Нотариатчаар ажиллах насны дээд хязгаар тогтооно
УИХ-ын үдээс хойших чуулганы хуралдаанаар Хэмжил зүйн тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төсөл болон Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Хэмжил зүйн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй холбогдуулан боловсруулсан хуулийн төслийг хэлэлцэн анхны хэлэлцүүлгээр нь баталъя гэсэн байнгын хорооны саналаар хуулийн төслүүдийг бүхэлд нь баталлаа.
Үргэлжлүүлэн Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт тухай хуулийн төслийг хэлэлцэх үеэр гишүүд байр сууриа илэрхийлсэн юм.
УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар:
-Хуулийг төслүүдийг бүхэлд нь дэмжиж байгаа. НӨАТ-ын тухай хуулиа яг хуулийн дагуу хэрэгжүүлбэл хүмүүс та бүхнээс үйлчилгээ авахдаа хэл ам гарахгүй байх тэр нөхцөл нь бүрдэх юм. Энэ асуудлаар би өглөө Сангийн сайдтай уулзсан. Сангийн сайд асуудлыг цэгцлэх нь зөв гэдэг саналаа ч хэлсэн. Цаашид салбар болгоныг НӨАТ-аас чөлөөлөөд байвал нөгөө талд аж ахуй эрхлэгч нартаа хүнд дарамт болж очиж байгаа шүү. НӨАТ-ын падаан л өгөхгүй бол өөр баримтуудыг татварын байцаагч нар нь хүлээж авдаггүй юм. Нотариатчидын талд байгаа хүн нь би шүү. Тэдэнд ирээдүйд гарах эрсдэлээс нь хамгаалах тал дээр би байр сууриа илэрхийлж байгаа. Уг нь миний хэлснээр хуулиа өөрчилбөл эрсдэлүүд цаашид арилах юм. НӨАТ-аас нь чөлөөлчихлөөр бүх хариуцлагыг жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч үүрдэг байж болохгүй. Засгийн газар нэг талыг нь НӨАТ-аас чөлөөлж байгаа бол нөгөө талын эрх ашиг, харилцааг нь мөн адил зохицуулах ёстой.
УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр:
-Энэ хуулиар нотариатчидын насны босгыг тогтоосон заалт оруулж ирсэн нь ямар учиртай юм бэ. Нотариатчид бол төрийн болон бусад хуулийн байгууллагад олон жил ажиллаад туршлагатай хуульчид тэтгэвэртээ гараад нотариатчидыг үүрэг гүйцэтгэдэг нь анзаарагддаг. Гэтэл хуулиар насаар нь хязгаарлаж тэдний ажиллах нөхцөлийг хязгаарлах нь зохисгүй. Нөгөө талаар Монгол хүний дундаж наслалт нэмэгдэж байгаа.
УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Х.Нямбаатар:
-Хууль санаачлагч буюу Засгийн газрын зүгээс насны босгыг 65 насны хязгаараар оруулж ирсэн. Ажлын хэсэг дээр санал хураагаад 70 нас гэсэн томьёололд хүрсэн. Энэ томьёоллыг дэмжихгүй бол Засгийн газраас оруулж ирсэн 65 насаар босго тогтооно. Хоёрдугаарт, манай улсын нотариатын байгууллагын чиг үүрэг нь ердийн хуулбар үнэн гэрчлэл хийдэг буюу илүү өргөн хүрээтэй. Эрхзүйн бичиг баримтуудыг боловсруулж эцэслэн баталдаг ийм чиг үүрэгтэй. Гаднын эрхзүйн өндөр хөгжсөн улсад хүн бүр өөрсдийн хуульчтай байдаг бол манай улсад энэ чиг үүргийг үндсэндээ нотариатын байгууллага гүйцэтгэдэг. Ялангуяа хамгийн том харилцаа болох өв залгамжлалтай холбоотой харилцаа нь Иргэний хуульд зааснаар зөвхөн нотариатын байгууллагад хийгддэг. Тиймээс төрийн гэрчлэх үүргийг гүйцэтгэж байгаа субъектийнхээ насны хязгаарыг төр өөрөө тогтоох нь бусад улсуудтай харьцуулахад жишиг тогтолцоо юм. Одоо 70-80 настай нотариатчд үйл ажиллагааг явуулж байгаа.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү:
-Өмгөөлөгчид насны хязгаар гэж байдаггүйтэй адил нотариатчид ч гэсэн насны хязгаар тавимааргүй байна. 50 настай атлаа зөнөчихсөн, эсвэл 80 мөртлөө залуу хүн шиг хүмүүс бий. Хүний чадамж чадавхын асуудлыг Эрүүл мэндийн байгууллага л тогтоох ёстой. Насны босго тогтоох бол ядаж 70 насаар тогтооё, үүнээс доош байж болохгүй. Хоёрдугаарт, нотариатчидаас нэмүү өртгийн татвар авна гэж оруулж ирснийг нь дэмжихүй байна. Илүү өртгөөс нь татвар авна гэж би ойлголоо. Нотариатч юун дээр илүү өртөг шингээгээд байгаа юм, тамганыхаа тосон дээр үү, канондсон цаасан дээрээ үү. Үүнд надад маш тодорхой тайлбар өгөөч.
УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Х.Нямбаатар:
-Нотариатчид нэмэгдсэн өртгийн албан татвар авна гэсэн зохицуулалт орж ирээгүй. Харин эсрэгээрээ нотариатын үйлчилгээ үзүүлснийхээ төлөө НӨАТ-аас чөлөөлөгдөж оронд нь татварын баримт өгнө гэж ажлын хэсэг дээр ярьсан.
УИХ-ын гишүүн Н.Учрал:
-Хуулийн төслийг дэмжиж байна. Гэхдээ энэ хууль батлагдсанаар тодорхой асуудалд ямар үр дүн гарах вэ гэдэгт би хэлэлцүүлгийн шатанд хэлж ирсэн. Өнөөдөр нотариатчидын нэр хүнд маш их унасан. Өнгөрсөн хугацаанд нотариатын байгууллага хууль зүйн факт үүссэн буюу эрхзүйн үр дагавар үүссэн тохиолдолд хариуцлагаа хүлээх тал дээр ямар байсан бэ. Энэ нь хангалтгүйгээс нотариатчидад итгэхээ больсон тохиолдолд нийгэмд олон бий. Нотариатчидын байгууллагад хандахаас илүүтэй хуулийн зөвлөх байгууллагад хандахыг илүүд үздэг болсон. Ахмад нотариатчид хамаагүй туршлагатай гэдгийг би анхнаас нь хэлж байсан. Ядаж л үр дагаврыг нь тайлбарлан, хэлээд өгдөг хүмүүс. Тийм учраас ахмад нотариатчид хийгээд явах нь зөв.
Ажлын хэсэг:
-Нотариатчидын сахилга хариуцлагыг нэмэгдүүлэх чиглэлд яамтай хамтран ажиллах болно. Нотариатч гэдэг бол бусад хуулийн байгууллагад ажилладаг субъектээс хамгийн өндөр хариуцлагатай ажилладаг хүмүүс.
Хэлэлцсэн хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, тодруулсны дараа зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулах байсан боловч гишүүдийн ирц хангалтгүйгээс санал хураалтыг хойшлуулан чуулганы хуралдааныг хаалаа.
Ж.Бат-Эрдэнэ: Хэн нэгний алдаанаас системийг бүхэлд нь муухай харагдуулж болохгүй
УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлгийг хийж, баталлаа. Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг бүхэлд нь баталъя гэсэн байнгын хорооны саналын томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон 38 гишүүний 52.6 хувь нь дэмжсэнээр хуулийн төслүүд батлагдлаа.
Уг хуулийн төслийн гол агуулга нь Их хурлаас чиглэл өгсний дагуу улс төрийн шийдвэрийг хэрэгжүүлэх зорилгоор гаргасан Засгийн газрын шийдвэрийг Захиргааны шүүхэд хянахгүй байх хуулийн төсөл юм. Хуулийн төслийг хэлэлцэх үеэр гишүүд үг хэлсэн юм. Тухайлбал,
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:
-Орон нутагтаа иргэд эзэн байх эрхэд нь харшлах хуулийн төсөл учраас би дэмжихгүй.
УИХ-ын гишүүн Л.Болд:
-Энэ хуулийг санаачилсан шалтгаан нь маш ойлгомжтой. Эрдэнэтийн 49 хувийг хууль бусаар авсантай холбоотой. Өнөөдөр стратегийн бүх ордыг шүүх л мэддэг болчихсон. Хуулийн төслийн агуулга маш өргөн хүрээг хамарч оруулж ирснийг нь хэлэлцүүлгийн явцад болон Ерөнхийлөгчийн зүгээс хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж хэлж байсан. Энэ бүх саналыг тусган хуулийн төслийг агуулгыг хумьсан тухайгаа байнгын хороо ойлгомжтой хэлж өгмөөр байна.
УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ:
-Шүүх засаглал руугаа бид хангалттай дайрч байна л даа. Шүүмжилсээр байгаад эхнээс нь удирдлагуудыг шинээр сольж байгаа биз дээ. Уг нь бол институтээ засмаар байх юм. Заавал шүүхийнхээ асуудалтай холбоотойгоор уялдуулан засвар хийх шаардлага байгаа юм уу. Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслөөр ардчилал маань алга болох гэж байна. Шүүх хуулийн өмнө Засгийн газар, УИХ бүгд эрх тэгш байх зарчим бий. Гэтэл уг хуулийн төслөөр УИХ-аас зайлшгүй гаргасан шийдвэрийн дагуу Засгийн газрын шийдвэр гаргасан бол түүнийг нь Захиргааны шүүхэд хянахгүй байхаар болгох гэж байна. УИХ-аас дандаа зөв шийдвэр гардаг гэсэн үг үү. УИХ-аас дандаа бурхан мэт зөв шийдвэр гардаг гэж л ойлгогдож байна. Би үүнийг дэмжихгүй. Бид засаглал, систем, хариуцлагаа сайжруулаад цааш явах ёстой. Хэн нэгний алдаа дутагдлаас үүдэж системийг бүхэлд нь муу муухай харагдуулдаг байж болохгүй. Хөх тэнгэр доорх шүүхийн өмнө хүн бүр, байгууллага бүр эрх тэгш байна гэсэн Үндсэн хуулийн заалтаа дагах ёстой.
УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Х.Нямбаатар:
-Засгийн газраас гаргасан хоёр төрлийн шийдвэрийг л Захиргааны хэргийн шүүх хянахгүй байхаар зохицуулсан. Нэгд, батлан хамгаалах аюулгүй байдал болон гадаад бодлогыг хэрэгжүүлэх зорилготой Засгийн газрыг шийдвэрийг Захиргааны хэргийн шүүх хянахгүй. Хоёрт нь, УИХ-аас төрийн өмчийн хувьчлал, ашигт малтмал байгалийн нөөцийн удирдлага зэрэг асуудлаар төрийн бодлогын үндсийг тодорхойлсонтой холбоотойгоор тэдгээрийг хэрэгжүүлж буй шийдвэр, үйл ажиллагааг Захиргааны хэргийн шүүх хянахгүй гэж үзсэн. Үүнээс бусад тохиолдолд Засгийн газрын шийдвэрийг Захиргааны хэргийн шүүх хянана.
УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн:
-Энэ хуулийн төслийг Засгийн газраас өргөн барьсан. Ажлын хэсэг болон байнгын хороо уг хуулийн төсөл дээр нэлээн сайн ажиллаад агуулгыг хумьж хоёрхон тохиолдолд хэрэгжих хуулийн төсөл болгосон. Батлан хамгаалах,аюулгүй байдал, гадаад бодлоготой гаргасан УИХ-ын шийдвэрийг хэрэгжүүлэх зорилгоор гаргасан Засгийн газрын шийдвэрийг, хоёрдугаарт Монгол Улсын Их хурлаас төрийн өмчийн хувьчлал, ашигт малтмал, байгалийн нөөцийн удирдлага зэрэг асуудлаар төрийн бодлогын үндсийг тодорхойлохтой холбоотой. Байнгын хорооноос асуух зүйл байна. Улс төрийн шийдвэрийг хэрэгжүүлэх зорилгоор гаргасан Засгийн газрын шийдвэр гэдэгт Засгийн газрын мөрийн хөтөлбөр, Үндсэн чиглэл орох байх гэж бодож байна. Нарийвчлан тусгайлан гаргасан гэж байх юм уу. Хоёрдугаарт УИХ-аар хэлэлцдэг байгалийн баялагтай холбоотой асуудлыг стратегийн ордууд болов уу гэж би бодож байна. Тиймээс стратегийн орд гэж оруулж болох уу.
УИХ-ын гишүүн Х.Нямбаатар:
-Хуулийн төсөлд “Тайлбар” гэж оруулж ирсэн. Улс төрийн шийдвэр хэрэгжүүлэх гэдэгт УИХ-ын шийдвэрээр Засгийн газарт хүлээлгэсэн эрх үүргийн хэрэгжилтийг хангах зорилгоор тухайн УИХ-ын шийдвэрээс салгаж болохгүй. Уг шийдвэрийг бүрэн хэрэгжүүлэхэд зайлшгүй хийгдэх Засгийн газар болон түүний харьяа байгууллагын шийдвэр, үйл ажиллагааг ойлгоно гэсэн энэ тайлбарыг хуулийн төсөлд томьёолж оруулсан.
УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан:
-“Энэ хуулийн төсөл батлагдвал эцсийн найруулга сонсохоор оруулж ирэхдээ ганц нэг үгийг солих боломж бий юу. УИХ-ын шийдвэр гэдэг үгийг Засгийн газрын мөрийн хөтөлбөр, Үндсэн чиглэл гэж тод буугаад болохгүй байна. Ийм учраас засчихвал үүнд багтахгүй зүйл гэж байхгүй. УИХ-ын шийдвэр гэдгийг УИХ-ын тогтоол гэж ойлгох нь зөв. Байнгын хороо хуралдаад дур дураараа Засгийн газарт чиглэл өгдөг, УИХ-ын шийдвэрийн нэг хэсэг байнгын хорооны тогтоол гээд байвал байнгын хорооны хуралдаанд 10 гишүүн оролцоод л тэд нь Засгийн газарт чиглэл өгөөд байвал яах вэ. Хүний эрх, иргэдийн шүүхээр эрхээ хамгаалуулах эрхийг нь зөрчсөн заалт гараад байвал УИХ юу болж хувирах вэ гэдэг асуудал тавигдана. Тиймээс УИХ-ын шийдвэр гэдэг үг нь хуулийн төслийг өргөн болгож харагдуулж байгаа учраас эцсийн найруулгын үед Үндсэн хууль, бусад хуультайгаа уялдуулан тодорхойлох хэрэгтэй байна” гэдэг саналыг гаргасан ч эцсийн хэлэлцүүлэг учраас хүлээж авсангүй.
Үргэлжлүүлэн УИХ-ын чуулганаар Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх нь зүйтэй гэж гишүүдийн 69.6 хувь нь үзсэн учир анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ.
Уг хуулийн төслийг УИХ-ын гишүүн Н.Учрал, Л.Мөнхбаатар, Ж.Мөнхбат, Г.Мөнхцэцэг, Б.Ундармаа, Я.Содбаатар, Ц.Цогзолмаа, Л.Энх-Амгалан, Л.Энхболд нар бүрэн эрхийнхээ хүрээнд санаачлан боловсруулсан.
Оюуны өмчийг хамгаалах, урамшуулах бодлогыг хэрэгжүүлэхээр Патентын тухай, Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай, Инновацийн тухай зэрэг хэд хэдэн хууль батлагдан, мөрдөгдөж байгаа ч патент, гэрчилгээ болон зохиогчийн эрх эзэмшигч нь оюуны өмчийн үр шимийг тэр бүр хүртэж чадахгүй, төрөөс оюуны өмчийг дэмжих ажиллагаа нь нэгдсэн зохицуулалтгүй, оюуны өмчийн байгууллагын эрх зүйн статус болон чиг үүргийг нэгдсэн байдлаар тодорхойлсон хууль байхгүй байна.
Монгол Улсын оюуны өмчийн салбарт мөрдөгдөж байгаа хуулиуд нь оюуны өмчийг төрөөс хамгаалах харилцааг голчлон зохицуулдаг ч хамгаалагдсан оюуны өмчийг хэрхэн эдийн засгийн эргэлтэд оруулж, үр шимийг нь хүртэхийг зохицуулаагүй байдаг. Тухайлбал, оюуны өмч нь патент, гэрчилгээ, хуулиар хамгаалагдсан ч эдийн засгийн үнэлэмж сул тул хуулийн этгээдэд оюуны өмчөөр хөрөнгө оруулах, оюуны өмчийн эрхээ барьцаалах, худалдах, тодорхой хугацаагаар бусдад ашиглуулах зэргээр иргэний эрх зүйн харилцаанд оролцоход эдийн хөрөнгөөс доогуур үнэлэгдэх байдлыг бий болгож байгаа юм.
Энэ мэт зайлшгүй зохицуулах шаардлагатай нөхцөл байдал, хэрэгцээнд тулгуурлан Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан байна. Хуулийн төсөл батлагдсанаар оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулахад хялбар болох, оюуны өмчийн үнэлгээ хийх, зуучлах ажиллагаа илүү найдвартай болно. Мөн оюуны өмчийн байгууллагын үйл ажиллагаа тогтвортой, хэвийн явагдах боломж бүрдэхээс гадна төрөөс үзүүлэх дэмжлэг илүү тодорхой болно гэж төсөл санаачлагчид үзэж байна.
Хэмжил зүйн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа. Хуулийн төсөлтэй холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байгаагүй учраас хуулийн төслүүдийг бүхэлд нь баталъя гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон 41 гишүүний 26 нь дэмжсэн буюу 63.4 хувиар хууль төслүүд батлагдлаа.
Уг хуулийн төсөлд аж ахуйн нэгжид хориглох зүйл гэсэн заалтыг оруулж байгаа аж. Хууль хэрэгжсэнээр олон улсын жишгийн дагуу Хэмжилзүйн хүрээлэн байгуулж, хэмжилзүйн судалгаа шинжилгээний асуудал эрхлэх юм. Мөн орон нутгийн хэмжих хэрэгслийн чадавхыг сайжруулах ажээ.
Чуулганы хуралдаан үргэлжилж байна.
Ерөнхий аудитороор Д.Занданбатыг томиллоо
УИХ-ын чуулганаар Монгол Улсын Ерөнхий аудиторыг чөлөөлөх, томилох тухай асуудлыг хэлэлцлээ. Д.Хүрэлбаатарыг Монгол Улсын Ерөнхий аудиторын үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг дэмжье гэсэн байнгын хорооны саналаар санал хураалт явуулахад 72.7 хувиар гишүүдийн олонх дэмжив. Мөн Д.Занданбатыг Монгол Улсын Ерөнхий аудиторт томилохыг дэмжье гэсэн санал 87.3 хувиар дэмжигдлээ.
Хэлэлцсэн асуудалтай холбогдуулан гишүүд Ерөнхий аудитороор томилогдож буй Д.Занданбатаас асуулт асуусан юм. Тухайлбал,
УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар:
–Ерөнхий аудитор гэдэг хүн хөндлөнгийн хяналт тавих ёстой. Тийм учраас гүйцэтгэх засаглалд ажиллаж байгаагүй хүнийг цаашдаа Ерөнхий аудитороор томилдог баймаар байна. Д.Занданбатын хувьд дандаа гүйцэтгэх засаглалд ажиллаж байсан учраас бүгдийг нь таньдаг байх. “Танилын нүүр халуун” гэж үг бий. Ажлыг сайжруулахын тулд Ерөнхий аудиторыг томилдог. Ер нь бол огт хүн таньдаггүй хүнийг Ерөнхий аудитороор томилдог байвал аудитын ажил маш сайн явна. Төсвийн байгууллагуудын гадаад томилолтын асуудал маш үр дүнгүй байгаа нь надад харагддаг. Бөөн бөөнөөрөө гадагшаа явж туршлага судалдаг. Үүнд аудитын байгууллага анхаарч үр дүнгүй зардлуудыг таслан зогсоох ёстой. Аудитын байгууллагыг зөв ажиллуулбал төрийн ажлын чиглэл нь зөв явна гэж би хувьдаа үздэг. Та энэ чиглэлд хэрхэн ажиллах вэ. Та УИХ-ын гишүүд, сайд нарыг сайн таних байх. Танил тал гэж харгалзахгүйгээр хөндлөнгийн хяналтаа сайн тавьж чадна гэдэгтээ та итгэлтэй байна уу.
Ерөнхий аудиторт нэр дэвшсэн Д.Занданбат:
-Гүйцэтгэх засаглалд ажиллаж байсан миний туршлага аудитын ажил хийхэд зохих хэмжээгээр хамааралтай гэж ойлгож байна. Аудитын байгууллага үндсэндээ төсвийн зарцуулалтад голчлон хяналт тавьдаг. Аудитын өөрийн зарчим гэж бий. Хөндлөнгийн нөлөөнд автахгүй хараат бус ажилладаг. Гадаад томилолтын тухайд анхаарал хандуулж ажиллана.
УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ:
-Д.Занданбат өмнө нь Татварын дарга байсан. Яагаад Татварын даргаа больсон юм бэ. “Ашигтай мест” гэж бодоод аудитын дарга болох гээд байгаа юм биш биз.
Ерөнхий аудиторт нэр дэвшсэн Д.Занданбат:
-Миний хувьд Татварын даргаас Засгийн газрын тогтоолоор чөлөөлөгдсөн. Өргөдөл өгсөн зүйл байхгүй.
Чуулганы хуралдаанаар байнгын хороодын дарга нарыг томиллоо. Тодруулбал, Өргөдлийн байнгын хорооны даргад УИХ-ын гишүүн М.Оюунчимэгийг 89.8 хувийн саналаар улираан томилохоор, 88 хувийн саналаар Эдийн засгийн байнгын хорооны даргад УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарыг, Төсвийн байнгын хорооны даргад УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнг 82 хувиар улираан томилохоор, Байгаль орчин, Хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны даргад УИХ-ын гишүүн Х.Болорчулууныг томилохыг 81.6 хувиар дэмжлээ.
Үүгээр чуулганы хуралдаан түр завсарлалаа. Үдээс хойших хуралдаан 15.00 цагт эхэлнэ.
М.Энхболд: Хэн нэгнийг харлуулдаг шигээ Ц.Цолмонг битгий харлуулаасай
Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон нь өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг бичгээр гаргасан тул Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргыг шинээр томилох шаардлагатай болсон. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргыг томилох асуудлыг хэлэлцлээ. Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмонг чөлөөлөх санал 80.4 хувиар дэмжигдлээ. Мөн Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргаар Л.Өлзийсайханыг томилуулах саналыг гишүүдийн олонх дэмжлээ. Ингэснээр УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргаар Л.Өлзийсайхан томилогдлоо.
Хэлэлцсэн асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:
-Нэр дэвшигч Л.Өлзийсайханыг дэмжиж байна. УИХ-ын гишүүд бүрэн эрхийн дагуу асуулга тавьдаг. Асуулгын хариуг цаг хугацаанд нь сонсгож байвал сайн байна. Дараалал оруулчхаад ач холбогдол нь алга болсон үед хэлэлцдэг.
УИХ-ын гишүүн М.Энхболд:
-Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон өргөдлөө өгсөн юм байна. Оронд нь Л.Өлзийсайхан дарга нэр дэвшиж байгааг нь дэмжиж байна, сайн ажиллаарай. Би өнөөдрийг хүртэл УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Ц.Цолмонгийн талаар хэдэн зүйл хэлье. Ц.Цолмон төрийн захиргааны хууль зүй хариуцсан төв байгууллагад доороос нь эхлэн газрын дарга хүртэл есөн жил мэргэжиж ажилласан. Хууль зүйн салбарт бэлтгэгдсэн, онолын мэдлэг, чадварыг эзэмшсэн, Монголын төрд шат дараалан бэлтгэгдсэн ийм залуу. Ц.Цолмонгийн УИХ-ын Тамгын газарт хийсэн өнгөрсөн хоёр жилийн ажлыг нь энэ цаг мөчид би хэлэх зөв гэж бодож байна. Энэ хүнийг хэн нэгнийг дагаж ажилладаг мэтээр, хэн нэгнийг хар буруугаар боддог шигээ энэ залууг битгий тэгээсэй гэж хүсч байгаа учраас би энэ үгийг хэлье гэж бодлоо. УИХ-ын дарга таны санаачилсан зөвлөлдөх ардчиллын санал асуулга явуулах, энэ хуулийг амьдрал дээр бодит байдалд хэрэгжүүлж ажилласан хүн. Улс орныхоо өнцөг булан бүрээс иргэдийн төлөөллийг авчирч Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийн талаар зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулсан хүн нь. Улсын хэмжээнд энэ төслийн талаар хэлэлцүүлэг зохион байгуулж маш олон үнэтэй саналуудыг хуримтлуулж чадсан хүн. Ц.Цолмон УИХ-ын үйл ажиллагааг хэвийн явуулах тал дээр бүх боломжоо дайчлан ажилласан. Мөн Дэгийн тухай хуулийн хэрэгжилтийг хангаж ажилласан хүн. Нийгмийн асуудалд ч анхаарч ажилласныг хамт олон нь хэлдэг юм билээ. Энэ бүх ажлыг Л.Өлзийсайхан дарга үргэлжлүүлэн авч явж, сайн ажиллаарай гэж хэлэх байна.
УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн:
-Ц.Цолмон дарга шиг санаачлагчтай хүнийг орхихгүй. Зохих газарт нь томилж ажиллуулах хэрэгтэй” гэсэн болд гишүүн С.Бямбацогт “Ц.Цолмон дарга туршлагатай, хууль боловсруулах, хэрэгжилтэд хяналт тавих, УИХ-ын гишүүдэд мэргэжил, аргазүйн туслалцаа үзүүлэхэд анхаарч ирсэн. Чадварлаг боловсон хүчнээ Монголын төр анхаарах ёстой гэж хэлмээр байна” гэлээ.
Чуулганы хуралдаан үргэлжилж байна.
Ашигт малтмалын тухай хуулийн төслийг хууль санаачлагчид буцаалаа
Засгийн газраас өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай, Газрын тосны тухай, Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг үргэлжлүүлэн хэлэлцээд санал хураалт явууллаа. Санал хураалтаар гишүүдийн олонх нь уг хуулийн төслүүдийг дэмжээгүй тул хууль санаачлагчид нь буцаав.
Тус хуулийн төслүүдийн талаар гишүүд байр сууриа илэрхийлсэн юм.
УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн:
-Уг хуулийн төслийн тодорхой хэсгийг нь би дэмжихгүй байгаа. Тэр дотроо түгээмэл тархацтай ашигт малтмалын зөвшөөрлийг хэн олгох вэ гэдэг асуудал. Одоо мөрдөж буй Ашигт малтмалын тухай хуулиар түгээмэл тархацтай ашигт малтмалын зөвшөөрлийг аймаг, нийслэлийн Засаг дарга нь олгож байгаа. Түгээмэл тархацтай гэдэг дотор элс, хайрга, дайрга, давс, хужир хүрмэн чулуу ордог л доо. Гэтэл үүний зөвшөөрлийг Ашигт малтмалын газар олгодог байхаар хуулийн төсөлд тусгасан учир дэмжихгүй. Түгээмэл тархацтай ашигт малтмал гэдэг нэрийн дор өөр ашигт малтмал олборлодог гэдэг асуудал яригддаг. Хэрэв ийм асуудал байдаг бол тодорхой хуулийн зохицуулалтуудыг хийх боломжтой. Тухайлбал лицензийн тоог нь тогтоох, эрхийг нь хүчингүй болгох зэрэг зохицуулалтыг хийж болно. түгээмэл тархацтай ашигт малтмалын зөвшөөрлийг орон нутагт нь бус төвд авснаар орон нутагт барилгын материалын үйлдвэрлэл хөгжихгүй гэж би харж байна.
УИХ-ын гишүүн Н.Амарзаяа:
-Түгээмэл тархацтай ашигт малтмалыг оновчтой эрхзүйн томьёоллыг нь хийж, Эрдэс баялгийн салбарын хууль, эрхзүйн орчинд дүн шинжилгээ хийсэн. 567 зөрчил гарсантай холбогдуулан зохицуулах шаардлага зайлшгүй бий болсон гэдэгтэй бий санал нийлж байна. уг хуулийн төсөлд нэмэлт өөрчлөлт оруулахдаа ялангуяа орон нутгийн эрх мэдэл, нутгийн иргэдийн санал бодолд тулгуурласан хууль эрхзүйн зохицуулалтуудыг хийх нь зөв. Төслийн үзэл баримтлалд нутгийн иргэдийн санал бодлыг сонссон гэж нэг ч үг , өгүүлбэр алга. Үүнд анхаармаар байна.
УИХ-ын гишүүн А.Ундраа:
-Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хоёрдугаар зүйлийг нь нэлээд задалж үзлээ. Хоёр болон дөрөвдүгээр заалтуудад маш олон заалтуудын ард үг нэмэх,ц эг таслалаар багцлаад нэг болгоод оруулчихсан байна. үүнд ажлын хэсгийн зүгээс сайтар ажиллах шаардлага байна. Мөн боловсруулах үйлдвэрт илүү нарийн хяналт, шалгалт тавихад амаргүй техникийн нөхцөл байдал үүсэхээр харагдаж байна. Хүний нөөц бэлдэх зэрэг бэлтгэл ажлын хүрээнд анхаарах хэрэгтэй. Манайд одоогоор боловсруулах үйлдвэрийн нөхөн сэргээлтийг хийсэн туршлага хэр билээ. Уулын ажлын нөхөн сэргээлт хийхэд ч маш хэцүү. Тэгэхээр хоёрдугаар зүйлийг сэргээлт хийхэд бүр ярвигтай гэдэг нь тодорхой. Хоёрдугаарт орон нутгийн хэмжээнд шийдэж байгаа асуудал төрийн захиргааны төв байгууллагатайгаа уялдаа холбоо нь ямар байх, хэн нь хяналт тавих зэрэгт логикийн алдаа харагдсан. Ажлын хэсэгт энэ талаарх саналаа хүргүүлнэ.
Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон нь өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг бичгээр гаргасан тул Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргыг шинээр томилох асуудлыг хэлэлцэж байна.
Д.Дамба-Очир: 43 хуудас материал “Рио-Тинто”-д өгсөн
Пүрэв гаригийн чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар 13 хууль, тогтоолын төсөл хэлэлцэхээр төлөвлөжээ. Хэлэлцэх асуудлын жагсаалтад Ашигт малтмалын тухай, Хэмжил зүйн тухай, Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай, Захиргааны ерөнхий хууль, Нотариатын тухай, Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай, Инновацийн тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн төсөл багтжээ.
Мөн Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2021-2022 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл, “Засгийн газрын өрийн удирдлагын 2019-2022 оны стратегийн баримт бичиг батлах тухай” тогтоолын төслийг хэлэлцэх юм. Түүнчлэн “Цалингийн хэмжээг тогтоох илтгэлцүүр батлах тухай”, “Зарим албан тушаалтны цалингийн хэмжээ тогтоох тухай” тогтоолын төсөл, Монгол Улсын Ерөнхий аудиторыг чөлөөлөх, томилох тухай, Зарим байнгын хорооны даргыг сонгох талаар хэлэлцэхээр төлөвлөжээ.
Хэлэлцэх асуудалтай холбогдуулан гишүүд үг хэлж байна.
УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн:
-Мягмар гаригийн Эдийн Засгийн байнгын хорооны хуралдаанаар Оюутолгойн төслийн гэрээний хэрэгжилтийг шалгасан ажлын хэсгийн дүгнэлтийг хэлэлцэхээс хойшлуулсан. Уг дүгнэлтийг Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцэхээс гадна УИХ-аар хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулж өгөөч, мөн хэлэлцэх бэлтгэл ажлыг нь хангамаар байна. Хоёрдугаарт, байнгын хороогоор хэлэлцэгдэх Оюутолгойн төслийн талаар шалгасан УИХ-ын ажлын хэсгийн дүгнэлтэд Оюутолгой ХХК-аас хариу тайлбарыг ирүүлсэн. Уг хариу тайлбарыг УИХ-ын гишүүдэд тараахгүй байх тал дээр УИХ-ын дарга арга хэмжээ авна уу. Ажлын хэсгийн дүгнэлттэй УИХ-ын гишүүд танилцаж амжаагүй байгаа. Гэтэл эсрэгээрээ Рио-Тинтогоос ирүүлсэн хариу тайлбарыг гишүүдэд тараах нь процессын хувьд маш буруу. Д.Тэрбишдагва гишүүнээр ахлуулсан ажлын хэсгээс гарсан санал, зөвлөмж, дүгнэлт Эдийн засгийн байнгын хорооны гишүүдэд Мягмар гаригт тараагдсан. Дүгнэлтийг бусад бүх гишүүдэд бүрэн хүргэх тал дээр УИХ-ын дарга анхаарал хандуулаач гэж хүсмээр байна. Ирэх долоо хоногт байнгын хороо болон УИХ-ын чуулганаар хэлэлцэхэд гишүүд ажлын гэсэн дүгнэлттэй танилцчихсан, мэдээлэлттэй баймаар байна. Засгийн газар стратегийн орд газруудад байгуулсан гэрээний хэрэгжилтийг хангах, танилцах эрх нь УИХ-д бүрэн бий. Тухайн үед Оюутолгой төслийн гэрээг байгуулах үед жил бүр төслийн хэрэгжилтийг УИХ-д Засгийн газар танилцуулж байх үүргийг өгсөн байдаг. Энэ хэрэгжилт огт хангагдаж ирээгүй. Тиймээс Засгийн газар дээрх үүргээ биелүүлж ажилламаар байна.
УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир:
-Мягмар гаригт Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Оюутолгойн гэрээг шалгасан ажлын хэсгийн дүгнэлтийн хэлэлцэхээр бүх материалыг байнгын хорооны гишүүдэд тараасан. Бэлтгэл ажил хангагдсан. АТГ-ын материалаас бусад материалыг үндсэндээ байнгын хорооны гишүүдэд хүргүүлсэн. Нууцлалын чанартай хоёр материалыг мөн байнгын хорооны гишүүдэд хүргүүлсэн. “Оюутолгой” ХХК албан ёсны хүсэлт тавьсны дагуу 43 хуудас материал Оюутолгой ХХК-д өгсөн. Энэ дагуу тайлбар ирүүлсэн. Үүнийг мөн гишүүдэд тарааж байгаа. Оюутолгой ХХК-д өгсөн 43 материал нууцлалтай материал биш, УИХ-аас байгуулсан ажлын хэсгийн дүгнэлт байсан. Үүнд намайг буруутгаж хулгайгаар Оюутолгой ХХК-д аваачаад өгчихсөн зүйл байхгүй. Эдийн засгийн байнгын хороо хуулийн дагуу бэлтгэл ажил болон холбогдох материалуудыг байнгын хорооны гишүүдэд тараасан. Ирэх долоо хоногт хэлэлцэхэд ямар ч асуудал байхгүй. УИХ-аар ч хэлэлцүүлэх боломжтой. Хариуцлагатай мэдэгдэл хийхгүй бол буруу зөрүү мэдээлэл их гарч байна.
УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан:
-"Оюутолгой"-н ажлын хэсгийн ахлагч Д.Тэрбишдагва ажлын хэсгийн хуралдуулж, дүгнэлт гаргаагүй. Дэд ажлын хэсгийг хуралдуулсан. Ажлын хэсгийн дүгнэлтийг гишүүдийн өрөөгөөр туслахаа явуулж, гарын үсэг зуруулсан. Санхүүгийн тооцоолол гаргах бүрэн боломжтой. Дубайн гэрээг өөрчлөлт шаардлагатай гэж байгаа ч гэрээн өөрчлөлт хийх талаар дурдагдаагүй. Тооцоолол дээр үндэслэж гэрээ хэлэлцээр өөрчлөх талаар УИХ хэлэлцэх ёстой. Ийм үндэслэлээр дүгнэлтэд би гарын үсэг зураагүй. Боловсруулах үйлдвэрлэл, усны асуудал тусгагдаагүй. Туйлын хангалтгүй дүгнэлт болсон. Тиймээс хэлэлцэх асуудал дээр дүгнэлтийг биш ажлын хэсгийн явцтай танилцах байсан.
УИХ-ын гишүүн Н.Учрал:
-Цахим бодлогын түр хорооны 26 гишүүдийг цөөлмөөр байна. Ирц хүрэхгүйгээс түр хороо хуралдаж чадахгүй байна. Энэ долоо хоногийн түр хорооны байнгын хорооны хуралдаанд зөвхөн долоон гишүүн л ирсэн. Анх цахим бодлогын түр хороог байгуулах үед бүгд л идэвх, зүтгэлтэй ажиллана гэж хэлж байсан.Ажлын хэсгийн хуралдаандаа ирэхгүй атлаа чуулганы хуралдаанаар бүгд л цахим аюулгүй байдал, мэдээллийн аюулгүй байдлын талаар ярьцгаадаг. Түр хорооны ажлыг явуулахад хүндрэлтэй байна. Хэрэв цахим бодлогын асуудал танд хамаагүй бол энэ түр хорооноос түдгэлзээд ажил явуулж өгөөч.
УИХ-ын гишүүн Л.Болд:
-Чуулганаар хэлэлцэх асуудалд ХЭҮК-ийн илтгэл байхгүй байна. Хууль зүйн байнгын хорооны хуралдаан дээр хэлсэн үгийг гуйвуулж байна. С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт ял авсан Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг сулла" гэж Түр хороо дүгнэлт гаргалаа гэж төв телевизээр худлаа мэдээллээ. Манай "Цагийн хүрд" хонгилын телевиз болсон. Эрүүдэн шүүгдээд тогтоогдсон хүмүүст суллах хууль эрхзүйн орчин бүрдсэн. Энэ асуудлаар Засгийн газарт чиглэл өгч, УИХ тогтоол гаргасан ч болно.
УИХ-ын дарга Г.Занданшатар:
-"Оюутолгой"-н асуудалд Засгийн газар хөндлөнгийн шинжээч авч ажиллуулахаар болсон байна лээ. Ажлын хэсгийн, АТГ-ын, аудитын газрын дүгнэлтүүд байгаа. Тиймээс Эдийн засгийн байнгын хороо хэлэлцээд саналаа оруулаад ир. Эрүүдэн шүүсэнтэй холбоотой, хүүхдийн эрхтэй холбоотой асуудлаар нээлттэй сонсгол явуулна.
Ийн гишүүд хэлэлцэх асуудалтай холбогдуулан үг хэлж дууссан учир УИХ-ын чуулганы хуралдааны эхэнд Засгийн газраас өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай, Газрын тосны тухай, Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг үргэлжлүүлэн хэлэлцэж байна.