Манай улсын 2018 оны эцсийн мал тооллогын дүнгээр мал сүрэг 66.5 сая толгойд хүрснийг салбар яамнаас мэдээлсэн. Гэтэл өнөөдөр ард түмэн нэг килограмм махыг 10 мянга давсан үнээр худалдан авч байна.
Төр төлөөлж байгаа түшээдийн хэлсэн "махаа багасга, түмпэн дүүрэн махнаасаа татгалз" гэдэг үг нь бодит амьдрал дээр аль хэдийнэ "хэрэгжээд" эхэлжээ. Улаанбаатарчуудын махны хэрэглээг хангадаг хамгийн том цэг Хүчит шонхор зах. Мах магнаг болсон энэ үед иргэд аль болох хямд үнэтэй дайвар бүтээгдэхүүн худалдан авах болсон талаар махны худалдаачид онцлов. Энд мах тансаг хэрэглээ болж, жижиглэн, шулсан ясаар хоол хийж байна. Энэ бол эмгэнэл гэлтэй. Нийт хүн амтайгаа харьцуулахад мал нь 22 дахин өссөн гэсэн статистик гараад байгаа билээ.
Энэ хүнийг Э.Дариймаа гэдэг. Тэрбээр хар багаасаа л “Хүчит шонхор” захыг бараадан амьдралаа залгуулж ирсэн нэгэн. “Хүчит шонхор” зах дээр махны шуудай 500 төгрөгөөр зарж, өдрийн хоолоо олдог түүнтэй цөөн хором ярилцахыг хүсэхэд зөвшөөрсөн юм.
-Сайн байна уу. Таныг хэн гэдэг вэ. Бидэнд өөрийгөө танилцуулахгүй юу?
-Намайг Э.Дариймаа гэдэг. Би “Хүчит шонхор” зах дээр махны шуудай зардаг. Би захаас холгүй айлд амьдардаг юм. Одоо 30 настай.
-Махны үнэ нэмэгдсэнтэй холбоотойгоор худалдан авалт муудсан гэдгийг худалдагч нар хэлж байна. Таны өдрийн орлогод энэ нөлөөлж байна уу?
-Шуудайгаа захаас 300 төгрөгөөр аваад, 500 төгрөгөөр худалддаг юм. Өдөрт 10 мянган төгрөгөөс хэтрэхгүй. Ер нь ажиглаад байхад сүүлийн хэдэн сар махны худалдан авалт эрс багассан. Энэ нь миний өдрийн орлогод ч гэсэн нөлөөлж байна. Хүмүүс цагаан сарын баярын үеэр л махны шуудай их сайн худалдан авдаг.
-Тэр мөнгөөрөө өдрийн хоол хүнсээ авч хүрэлцэж байна уу?
-Тэгээд л өдрийн хоол хүнсээ зохицуулаад авна. Мах их өндөр үнэтэй байгаа учраас авч дийлэхгүй ээ. Ихэвчлэн жижиглэн /дайвар бүтээгдэхүүн/, шулсан яс аваад хоолондоо шөл гаргаж иддэг. Өнөөдөр ч гэсэн хоолондоо хэрэглэх яс аваад л явж байна.
-Шулсан ясаа худалдаж авдаг уу?
-Шулсан ясыг заалнаас үнэгүй авдаг. Ерөнхийдөө хүмүүс намайг таньдаг болохоор хаягдал, илүү гарсан ясаа надад өгчихдөг юм. Намайг чинь хүмүүс бүр тоглоод “Хөөе шуудай” гэж дууддаг.
“ӨНГӨРСӨН ЖИЛ 7500 ТӨГРӨГ БАЙСАН ҮХРИЙН МАХ ЭНЭ ЖИЛ 12.500 БОЛЖЭЭ”
“Махны үнэ арай хэтэрлээ”, “Махаа ч идэж чадахгүй болжээ” гэж халагласан хүмүүс “Хүчит шонхор” худалдааны төвд цөөнгүй таарлаа. Олны хөл хольхиж байдаг зах нэг л эл хуль. Зарим махны худалдагч “Өдийд лангуу маань хоосроод, махаа зараад дуусчихдаг сан” гэж ярьж суув. Махны үнийн талаар сурвалжлахаар “Хүчит шонхор” захын жижиглэнгээр мах худалдаалдаг хэсгээр орлоо.
Хонины ястай мах 9500 төгрөг, хонины цул махыг 10 мянган төгрөгийн үнэтэй худалдаалж байв. Харин ямааны ястай мах 8500 төгрөг, цул нь 9000 төгрөгийн үнэтэй байсан бол үхрийн цул мах 12.500 төгрөг, ястай мах нь 11.500 төгрөгийн үнэтэй. Адууны цул мах 9800 төгрөгийн үнэтэй бол ястай мах нь 9500 төгрөг.
Иргэд махны үнэ өссөн учраас бага хэмжээгээр л худалдан авч байгаа тухай худалдагч нар хэлсэн юм. “Хүчит шонхор” захын махны худалдагч эмэгтэй “Өдөр өдрөөр л махны үнэ нэмэгдээд байх юм. Энэ хавар махны үнэ огцом нэмэгдэж байна. Одоо ченж гэж байхаа больсон шүү дээ. Малчид өөрсдөө ченж болоод байна. Бид махаа зарахад хүртэл бухимдалтай байхад чинь худалдаж авч байгаа иргэдийн хувьд ууртай байлгүй яахав. Бид ч гэсэн малчдаас бага хэмжээгээр махаа авч байгаа. Хужаа нар хямд махыг нь түүж аваад байгаа учраас үнэтэй мах нь бидэнд үлдээд байна. Өнгөрсөн онд үхрийн мах гэхэд л 7500 төгрөгий үнэтэй байсан бол энэ жил 12.500 төгрөгийн үнэтэй болоод байна” гэдгийг хэлж байв.
ДАЙВАР БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ХЭСЭГ ХУДАЛДАН АВАЛТ САЙТАЙ БАЙВ
Харин тус захын дайвар бүтээгдэхүүний хэсгээр ороход хүн ихтэй угтав. Хүмүүс ихэвчлэн хонины элэг, зүрх сонирхон, худалдан авч байгаа харагдлаа. “Махны үнэ нэмэгдээд, хэцүү байна. Одоо мах идэхэд ч хэцүү болжээ. Би өмнө нь 20 мянган төгрөгт хоёр, гурван килограмм мах авдаг байсан. Одоо 20 мянган төгрөгөөр хонины хоёр ширхэг нуруу л ирж байна. Олон ам бүлтэй гэр бүлд нэг өдрийн л хоол болж байна шүү дээ. Тиймээс өнөөдөр дайвар бүтээгдэхүүн худалдан авах гээд зогсч байна. Гэтэл дайвар бүтээгдэхүүний үнэ хүртэл нэмэгдээд, бараг махнаасаа ялгаагүй үнэтэй болсон байна” хэмээн иргэн Г.Энхчимэг бухимдангуй ярилаа.
Дайвар бүтээгдэхүүний хэсэгт үхрийн гургалдай өмнө нь 6000 төгрөгийн үнэтэй байсан бол одоо 7500 төгрөгөөр худалдаалж байв. Хонины зүрхийг өмнө нь нэг килограмм 3500 төгрөг байсан бол 7000 төгрөг болж үнэ нь өсчээ. Харин хонины элэг 1300-1500 төгрөгийн үнэтэй.
Дайвар бүтээгдэхүүний худалдагч Б.Жаргалсайхан “Монгол улс 60 сая малтай, гэвч махны үнэ бол арай хэтэрч байна. Гэтэл иргэд гар дээрээ ямар цалин авдаг билээ. Зарж байгаа бид ч ялгаа юу байх вэ. Биднийг хүмүүс үнэтэй мах зарлаа гэж загнана. Бид өмнө нь хонины зүрхийг дээд тал нь 3500 төгрөгөөр зардаг байсан бол одоо 7000 төгрөгөөр худалдаж байна. Үхрийн гургалдайг 6000 төгрөгөөр худалдаалдаг байсан бол 7500 төгрөгиийн үнэтэй болоод байна. Гэсэн хэдий ч иргэд арай хямдын бодоод дайвар бүтээгдэхүүн их худалдан авч байна” гэсэн юм.
Гэрэл зургийг Н.БАТМӨНХ
Холбоотой мэдээ