Ялалтын парадад дэлхийн улс орны удирдагчид уригдаагүй

Хуучирсан мэдээ: 2019.05.09-нд нийтлэгдсэн

Ялалтын парадад дэлхийн улс орны удирдагчид уригдаагүй

Ялалтын парадад дэлхийн улс орны удирдагчид уригдаагүй

Хүн төрөлхтний түүхэнд XX зуунд багагүй гай гамшиг учруулсан дэлхийн хоёр том дайн болсон билээ. Тэрхүү хоёр дайнаас дэлхийн II дайнд гурван тивийн 61 улс, дэлхийн хүн амын 80 орчим хувь, 110 сая хүн цэрэгт оролцсон юм. Дайны уршгаар 50-70 сая орчим хүн амь насаа алдсан бөгөөд энэ тоог өнөө болтол эцэслэн тогтоож чадаагүй байна. Энэхүү II дайны нэг том хэсэг нь Зөвлөлтийн ард түмний Аугаа их Эх орны дайн билээ. Эх орны дайнд Зөвлөлтийн ард түмэн 27 сая хүнээ алдсанаас Улаан армийн нийт хохирол 11.8 сая /6.8 сая хүн ам үрэгдэж, 4.6 сая хүн сураггүй болж, олзлогдсон/ болжээ.

Дайны жилүүдэд зөвлөлтийн 34.5 сая цэргийн алба хаагч дайчлагдан дайнд оролцсон ажээ. Дайнд 13.7 сая энгийн хүн амь үрэгдсэнээс 7.4 саяыг нь булаан эзлэгчид зориуд хөнөөж, 2.2 сая хүн Германд хүнд хүчир ажил хийж яваад амь үрэгдэж, булаан эзэлсэн нутагт 4.1 сая хүн өлсгөлөнгөөр нас баржээ.

Эх орны дайны жилүүдэд ЗСБНХУ-д 1710 хот, 70 мянга гаруй тосгон, 32 мянган завод, фабрик сүйдэж, 98 мянган хамтрал, 2890 машин-тракторын станцыг дээрэмдсэний улмаас учирсан хохирлын нийт өртөг 128 тэрбум ам.доллар /зарим баримтад 450 тэрбум ам.доллар/ болсон гэж үздэг билээ. Хүн төрөлхтний түүхэнд уй гашуу авчирсан энэхүү дайн төгсгөл болсноос хойш өдгөө 74 жил өнгөрчээ. Энэхүү дайнд хамгийн их хохирол амссан ОХУ өнөөдөр /2019.05.09/ уламжлал ёсоор Москва хотын Улаан талбайд цэргийн сүрт парадаа орон нутгийн цагаар өглөө 10.00 цагт зохион байгуулна.

Энэ жилийн Ялалтын баярын цэргийн парадын сонирхол татах зүйл нь Батлан хамгаалах сайдын хөлөглөх автомашин гэж тодотгож байна. ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу энэ удаагийн цэргийн парадыг командлахдаа үндэсний үйлдвэрлэлийн Aurus лимузинг хөлөглөх ажээ. Харин шинэ зэвсэг техникээ үзүүлэх эсэх нь тодорхойгүй байна. Учир нь Ялалтын баярын бэлтгэлийн үеэр харагдаж байсан шинэ зэвсэг, техник нь тавдугаар сарын 07-нд болсон нэгдсэн бэлтгэлийн үеэр огт харагдаагүй болохыг хэвлэл мэдээллийн агентлагууд онцолж байв. Харин судлаачдын үзэж буйгаар, шинэ зэвсэг, техникийг тийм ч амархан үйлдвэрлээд олон нийтэд дэлгээд үзүүлээд байдаггүй. Үүнд маш их цаг хугацаа шаардлагатай гэдгийг онцлон тэмдэглэв.

“Парад бол улирал бүр шинэ коллекцио танилцуулдаг загварын шоу биш. Бид 2015 онд Ялалтын баярын тэгш ойн баяраар шинэ зэвсэг, техникээ танилцуулсан. Ирэх жил Ялалтын баярын 75 жилийн ой тохионо. Энэ үеэр шинэ зэвсэг, техникээ танилцуулахаар төлөвлөж байна” хэмээн ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас сэтгүүлчдэд өгсөн тайлбартаа дурджээ.

