Ховд аймаг дахь Цагдаагийн газрын Нийтийн хэв журмыг хамгаалах тасгийн эргүүлийн цагдаа, ахлагч П.Ганпүрэв, ахлагч Б.Мөнх-Эрдэнэ нар иргэн “М”-ийн 2-16 насны таван хүүхдийг угаартсан байдалтай байсныг илрүүлэн амь насыг нь аварчээ.
Тодруулбал, тавдугаар сарын 7-ноос 8-ныг шилжих шөнө ажил цагдаагийн алба хаагчид ажил үүргээ гүйцэтгэх хугацаанд “Толхын ойл” хоёрдугаар байрны орцны үүдний хэсгээс утаа гарч байхыг харсан байна.
Тэд дотогш орж шалгахад 03 тоот буюу иргэн “М”-ийн орон сууцны гал тогооны өрөөнд цахилгаан тогоо шатаж байсныг аюулгүй болгож, унтаж байсан таван хүүхдийг утаажилтын бүсээс гаргаж, анхны тусламжийг цаг алдалгүй үзүүлжээ.
Одоогийн байдлаар хүүхдүүдийн биеийн байдал сайжирч, зохих эмчилгээ хийж байна гэж албаныхан мэдээллээ. Дээрх алба хаагчид нь өргөсөн тангарагтаа үнэнч байж, таван хүүхдийн амь насыг авран хамгаалж ажилласан тул Ховд аймгийн ОБГ, гэр бүлийн гишүүд, хөрш айл өрхүүд талархал илэрхийллээ. Иймд цахилгаанаас үүдэлтэй гал гарахаас сэргийлэх, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байхыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүллээ.
Э.АРИУН