хангаж өгөх ёстой. Инфляцийн хувьд ямартай ч нэг оронтой тоонд байна. Валютын ханш тогтворжих хандлагатай. Чангарах дүр зураг харагдахгүй байна, яагаад гэвэл учиргүй их мөнгө цутгачих тийм үйл явц эдийн засагт харагдахгүй байгаа юм. Энэ тохиолдолд валютын ханшийн хэт хэлбэлзэл болохгүй. Нийгмийн бодлогын хувьд ядуурал 27 хувь гэж тоо бий, дээр нь эмзэг гэгдэх 10 хувийг нэмэхээр 37 хувьд хүрнэ. Энэ нь хот, хөдөөд ялгаатай байгаа. Гэхдээ ядуурлын ганц том асуудал нь архагшсан. Энэ асуудалд маш том бодлого хэрэгтэй. УИХ-д Хүн амын хөгжлийн бодлогын баримт бичгийг өргөн барьсан, хэлэлцэгдээгүй байна. Мөн бизнесийн орчны шинэтгэлийн баримт бичгүүд нэлээд удаж байна. Зарим хуулийн төсөл 1.5 жил болсон, яав гэхээр ажлын хэсэг нь ажилласаар л байна гэдэг. Үнэндээ манайхаас өөр улсад ийм урт хугацаанд ажилладаг ажлын хэсэг байхгүй. Энэ нь мөн л манай УИХ-ын дэгийн алдаа. Ажлын хэсэг бол тодорхой хугацаанд ажиллаад л үр дүнгээ танилцуулдаг байх ёстой. Одоо бол ажлын хэсэг байгуулаад л тэр нь усанд хаясан чулуу шиг алга болдог. Энэ нь УИХ-ын талаар олон нийтэд таагүй ойлголт төрүүлдэг нэг шалтгаан.

 

УИХ 2015 оны үлдэж байгаа хугацаанд шуурхай ажиллаад реформын шинжтэй, эдийн засгийн холбогдолтой асуудлуудаа шийдэх юм бол дүр зураг нэлээд эерэг байх бололцоо бий.

 

-Шийдвэр гаргах түвшнээс гарч буй шийдвэрүүдийн хэрэгжилт эдийн засгийн нөхцөл байдлыг эерэг болгох бололцоотой гэж Та харж байна уу?

 

-Манай хөрөнгө оруулалтын орчин тогтворгүй. Зөвхөн гадаадын биш, дотоодынх ч ялгаагүй. Тиймээс хөрөнгө оруулалтын тогтвортой байдлыг хангах, дараа нь татах бодлого барих нь зөв юм. Заавал гадагшаа гэхгүй дотоодын идэвхжлийг дэмжих, хөрөнгө оруулалтын боломжийг хангаж өгөх асуудал юм.

 

-Хөрөнгө оруулалтын шинэчлэлийн асуудал УИХ-аар хэлэлцэгдэж байгаа, энэ талаар товч мэдээлэл өгнө үү?

 

-Өмнө нь хөрөнгө оруулалтын тухай хууль дээр ФИФТА гэж нэрлэгддэг байсан байгууллагыг Ерөнхий сайдын мэдэлд оруулсан хэрэг. Тэнд концессийн холбогдолтой асуудлууд нь харьяалагдаад, Ерөнхий сайд дэргэдээ хөрөнгө оруулалтыг дэмжих институцитэй болж байгаа хэрэг. Ер нь бол манай Хөрөнгө оруулалтын тухай хууль өрсөлдөх чадвараараа бусад орнуудтай харьцуулахад дундаж ангилалд ордог. Тийм ч муу биш.

 

-Эдийн засгийн нөхцөл байдлыг сайжруулахад хөрөнгө оруулалтыг татахаас илүү хүний эрх, эрх чөлөөний асуудал чухал гэж Та хэлсэн. Үүнийг тодруулаач?

 

-Саяхан Женевт Монгол Улсын хүний эрхийн асуудлыг гаднын улс орнууд авч хэлэлцээд 63 орон үг хэлж байна. Би бүгдийг нь сонслоо, “Бид Монгол Улсад ийм зөвлөмж өгч байна” гэдэг үг давтагдаж байна билээ. Нэг улс хамгийн багадаа 1 зөвлөмж өгсөн гээд тооцвол 63 зөвлөмж болно. Энэ бол хүний эрх гэдэг асуудал дээр манай улс ямар байгаагийн илрэл, шинж биз. Монгол гэдэг улсыг ямар ч шалтгаанаар сонирхсон хүн хамгийн эхэнд “Энэ улс хуулийн засаглалтай юу, үгүй юу”, “Хүний заяагдмал эрхийг хангадаг уу”, “Миний зорчин явах эрхийг бүдүүлэгээр хязгаарлах болов уу” гэдгийг харна. Монгол Улс олон улсын гэрээ конвенциар болон Үндсэн хуульдаа суулгаад өгсөн ариун үзэл санаа байна шүү дээ. Хүний эрх, эрх чөлөө гээд биднийг төрөхтэй зэрэгцэн заяагддаг эрхийг хангана гэсэн. Харин тэр тал дээр манайх муу ажиллаж байна. Сайжруулахаар, хуулийг нь өөрчлөхөөр яригдаж байна. Түүний дараа Гэмт хэргийн тухай хууль, Эрүүгийн тухай хууль, Зөрчлийн тухай хууль дээр хүний эрхийн асуудал онцгой тавигдана. УИХ хүний эрхийн асуудлыг анхаарч байгаа. Монгол Улс дахь хүний эрхийн төлөв байдлын тайланг улирал бүр УИХ-д илгээдэг байх, Хүний эрхийн үндэсний комисс нь УИХ-ын хүчтэй гар байхаар хуулийн зохицуулалт хийж байна. Дээр нь хэрэг бүртгэл, мөрдөн байцаалт, шүүхийн шатанд хүний эрхийг үл тоомсорлодог болон хүний эрхтэй холбоотой олон асуудлыг анхаарсан хууль тогтоомжуудыг энэ жилдээ, ирэх жилдээ батлах юм бол маш том дэвшил болно. 63 орны зөвлөмж өгч буй Женевийн хуралд манай ХЭҮК-ийн 13, 14 дүгээр илтгэл орчуулагдаж очоогүй байгаа шүү дээ.

 

-Яг ямар асуудалд анхаарал хандуулж, зөвлөмж гаргаж байсан бэ. Та бүгдийг нь сонссон гэлээ?

 

-Эрүүдэн шүүхийн эсрэг олон улсын конвенцийн үзэл санаа хэрэгжихгүй байна. Өмнө нь өгч байсан зөвлөмжийг дутуу хэрэгжүүлж байна. Хэрэг бүртгэл, мөрдөн байцаалт, шүүхийн шатанд байгаа хүний эрхийн заалтууд хангалттай ажиллахгүй байна, трансжендерийн талаар, эмэгтэйчүүдийн эрх гээд олон асуудлаар зөвлөмж өгч байсан. 63 орон ийн хэлж байна гэдэг нь манай улс энэ тал дээр реформ хийх болжээ л гэдгийг харуулж байгаа хэрэг.

 

-1 өгүүлбэртэй хуулийнхаа тухайд?

 

-Байгаль орчны асуудал гэхээр л БОНХАЖЯ хамаарна гэдэг. Гэтэл асуудлын хүрээ нь хүн нэг бүрт хамааралтай. Улаанбаатар хотын агаарын бохирдол, Туул голын бохирдол, усны асуудал, хөрсний бохирдол, үүнээс үүдсэн болох үүдэх хүндрэлүүд, өвчин гэдэг нь зөвхөн нэг яамны асуудал биш. Засгийн газрын хэмжээний асуудал гэж үзээд бүх яамны чиг үүрэгт хамаатай ганцхан өгүүлбэр Засгийн газрын тухай хуульд оруулсан. “Эрхэлсэн ажлынхаа хүрээнд агаарын бохирдлын эсрэг үйл ажиллагаа хэрэгжүүлнэ” гэдэг. Маш ойлгомжтой, энгийн өгүүлбэр. Батлуулсан. Одоо Засгийн газрын яам, агентлаг бүр хүссэн, хүсээгүй энэ чиглэлд ажиллана. Үүнийг нь бид шаардах ёстой. Жишээлбэл, Батлан хамгаалах яам юу хийж болох вэ. Ногоон батальон байгуулж болно. Цэргүүдийн экологийн боловсролыг дээшлүүлэх ажил хийж болно. Гадаад хэргийн яам гэхэд ЭСЯ-даараа дамжуулан агаарын бохирдлын эсрэг гаднын улс орнуудын тэргүүн туршлагуудыг судалж, дотоодын байгууллага, газруудтай холбож өгч болно. Хууль зүйн яам гэхэд л шинээр батлагдан гарч буй хуулиудад ногоон үзэл санаа тусаж байгаа эсэхийг хянах, харьяа байгууллагадаа эко-цагдаа гаргах зэргээр янз бүрийн санаачилга гаргаж болно. Эрчим хүчний яам гэхэд том цахилгаан станцуудынхаа утааны асуудалд анхаарч болно, дээр нь Сэргээгдэх эрчим хүчний бодлого хэр явж байна гэдгийг харах, Барилгын яам гэхэд орчин үеийн чиг хандлагаар ногоон барилга-технологи, материалыг судалж, танилцуулж, дэмжих гэх зэрэг чиглэлээр ажиллаж болно. Ердөө ганцхан өгүүлбэр атлаа маш их ач холбогдолтой заалт юм. Ялангуяа агаарын бохирдол хүн нэг бүрийн аюулгүй байдалд нөлөөлөөд эхэлснийг бодож нэг өгүүлбэртэй ч маш чухал хууль гэж үзэж байна. Одоо хэрэгжүүлэх ёстой. Энэ бол парламентын түүхэн дэх хамгийн товч хууль юм.

 

-Цаг гарган ярилцсан танд баярлалаа.

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж