“Уйтгарт гүнж” хатан болсон түүх | News.MN

“Уйтгарт гүнж” хатан болсон түүх

“Уйтгарт гүнж” хатан болсон түүх

“Уйтгарт гүнж” хатан болсон түүх

Японы угсаа залгамжлах хунтайж Нарухито тавдугаар сарын 1-ний өдрөөс арлын Япон орны 126 дахь сүр жавхлант Эзэн хаан болж, түүний гэргий Масако хатнаар өргөмжлөгдсөн билээ. Бид энэ удаа “ХҮМҮҮС” буландаа япончуудын дунд “уйтгарт гүнж” хэмээн нэрлэгддэг, 55 настай Масако Овадагийн тухай онцолж байна.


БЯЦХАН МАСАКО

Масако Овада 1963 оны арванхоёрдугаар сарын 9-ний өдөр Японы тэргүүний дипломатч Овада Хисакийн гэр бүлд төрж, хоёр наснаасаа ЗХУ-д амьдарчээ. Японы ирээдүйн Хатан хаан Москвагийн цэцэрлэгт хүмүүжсэн тул орос хэлээр чөлөөтэй ярьдаг аж.

Тэрбээр Америкт сургуулиа дүүргэж, Харвард, Оксфордын Баллиол коллеж болон Токиогийн их сургуульд суралцаж, өндөр боловсрол эзэмшжээ. Масако японоос гадна англи, испани, герман, орос хэлээр чөлөөтэй ярьдаг. Тэрбээр их сургуулиа дүүргэсний дараа дипломат албанд хүчин зүтгэх хүсэлтэй байсан бөгөөд багагүй хугацаанд Японы Гадаад хэргийн яаманд ажиллажээ.

Масако ихэр дүү нарын хамт

-ХУНТАЙЖ НАРУХИТО ОВАДАГ ЗУРГААН ЖИЛ ТЭВЧЭЭРТЭЙ ХҮЛЭЭЖЭЭ-

Эзэн хааны ордны Хэрэг эрхлэх газрын дарга Фужимори Сэйчи ерээд оны эхээр нэлээд төвөгтэй асуудалтай тулгарчээ. Энэ нь хаан Акихитогийн ууган хүү, үе залгамжлах хунтайж Нарухитогийн эхнэр болох бүсгүйг сонгон олж өгөх явдал. Нийтдээ 200 гаруй бүсгүйг судалж танилцуулсан боловч Нарухито тэднээс хэнийг нь ч тоосонгүй. Фужимори түүнээс хойш хэдэн жилийн турш шаргуу ажилласны эцэст Масако Овада хэмээх бүсгүйг ирээдүйн гүнж болох хамгийн өндөр магадлалтай хүн гэж үзжээ.

Японы Гадаад Хэргийн яамны Хойд Америкийн хэлтэст ажилладаг, чадварлаг дипломатч болох ирээдүйтэй энэ бүсгүйтэй хунтайж Нарухито 1986 онд Эзэн хааны ордонд болсон Испанийн гүнж Еленад зориулсан хүлээн авалт дээр танилцжээ. Хунтайж Нарухито Масаког харуут дурлаж, улмаар эхнэрээ болгохыг хүссэн боловч тэр хүлээж авалгүй Японы Гадаад хэргийн яамны томилолтоор дахин гадаадад суралцахаар явсан аж. Хунтайж Нарухито Масакогийн зөвшөөрлийг авахын тулд зургаан жилийн турш тэвчээртэй хүлээжээ.

Масакод гэр бүлийнхэн нь болон хааны ордныхон “Ирээдүйн эзэн хааны гүнж болох эсэх нь чиний эрх ашиг биш улс эх орны ирээдүйтэй холбоотой асуудал шүү" хэмээн ятгажээ. Энэ бүхний эцэст бүсгүй Хунтайжийн саналыг зөвшөөрч, энэ тухай мэдээг тусгай элч Нарухитод утсаар мэдэгдсэн аж.

Хаан ширээ залгамжлах хунтайж Нарухито, Масако нар 1993 оны зургадугаар сарын 9-нд албан ёсоор гэр бүл болсон нь Япон Улсын түүхэнд чухал тэмдэглэлт өдөр болон тэмдэглэгджээ.

Ханхүү анх гэрлэх санал тавих үедээ “Хааны ордон доторх амьдрал амаргүй, айж балмагдах явдал цөөнгүй тохиолдоно. Гэсэн ч би чамайг бүх насаараа хайрлаж, хамгаалах болно” гэж хэлсэн хэмээн Масако гүнж хожим нь хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурджээ.

-ХААНЫ ГЭР БҮЛИЙН ХАТУУ ЁС ЖАЯГ ГҮНЖИЙГ СЭТГЭЛИЙН ГҮН ХЯМРАЛД ОРУУЛАВ-

Масако хунтайж Нарухитотой гэр бүл болсноор Японы эртний уламжлалыг даган, нөхрөө хүндлэн, үр хүүхдүүдээ өсгөх гэр бүлийн “чимээгүй” албанд зүтгэх шаардлагатай тулгарав. Улмаар амьдралынх нь хэв маяг бүхэлдээ өөрчлөгдөн, тэрбээр шүлэг бичиж, цэцэг тарьж, олон нийтийн ажилд хааяа оролцдог, Японы эртний уламжлал, ялангуяа Эзэн хааны гэр бүлийн нарийн дэг жаяг, журмыг ягштал биелүүлдэг эзэгтэй болжээ.

Гэрлэлтийн дараа ордны амьдралд дасахгүй хэцүү цаг үеийг туулсан бөгөөд хүүхэд, жирэмслэлттэй холбоотой асуудлууд түүний сэтгэл санаа, эрүүл мэндэд гүнзгий нөлөөлжээ. Тухайлбал, Масако гүнж 1999 онд хөл хүнд болсон ч харамсалтай нь дутуу төрж, мөн 2001 онд угсаа залгамжлах хүү биш охин төрүүлснээр бусад хүмүүсээс ирэх дарамт шахалтууд улам нэмэгдсэн аж.

2001 онд Нарухито, Масако нар удаан хүлээлгэсэн хүүхдээ өлгийдөн авчээ. Тэр дор нь шинэ хүнд нэр хайрлах тусгай комисс байгуулагдаж, нэртэй эрдэмтэд, Япон болон Хятадын эртний уламжлалыг сайн мэддэг судлаачид зөвлөлдөж, бяцхан гүнжид Айко хэмээх нэр хайрлав. Айко гэдэг нь "Хайр, дурлал, хүүхэд" гэсэн утга санааг илэрхийлдэг хоёр ханзнаас бүрдсэн нэр аж.

Хорвоод дөнгөж мэндэлсэн бяцхан гүнжид хаан өвөө нь хакомэ гэдэг цамц бэлэглэсэн нь бяцхан гүнжийг муу бүгдээс хамгаалах "ид шид"-ийг бэлгэдсэн хэрэг байжээ. Гэвч Японы хаан ширээг зөвхөн эрэгтэй тал залгамжилдаг учир Масакод эрэгтэй хүүхэд төрүүлэх ёстой гэсэн дарамт ирж, гүнж сэтгэл санааны маш их дарамтад орсон байна. Нарухитогийн дүү Фумихитогийн гэр бүлд 2006 онд бяцхан хүү Хисахито мэндэлж, “Ирээдүйд хаан ширээнд залрах хаан удмын эрэгтэй хүүхэд мэндэллээ” гэсэн түр ч гэсэн тайвшрал авчрав. Гэвч Эзэн хааны ордонд эртнээс мөрдөгдсөн хатуу дэг жаягийг дахин сануулж, насан эцэслээгүй л бол зөвхөн ууган хүүгийн үр удамд хаан ширээг залгамжлуулах ёстой гэсэн хатуу хуультай дахин нүүр тулгарчээ.

Масако Овада олон жилийн турш сэтгэлийн гүн хямралд орж, эмчлүүлсний улмаас "уйтгарт" хэмээх нэр зүүсэн аж. Тэрбээр хунтайж Нарухитогийн гүнж болсноор эмэгтэй хүний хувьд баяр жаргал, уйтгар гунигийн аль алиныг үзжээ.

Өнгөрсөн онд түүний 55 насны төрсөн өдөр тохиосон. Энэ үеэр Масако гүнж Япон улсын хатан болох “итгэлгүй” байгаагаа өгүүлж байв. Гэхдээ тэрбээр “Бие минь бага багаар сайжирч буй учраас ажилдаа илүү анхаарал хандуулах болно” хэмээн мэдэгдсэн билээ.

ЯПОНЫ ДИ ХАТАГТАЙ ХАТАН БОЛЖ ЧАДНА ГЭДГЭЭ НОТЛОХЫГ ХИЧЭЭЖ БАЙНА

Японы сэтгүүлчид Эзэн хааны ордны хатуу дэг жаяг, дарамт шахалтад анхаарлаа хандуулсаар иржээ. Масаког олон жилийн турш Диана гүнжтэй харьцуулж ирсэн бөгөөд тэдний адил төстэй талыг ч олж тогтоосон байна. Япончуудын хувьд өндөр боловсролтой гүнжээсээ маш их зүйл хүсч байсан тул түүний амьдралд сэтгэл дундуур байх болжээ.

Тун удалгүй Хаант улсын дээдсийн хувиар оролцох ёстой хатуу хуваарьт арга хэмжээнүүдэд Масако оролцож чадахгүйд хүрсэн нь тодорхой болов. Гэрлэсэн эхний жилээ гүнжийн хувиар заавал оролцох арга хэмжээний зөвхөн 10 хувьд нь оролцсон аж. Нарухитотой гэрлэсэн эхний жил чухал үйл явдлуудад оролцохыг хичээдэг байсан боловч өвчний улмаас энэ бүхнээс аажмаар холджээ. Масакогийн шүтэн бишрэгчид түүний эрүүл мэндийн байдлын тухай таагүй мэдээ сонсоод, Эзэн хааны ордны хатуу дэг жаягийн талаар санал бодлоо илэрхийлэх болсон байна.

Гүнжийн хувьд байнгын сэтгэл гутралтай байсан нь даамжирч, гадаад ертөнцөд дасан зохицох чадвар буурсан хэмээн “оношлоход” хүргэжээ. Масако кимоно өмсөх дургүй, түүнийг “үзэн яддаг” бөгөөд энэ байдлаа ч нуудаггүй аж. Энэ нь эртний уламжлалаа дээдэлдэг япончуудын хувьд тийм ч таатай бус мэдээлэл юм.

Нарухитогийн хувьд амлалтаа биелүүлж, хүнд хэцүү жилүүдэд хайртай гүнжийнхээ төлөө, 20 жилийн өмнөх шигээ хайртай байж, хамгаалж, зөвтгөсөөр иржээ. Масако хатан болж чадна гэдгээ нотлохыг хичээж байна.

Эх сурвалж: ELLE, BBC, NHK, JAPAN TODAY

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-05-09 202.21.108.69

Олон их сурвалж ашиглаж мэдээ бэлдсэн байна мундаг

Avatar

Зочин 2019-05-09 202.21.124.134

Гоё эмэгтэй шүү. Жич: Хатан хаан биш Хатан гэнэ биз дээ.

Avatar

Zochin 2019-05-09 120.16.182.186

Busdiin toloo utgagui amdral.Diplomataa hiigeed yvsan bol jinhene az zargaltai bh bjdee.

Avatar

Зочин 2019-05-09 27.123.214.2

Богтлуулаад … хайргүй хүнтэй суугаад, ядаргаатай дүрэм журмаар дэглүүлээд зовчихсон бүсгүй байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж