ОХУ-ын үндэсний агаарын тээвэрлэгч Аэрофлот компани ням гаригт /2019.05.05/ болсон 41 хүний амь үрэгдсэн ослын улмаас “Sukhoi Superjet 100” онгоцнуудаа зогсоож эхэлжээ. Москвагаас Рига руу мягмар гаригт /2019.05.07/нисэх байсан “Sukhoi Superjet 100” онгоцноос утаа үнэртэж байна гээд онгоцоо солихыг шаардсанаас болж нислэг гурван цаг орчим хойшилжээ.
“Sukhoi Superjet 100” онгоцоор хийх Минск чиглэлийн гурван нислэг лхагва гаригт /2019.05.08/хойшилж, Донын Ростов хот руу нисэх мөн загварын онгоцонд гэмтэл илэрсэн шалтгаанаар цуцалж, оронд нь Боинг онгоц нисгэсэн байна. Үүнээс гадна Москвагаас Самара, Нижний Новгород, Шведийн Готеборг хотууд руу нисэх байсан нислэгүүдийг мөн цуцалснаар нийт 11 онгоцны нислэг хойшлогдож, цуцлагджээ.
Аэрофлот компани "Boeing", "Airbus" үйлдвэрийн нисэх онгоцнуудыг үйлчилгээндээ голдуу ашигладаг ч "Sukhoi Superjet 100" загварын 50 ширхэг онгоцыг ашигласаар байгаа юм.
ОХУ дотооддоо үйлдвэрлэсэн “Sukhoi Superjet 100” онгоц нь 2011 онд анх зах зээлд гарснаасаас хойш байнга асуудал дагуулсаар байгаа ба сүүлд Шереметьевод гарсан ослын дараа ОХУ-ын зам тээврийн сайд Евгений Дитрих уг онгоцыг нислэгт ашиглахыг хориглохгүй гэж мэдэгдсэн юм. Харин Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков онгоцыг газардуулах асуудлыг мэргэжлийн байгууллагууд шийдэх ёстой гэсэн хариуг өгсөн.
Одоогоор ослын шалтгааныг шалгаж байгаа ба цаг агаарын байдал буюу аянга цахилгаанаас болж онгоц шатсан, техникийн саатал юм уу нисгэгчийн хариуцлагагүй үйлдлээс болж онгоц ослын буулт хийх болсон гэсэн гурван таамгийн дагуу мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа ажээ. Тухайн өдөр цаг агаар тааруу байсан ба зарим зорчигчид онгоц аянганд цохиулсныг нотолж байгаа юм.
Эх сурвалж: www.rferl.org
Холбоотой мэдээ