Төв аймгийн Алтанбулаг сумын нутаг дэвсгэрт байрлах Зэвсэгт хүчний 0311 дүгээр цэргийн ангиас их хэмжээний буюу байлдааны зориулалттай 2000 ширхэг сум алдагдсан талаар бид мэдээлсэн.
Цэргийн ангиудаас алдагдсан байлдааны зориулалттай их хэмжээний сум нь хууль бусаар сум зардаг зохион байгуулалттай бүлэг этгээдүүдийн гараар орж, Нарантуул, Хархорин зах болон бусад газруудаар нууцаар борлуулагдсан нь тогтоогджээ.
Эх сурвалжийн мэдээлснээр галт зэвсгийн байлдааны болон бусад төрлийн их хэмжээний сумыг Нийслэлийн Нарантуул, Хархорин худалдааны төвүүдэд зарж борлуулах зорилгоор авсан, хадгалсан О, Э, Ч, Н, У, нарын таван хүнийг Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газраас баривчилжээ. Тэднээс хууль бусаар олж авсан 50.000 /тавин мянга/ ширхэг орчим байлдааны зориулалттай болон бусад төрлийн сумыг тээврийн хэрэгсэл болон гэрээс нь хураан авчээ.
Дээрх улсын онц тусгай газраас их хэмжээний сум алдагдсан нь ихээхэн асуудал үүсгэж байгаа бөгөөд хэрэгт холбогдуулан зарим алба хаагчдыг шалгаж байгаа талаар мэдээлэл бий. Дашрамд, зах худалдааны төвүүдэд нэг ширхэг сум 5000-10000 төгрөгийн үнээр худалдаалагддаг юм байна.
Э.АРИУН
Холбоотой мэдээ