Монголын үндэсний кино хорооноос өнөөдөр /2019.05.09/ Төрийн ордны Иргэний танхимд монголын кино зах зээлийг Холливудад хэрхэн гаргахаар ажиллаж байгаа талаар мэдээлэл хийлээ. Тус хорооны тэргүүнээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн кино салбар хариуцсан орон тооны бус зөвлөх, жүжигчин, продюсер М.Оргил ажиллаж байгаа ажээ.
Тэрбээр хэвлэлийн хурлын эхэнд мэдээлэл өгөхдөө “Монголын үндэсний кино хороог анх 2017 онд байгуулсан. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд хийж, хэрэгжүүлэхээр төлөвлөөд буй ажлаа танилцуулах гэсэн юм. Дэлхийн кино урлагийн зах зээлийг эзэлж буй Холливудын киноны зураг авалтыг Монгол руу татаж, улсынхаа эдийн засагт хөрөнгө оруулах зорилготой. Хоёрдугаарт Монгол Улсад олон тэрбум ам.долларын орлоготой бизнесийн тодорхой хувийг татаж, хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх хэрэгтэй байна. УИХ-аар хэлэлцүүлэхээр өргөн баригдсан Киноны урлагийг дэмжих тухай хуулийн эрх зүйн орчинг бүрдүүлэхээр гадаадын томоохон кино урлагийн хуулийн фермтэй хамтран ажиллаж байгаа” тухай яриандаа онцолсон юм.
Тус хороо нь 2017 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газрын дэмжлэгтэйгээр дэлхийн олон улсын 300 гаруй кино хороодыг нэгтгэсэн “Олон улсын кино хороодын ассоциаци”-д албан ёсны гишүүн болжээ. Уг хорооноос кино уран бүтээлчид, кино продакш зэрэг улсын хэмжээний мэдээллийн нэгдсэн сантай болохоор зорин ажиллаж байгаа гэнэ. Мөн олон улсын жишигт нийцсэн Монголын анхны кино үйлдвэрийн төслийг боловсруулж дууссан гэдгийг хорооны тэргүүн хэлж байв.
Уг хорооны уран бүтээл хариуцсан захирал Ж.Мишээлийн хувьд гурван настайгаасаа Польш улсад амьдарсан эмч мэргэжилтэй бүсгүй ажээ. Тэрбээр эмч мэргэжилтэй хэдий ч Польш улсын “Өргөмөл гэр бүл” гэх телевизийн олон ангит киноны гол баатруудын нэг юм байна. Авьяаслаг Ж.Мишээл бүсгүй “Өргөмөл гэр бүл” гэдэг Польшийн телевизийн олон ангит кино 13 жил үргэлжилсэн. Миний хувьд эхний ангиас нь авахуулаад, 460 гаруй ангид тоглосон байдаг. Энэ кино маань Польш улсын үзэгчдэд хүрсэн бүтээл болж чадсан. Би өнгөрсөн 20 жил Польшийн кино урлагт ажилласан учраас тэндхийн кино уран бүтээлчидтэй хамтран ажиллахаар ярилцаж байгаа” гэлээ.
Мөн тус хорооноос Холливудын тэргүүлэх “Репортер”, “Вэрайэти” зэрэг сонин сэтгүүлтэй харилцаа холбоо тогтоож, Монголын кино урлагийн салбарын мэдээллийг байнга өгч, дэлхий дахинд хүргэх боломтой ажээ.
Ингээд тус хорооны тэргүүн М.Оргилтой цөөн хором ярилцлаа.
М.ОРГИЛ: ДЭЛХИЙН КИНО УРЛАГТ ЭРГЭЛДЭЖ БУЙ ХӨРӨНГИЙГ МОНГОЛ РУУ ТАТНА
–Монголын үндэсний кино хорооноос хийхээр зорьж буй ажлуудаас танилцуулбал?
-Кино урлагийн салбарт бүх мэргэжил багтдаг. Жишээлбэл, “Марко Поло” уран сайхны киноны арын албанд 3500 гаруй хүн ажилласан байдаг. Энэ бол асар том тоо. Одоо дэлхийд нээлтээ хийгээд буй “Хаадын тоглоом” киноны нэг ангийг 15 сая ам.доллараар хийсэн. Тэгэхээр дэлхийн кино урлагт асар их мөнгө эргэлдэж байна. Үүнийг л улсынхаа урлагт, эдийн засагт оруулж ирэхийг зорьж байна. Кино хорооны маань нээлтийн арга хэмжээ энэ сарын 24-нд болох юм. Манай байгууллагын нэг гол зорилго бол сан үүсгэх юм. Ингэснээр монголын кино урлагийг санхүүжүүлж, уран бүтээлчдийг мэргэжил дээшлүүлэх сургалтад хамруулах, татварын хөнгөлөлт үзүүлэх зэрэг үйл ажиллагааг явуулна. Би 2012-2014 онд БСШУС-ын яамны газрын даргаар ажиллаж байсан. Тэр үеэрээ “Марко Поло ” киноны төслийг Монголд авч, 70 уран бүтээлчийг зураг авалтад явуулсан. Хоёр ч киног санхүүжүүлж, БНСУ-ын Бусаны кино наадамд явуулж, анх удаа “Алсын удирдлага” киногоор гран при авсан байдаг.
-Өнгөрсөн долоо хоногт “Холливуд Монголд” олон улсын кино уран бүтээлчдийн анхдугаар наадам болж өндөрлөлөө. Танай хорооноос уг төсөлтэй хамтран ажилласан уу?
-“Холливуд Монголд” төсөлтэй манай хороо хамтран ажиллаагүй. Гэхдээ анхдугаар наадмын урилгыг хүлээн авч, хүрэлцэн ирсэн зочидтой уулзсан. Ихэнх нь “Марко Поло” уран сайхны киноны үеэр танилцаж байсан танилууд маань байсан.
-Хэд хоногийн өмнө “Майдар эко хот”-ын шавь тавих ёслол болсон. Энэ үеэр кино үйлдвэр байгуулах тухай ярьсан. Энэ төсөл танай хорооноос боловсруулсан кино үйлдвэрийн төслөөс өөр юм уу?
-Саяхан “Майдар эко хот”-ын шавь тавих ёслол болсон. Энэ их сайхан мэдээ. Монголд олон кино үйлдвэр байх тусмаа кино урлаг хөгжинө. Манай хорооны зүгээс тэр үйл ажиллагааг дэмжиж байгаа. Энэ эко хотын нэг хэсэг болж, кино үйлдвэр байгуулах зураг төсөл тусгагдсан байна лээ. Бид тэр кино үйлдвэрийн бүтээн байгуулалтад хамтран ажиллана. Уг кино үйлдвэр ашиглалтад орж эхлэх мөчид бидний хийж буй ажил шууд холбогдох юм. Манай хорооноос боловсруулсан кино үйлдвэрийн барилгыг барих газрыг одоогоор шийдээгүй байгаа. Бид хэн, хаана кино төсөл хэрэгжүүлнэ тэдэнтэй хамтран ажиллах болно Эсвэл өөрсдийн боловсруулсан кино үйлдвэртээ хөрөнгө оруулалт авч, болж өгвөл хотын төвтэй ойр газар байгуулахыг хүсэж байна. Учир нь Холливудын одод киноны зураг авалт хийх ч амралтын өдөр дэлгүүр хэсэх боломжтой байвал зүгээр байдаг.
А.СҮРЭН
Холбоотой мэдээ