Тэгвэл энэ жилийн парадад 13 мянга 600 цэрэг, тэр дундаа 400 нь механикжуулсан баг, 170 гаруй нь нисэх онгоцны багийхан дэлхий дахинд сүрт жавхлан үзүүлбэрийг үзүүлэх гэж байна.

ДЭЛХИЙН УДИРДАГЧИД ЯЛАЛТЫН БАЯРААР НЭГ ДОР ЦУГЛАХ УУ?

Жил бүрийн ялалтын баярт уригдсан дэлхийн улс орнуудын удирдагчид хэн байх, хэн уригдалгүй үлдэв гэдэг дэлхий нийтийн анхаарлын төвд байдаг. Тэгвэл энэ жил Ялалтын баяраар гаднын улсын өндөр дээд албан тушаалтан, зочдыг албан ёсоор уриагүй гэдгийг ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков мэдэгдлээ. Тэрбээр “Ялалтын баярт олон улсын удирдагчдыг албан ёсоор урихгүй байх тохиолдол бол байдаг л зүйл. Өнгөрсөн жил ч гэсэн бид албан ёсоор, тусгайлан урьсан зочид, төлөөлөгчид байгаагүй. Гэсэн хэдий ч энэ баярыг тохиолдуулан айлчлалаа товлосон улс орны төрийн тэргүүн байх нь байдаг. Гаднын улсын удирдагчдыг Ялалтын баярын тэгш ойгоор албан ёсоор урьдаг. 2015 онд Ялалтын баярын 70 жилийн ой тохиосон. Энэ үед дэлхийн улс төрийн нөхцөл байдал хэцүүхэн байсан ч бусад улс орны төрийн тэргүүн нарыг албан ёсоор урьсан, тэд ч ирсэн. Иймээс ирэх жил Ялалтын баярын 75 жилийн ойгоор улс орнуудын төрийн тэргүүн нарыг урих төлөвлөгөөтэй байгаа” гэв.

Ялалтын баярыг тохиолдуулан "урилгагүй" зочид ирдэг тохиолдол бий. Тухайлбал, өнгөрсөн жил Ялалтын баярын үеэр Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху болон Сербийн Ерөнхийлөгч Александр Вучич ОХУ-д айлчилж байсан удаатай. Мөн 2017 онд Молдавийн Ерөнхийлөгч Игорь Додон Ялалтын баяраар ОХУ-д айлчилсан. Тус улсын үе үеийн ерөнхийлөгчид 15 жил ОХУ-д айлчлаагүй тул ийнхүү Игорь Додон Ялалтын баярыг тохиолдуулан айлчлалаа товлосон ажээ.

Харин үүнээс өмнө 2015 онд Казахстаны ерөнхийлөгч асан Нурсултан Назарбаев Ялалтын баярын хүндэт зочноор уригдаж байв. Тухайн үед ОХУ-ын зүгээс 68 орны төр засгийн тэргүүн нарт албан ёсны урилга илгээсэн ч 30 улсын төрийн тэргүүн нар урилгыг нааштай хүлээн авсан билээ. Энэ үеэр Монгол Улсын дөрөв дэх ерөнхийлөгч Ц. Элбэгдорж мөн ОХУ-д уригдсан юм. Мөн энэ үеэр Аугаа эх орны дайны Ялалтын 70 жилийн ойд зориулсан цэргийн парадад Монгол Улсын цэргийн бүрэлдэхүүн дэлхийн 730 орчим цэрэг, дайчидтай хамт анх удаагаа Улаан талбайд жагссан юм.

ОРОСУУД ХЭРХЭН ЯЛАЛТЫН БАЯРАА ТЭМДЭГЛЭДЭГ ВЭ?

Ялалтын баярын өдөр ОХУ даяар, өнцөг булан бүрт баярын арга хэмжээ зохион байгуулагддаг. Энэ үеэр оросууд дайны тухай уран сайхны кино үзэж, төрөл бүрийн тэмцээнд оролцож, мөн 1940-өөд оны хөгжим дор бүжиглэцгээдэг билээ. Мөн соёл, амралтын хүрээлэн бүрт дайны цаг үеийн дууг эгшиглүүлсэн тоглолт болдог бөгөөд томоохон зэвсэг техник, дайны он жилүүдийг харуулсан зургийн үзэсгэлэн гарна.

Ялалтын баярын гол хэсэг болох цэргийн парадыг Улаан талбайд орон нутгийн цагаар 10.00 цагт эхлүүлсний дараа 13.00 цагаас Москва хотын өнцөг булан бүрт баярын арга хэмжээ эхэлж, 15.00 цагаас Улаан талбайд «Бессмертный полк» жагсаал уламжлал ёсоор болно. Энэхүү жагсаалд 700 мянган хүн оролцохоор бүртгүүлжээ.

ЯЛАЛТЫН БАЯР ЯАГААД БИДЭНД ЧУХАЛ ВЭ?

Дэлхийн II дайн бол дэлхийн улс төрийн газрын зургийг өөрчилсөн төдийгүй Монгол Улсын тусгаар тогтнолд нөлөөлснөөрөө бидэнд хамааралтай түүхэн үйл явдал билээ. Хэдийгээр бид энэхүү дайнд гар бие оролцоогүй ч Монгол Улсын хөгжил дэвшил, тусгаар тогтнолыг ЗХУ-тай шууд холбон үзэж байсны хувьд дайн эхэлсэн өдрөөс Германы эсрэг Зөвлөлтийн ард түмний хийж буй тэмцэлд нэгдэн орсон билээ. Монгол Улс Монгол-Зөвлөлтийн 1936 оны харилцан туслалцах протокол гэрээгээр хүлээсэн үүргээ үнэнчээр биелүүлэхэд бэлхэн байгаагаа илэрхийлээд, ЗХУ-д бүх бололцоогоор туслахыг ард түмэндээ уриалсан билээ. Ийнхүү Монгол Улс эх орны дайны үед ЗХУ-ын талд баттай зогсч, фашизмын эсрэг эвсэлд  оролцох байр сууриа дэлхий дахинд эн тэргүүнд албан ёсоор зарласан анхны улсын нэг болжээ.

Монголын ард түмэн Зөвлөлтийн улаан армид сайн дураар туслах хөдөлгөөнийг энэ цаг үеэс “Бүхнийг ялалтын төлөө”, “Бүхнийг фронтод” гэсэн уриан дор дайны жилүүдэд  ажиллаж, амьдарч эхэлсэн юм.

Дайн эхэлсэн тэр үеэс үйлдвэрийн ажилчид төлөвлөгөөгөө 400 хувиас доошгүйгээр давуулан биелүүлэх, ээлжийн амралтаа авахгүй ажиллах, өдөр бүр хоёроос таван цаг илүү ажиллах, амралтын өдрөөр ажиллан Улаан армид туслах хөрөнгө хуримтлуулах санаачилга гаргасныг бүх л үйлдвэрийн ажилчид дэмжиж, улмаар амралтын өдрөөр ажиллах үзэгдэл нийтлэг болов. Түүнчлэн ард олноос фронтод мөнгөн тусламж үзүүлэх санаачилга гаргах болжээ.

Ард түмний дунд ийм хөдөлгөөн өрнөсөнтэй холбогдуулж, Ардын сайд нарын зөвлөлийн хурлын тогтоолоор “Бэлэглэлийн төв комисс” байгуулагдаж, даргаар нь жанжин Д.Сүхбаатар агсны гэргий С.Янжмаа томилогдов.  Ингээд тус комиссоос ард түмнээс цугларсан бэлгийг зургаан хэсэг цуваа болгон Зөвлөлтийн Улаан армид хүргүүлж байжээ.

Зургаан цуваанд явуулсан бэлгийг доор дурдвал:

  • Нэхий дээл – 37635 ширхэг
  • Эсгий гутал – 92450 хос
  • Үстэй бээлий – 53747 хос
  • Нэхий болон үстэй хантааз – 51390 ширхэг
  • Цэрэг бүс – 58800 ширхэг
  • Ноосон цамц – 8290 ширхэг
  • Нэхий хөнжил – 3321 ширхэг
  • Мах – 680тн 100кг
  • Зээр –  43503
  • Зээрийн мах – 44тн
  • Зэрлэг гахай – 730.6 тн
  • Ятуу – 18985
  • Хиам – 188.7 тн
  • Цөцгийн тос – 15.6тн
  • Нарийн боов – 13.1 тн
  • Чанамал жимс – 80тн 12954кг
  • Шувууны мах – 2364 тн
  • Сүлжмэлийн зүйл – 4920 хос
  • Чихэр – 36900кг
  • Боов, боорцог – 10 тн 70400кг
  • Эдийн саван – 113 тн 5060 кг
  • Махор тамих – 83 гаруй тн
  • Улаан архи – 33 торх
  • Савхин дээл – 150ширхэг
  • Шаахай -1000 хос
  • Шинель – 13200
  • Хөвөнтэй өмд, цамц – 3066
  • Морин цэргийн эмээл – 1000
  • Торгон савхин гутал -150
  • Ажлын савхин гутал – 15100
  • Ботинк – 3000
  • Нисэгч нарын гутал – 500
  • Цаначны малгай – 900
  • Цагаан архи – 480 хайрцаг
  • Бичгийн дугтуй – 56050
  • Өврийн дэвтэр – 27875
  • Нийтийн бэлэглэл – 127 авдар
  • Хувийн бэлэглэл – 55609
  • Тос – 96.5 тн
  • Архи -8000 литр
  • Папирос – 5.5 сая ширхэг
  • Дах – 6766
  • Гэрийн эсгий – 12336
  • Суран бүс – 24000
  • Эсгий гэр – 194
  • Унадаг дугуй – 628
  • Цагаан ултай үстэй сөөхий-2575 хос
  • Эмнэлгийн шаахай – 10158
  • Хүзүүний ороолт – 2000
  • Ноосон бээлий – 2486
  • Казах эмээл – 600 зэрэг савхин гутал, хүзүүний ороолт, хөвөнтэй хувцас, чихэр, лаазтай сүү, цаг, хутга, зүйл бүрийн хувцас, хөнжил, сахлын машин хутга, тамхи оролцуулсан 132 ширхэг бэлэг, нийт 205 тн хүнсний зүйлийг Зөвлөлтийн Улаан армид зургаан удаагийн цуваагаар илгээж байв.

Сүүлийн хоёр цуваанд “Хувьсгалт Монгол” танкийн бригад, “Монгол ард” эскадрильд зориулсан бэлэг багтсан ажээ.

Монголын ард түмний хөрөнгөөр байлдааны зэвсэг хэрэгсэл бэлтгэж өгөх нь тусламжийн онцгой чухал хэлбэр хэмээн Монголын төр засаг үзсэн тул “Хувьсгалт Монгол Улс” гэдэг нэртэй танкийн цувааг байгуулах хөрөнгө цуглуулах ажлыг зохион байгуулах Засгийн газрын тогтоол гарчээ. Энэ дагуу Монгол Улсын Засгийн газраас 2.5 сая төгрөг, 300кг алт, 100 мянган ам.долларыг ЗХУ-ын Гадаад худалдааны банкинд урьдчилан шилжүүлсэн бөгөөд ард олноос хоёр сая орчим төгрөг цугларчээ.

Энэ бүхний үндсэн дээр танкийн бригадыг ЗХУ-д үйлдвэрлэсэн Т-34 загварын танк 32 ширхэг, Т-70 загварын танк 21 ширхгийг Улаан армид хүлээлгэн өгчээ.

Монголын ард түмнээс Зөвлөлтийн улаан армид бэлэглэсэн бас нэгэн зүйлийн байлдааны техник бол “Монгол ард” нисэх онгоцны эскадриль билээ.

Мөн Улаан армийн хэрэгцээнд зориулан агт морьд худалдаж, бэлэглэх нь Эх орны дайны фронтод туслах нэг чухал ажил байв. Үүний дагуу малчин ардуудаас “Сайн морьд улсдаа худалдъя” уриан дор улсаас тогтоосо үнээр морьдд худалдах кампанит ажил орон даяар өрнөжээ. Энэ ажлын үр дүнд Монголын ард түмэн дайны жилүүдэд фронтод зориулан 485 мянган морьд худалдаж, 32 мянга 538 шилдэг хүлгээ бэлэглэжээ. Улаан армид очсон монголын морьд дайны хүнд хүчрийг эр цэргийн адил үүрч Берлин орж, ялалтад хувь нэмрээ оруулсан билээ.

Үүнээс гадна, Монголын ард түмэн дайн дууссаны дараа ЗХУ-г орхисонгүй. Монголчууд Зөвлөлтийн чөлөөлөгдсөн нутгийг сэргээхэд зориулан хүчний ба үржлийн мал бэлэглэх болсон юм. Мөн 43 мянган төгрөгийн үнэ бүхий 4920 ширхэг хувцас нэхэж, чөлөөлөгдсөн нутгийханд илгээж, дайны улмаас өнчрөгсдөд Монголын ард түмнээс тусламж, бэлэглэл явуулах ажлыг өрнүүлж байв.

Эх сурвалж: Известия, Газета.ру,

Монгол Улсын Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
32
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж