Газрын наймаа хийв үү?

Хуучирсан мэдээ: 2010.07.20-нд нийтлэгдсэн

Газрын наймаа хийв үү?

Төгс-эрдэм сан хэмээх ТББ-д энэ оны зургадугаар сарын 29-ний өдөр Нийслэлийн Засаг даргын 431 тоот захирамжаар Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэр, “UB mart” худалдааны төвийн зүүн урд талд газар олгосон болохыг батламжилсан мэдэгдэл өгчээ. Уг газрыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2009-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, залуучуудад боловсрол олгох сургалтыг дэмжих зорилгоор сургалтын төвийн барилга барих зориулалтаар Төгс эрдэм сан ТББ өмнө нь авсан бөгөөд  0,033 га талбайтай байжээ. Мэдэгдэлд Уланбаатар хотын ерөнхий архитектор бөгөөд Нийслэлийн барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газрын дарга Э.Хүрэлбаатар гарын үсэг зурсан байна. Гэтэл уг мэдэгдлийг гаргахаас хэд хоногийн өмнө энэ оны зургадугаар сарын 23-ны өдөр Нийслэлийн Засаг даргын 420 тоот захирамжаар газар эзэмшүүлэх эрхийн байршлыг өөрчилжээ. Яагаад өмнөх газар олгосон захирамжаас түрүүлж байршлыг сольсон сүүлийн захирамж гарсан шалтгаан нь тодорхой бус. Сүүлийн захирамжид “Газрын тухай хуулийн 21.2,3, 21.2,4, 33.1,1 дэх заалтыг үндэслэн захирамжлах нь:

Нэг. Нийслэлийн газрын алба, Барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газрын дэргэдэх техникийн зөвлөлийн 2010 оны зургадугаар сарын 10-ны өдрийн хурлаас гаргасан дүгнэлтийг хянан үзээд Барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газар, Төгс-эрдэм сан ТББ-д сургалтын зориулалтаар Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороо, Хүүхдийн ордны баруун хойно байршуулан олгосон 0,033 га газрын байршлыг өөрчлөн Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороо, Чойжин ламын сүм музейн баруун талд байршуулан баталгаажуулсугай.

Хоёр.
Газар эзэмших эрх нь баталгаажигдсан Барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газар, Төгс-эрдэм сан ТББ-тай холбогдох хууль тогтоомж, эрхийн актын дагуу гэрээ байгуулж, гэрчилгээ олгон, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн газрын алба /Ц.Сундуй/-нд даалгасугай.

Гурав. Энэ захирамж гарсантай холбогдуулан байршил өөрчлөгдсөн Нийслэлийн Засаг даргын 2010 оны 226 дугаар захирамжийн Барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газар, Төгс эрдэм сан ТББ-д хамаарах заалтыг хүчингүй болсонд тооцсугай. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаяр” гэжээ.

Газар эзэмшүүлэх гэрээг Нийслэлийн газрын албаны газрын асуудал эрхэлсэн албан тушаалтан Ш.Амартайван, газар эзэмшигчийг төлөөлж Барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газар, Төгс-эрдэм сангийн гүйцэтгэх захирал Э.Содгэрэл нар байгуулсан байна.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, залууст сургалтын төв барихад юуны буруу байх вэ. Хамгийн анхаарал татсан зүйл нь Чойжин ламын сүм музейн баруун талд хэмээн зааж өгсөн газар нь Хүүхдийн паркийн машины зогсоолтой ганц орох хаалганы газарт таарчээ. Тэнд барилга барьснаар паркийн газраас хорогдоод зогсохгүй машины зогсоол бүхий орох хаалга байхгүй болох ажээ.. “Хэр барагтай ТББ-д хотын төвд, ийм чухал байршилд газар олдоход бэрх, энд бас л хотын дарга нарын газрын наймаа явсан байж магадгүй” хэмээн мэдээлэл өгсөн иргэн хэлж байсан юм.

/Төлбөртэй нийтлэв/.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж