БАЙР СУУРЬ:"Рио Тинто"-д материал өгсөн хүнд хариуцлага тооцох ёстой

Хуучирсан мэдээ: 2019.05.09-нд нийтлэгдсэн

БАЙР СУУРЬ:"Рио Тинто"-д материал өгсөн хүнд хариуцлага тооцох ёстой

БАЙР СУУРЬ:"Рио Тинто"-д материал өгсөн хүнд хариуцлага тооцох ёстой

УИХ-аас Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Ажлын хэсгийг өнгөрсөн оны  гуравдугаар сарын 23-нд байгуулсан. Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва ахалж, дэд ахлагчаар УИХ-ын гишүүн Н.Амарзаяа, О.Баасанхүү, Б.Бат-Эрдэнэ, Б.Жавхлан, З.Нарантуяа, Я.Содбаатар, А.Ундраа нар ажилласан. Түүнчлэн ажлын хэсэгт туслалцаа үзүүлэх мэргэжлийн баг байгуулан ажиллаж, шалгалтын дүнг УИХ-д танилцуулахыг  даалгасан билээ.

Ажлын хэсэг Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг  45 хоногийн хугацаанд шалгаж санал, дүгнэлт гарган УИХ-д танилцуулах үүрэг хүлээсэн ч шалгах эрх баригчдын улстөржилтөөс болж хойшилсоор өдийг хүрсэн. Тэгвэл удтал дуншсан ажлын хэсгийн дүгнэлтийг өнгөрсөн долоо хоногоос хэлэлцэхээр төлөвлөгөөнд оруулсан боловч гишүүдэд тараагдаагүй нууцын зэрэглэлтэй материал Рио Тинтогийнхонд хүрч, тэд мэдэгдэл гаргасан нь улстөрчдийн дунд маргаан дагуулав. Тиймээс ч дүгнэлтийг хэлэлцэхийг дахин хойшлуулав. УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн “Зөвхөн Эдийн засгийн байнгын хорооны гишүүдэд өчигдөр орой /Даваа гариг /хүргэгдсэн материал Рио тинтод хүргэгдсэн. Нууцын зэрэглэлтэй материалд нь хариу өгчихсөн байна. Зүйл, заалт бүрээр нь бид танилцаж, хэлэлцэж амжаагүй байтал биднээс өмнө нөгөө тал танилцаад, хариуг нь өгчихсөн байна. Энэ ажлын хэсгийн дүгнэлтийг Монгол төрийн бодлого гэж ойлгож байгаа. Гэтэл Монгол төрийн бодлогыг УИХ-ын гишүүдээс түрүүлээд Оюутолгой тодорхойлж байгаа нь хэтэрхий задгай байна” гэсэн юм.

“ОЮУТОЛГОЙ” ХХК-Д ШАЛГАЛТ ХИЙХ АЖЛЫН ХЭСЭГ ЯМАР АСУУДАЛД АНХААРАЛ ХАНДУУЛАХ БАЙВ?

“Оюутолгой” ХХК-ийн гэрээнд Монголын ард түмэн итгэж найдсан хэвээрээ байгаа. Тэд мянга мянган ажлын байр бий болгоно, төсвийн 30 хувийг бүрдүүлж, хэмжээний мөнгө хуримтлуулна гэх мэт олон зүйлийг ярьж байсан. Эдгээр амлалтууд нийгэмд хүлээлт үүсгэсэн. УИХ-ын ажлын хэсэг Оюутолгой төсөл барьцаанд тавигдсан байна гэсэн дүгнэлт гаргасан талаар бид өмнө нь мэдээлсэн. 

Холбоотой мэдээ

Ажлын хэсгийн дүгнэлт: 34 хувиас бусдыг банкны барьцаанд тавьсан

Ажлын хэсгийн дүгнэлт: 34 хувиас бусдыг банкны барьцаанд тавьсан

"ОЮУТОЛГОЙ" ХХК-ИЙН БАЙР СУУРЬ: 

Энэ бүхний эцэст Монголын тал цаашид санхүүгийн нарийн дүн шинжилгээ хийх чадавхыг бүрдүүлэх ёстой гэсэн саналыг дэмжиж байна. Оюутолгой ХХК бол хувийн компани бөгөөд Засгийн газрын өмч, хэрэгсэл биш юм. Тийм учраас Засгийн газар түүнд хяналт тогтоох үндэслэл байхгүй бөгөөд ингэх нь сайн зүйл биш юм. Харин Засгийн газар хувьцаа эзэмшигч болохын хувьд тус компанийн ТУЗ-д төлөөлөлттэй бөгөөд энэ механизмаар дамжуулан шийдвэр гаргах үйл ажиллагаанд оролцдог гэдгийг тодотгосон байсан юм.


УИХ-аас ажлын хэсэг бүтэн жилийн турш ажилласан дүгнэлтийг "Рио Тинто"-д  хэн, хаанаас хүргүүлсэн нь тодорхойгүй байгаа тул ажлын хэсгийн зарим гишүүдийн байр суурийг хүргэе.

ОЮУТОЛГОЙН ГЭРЭЭГ ШАЛГАСАН АЖЛЫН ХЭСГИЙН АХЛАГЧ, УИХ-ЫН ГИШҮҮН Д.ТЭРБИШДАГВА: Урьдчилсан байдлаар өгч, нөлөөлүүлэх гэсэн ноцтой оролдлого 

-УИХ-ын гишүүдэд тараасан материалыг өөр нэгэн байгууллагад өгсөн нь маш  зохисгүй. Үүнийг хууль, хяналтын байгууллага шалгах ёстой. Хэлэлцээд ил болохоор нь аваад, анализ хийх нь тэр компанийн асуудал. Гэтэл хэлэлцэхээс өмнө урьдчилан  “Оюутолгой” компани материалыг аваад, хэлэлцэж эхлэхээр болоход Эдийн засгийн байнгын хороонд юм уу, УИХ-д чиглэл өгсөн. Хэн, хаанаас тараасныг нь хууль хяналтын байгууллагаар нь шалгуулж шийдэх байх. Өдийг хүртлээ би хэвлэлийнхэнд хэлэлцээгүй асуудлын талаар мэдээлэл өгөхгүй гэж хэлж ирсэн.  Харин Төрийн гурван өндөрлөг, Эдийн засгийн байнгын хорооны даргад өгсөн. Эдийн засгийн байнгын хорооны гишүүдэд хураангуй байдлаар тараасан.  Хэлэлцэх гэж байсан асуудлыг урьдчилсан байдлаар өгч, нөлөөлүүлэх гэсэн ноцтой оролдлого гэсэн бодол надад төрж байгаа. Урьдчилсан байдлаар материалыг тэдэнд өгч, бидэнд буцааж дүгнэлт өгөөд байгаа нь зохимжгүй. Би ажлын хэсгийн ахлагчийнхаа хувьд “Оюутолгой” компанид материал өгөөгүй гэдгээ хариуцлагатай хэлье.

АЖЛЫН ХЭСГИЙН ГИШҮҮН, УИХ-ЫН  ГИШҮҮН Х.БОЛОРЧУЛУУН: Ерөнхий дүгнэлт гараагүй

-Монгол төрийн хар хайрцгийн бодлого байх ёстой. Дүгнэлтийг  Эдийн засгийн байнгын хороогоор  хэлэлцэхээс өмнө хөрөнгө оруулагч талд аль хэдийн очиж, бид тэгэхгүй, ингэхгүй гээд сууж байна. Бидний дотроос л дүгнэлтийг  хөрөнгө оруулагч талд өгсөн байж таараа. Дүгнэлтийг Эдийн засгийн байнгын хороо, УИХ-аар хэлэлцээд  Засгийн газар чиглэл өгөх үүрэгтэй. Ерөнхийдөө бол ажлын хэсэгт орсон эрдэмтэд, мэргэжлийн хүмүүс болон гишүүд бид өөрсдийн саналаа өгсөн. УИХ-ын 12 гишүүнээс бүрдсэн үндсэн ажлын хэсэг тэр бүх саналыг нэгтгээд ерөнхий дүгнэлт гаргах ёстой байтал энэ дүгнэлт гараагүй. Дэд ажлын хэсгүүдээс дүгнэлт  гарсан хэдий ч гишүүдээс бүрдсэн том ажлын хэсгийн дүгнэлт гараагүй гэсэн үг. Ерөнхийдөө Оюутолгойн гэрээг шалгах ажлын хэсгийн дүгнэлтийг хэлэлцэх гэж нэлээд удсан. Нөгөө талаас  намрын чуулганы хуралдаан тасалдсан, завсарлагаа таарсан гээд цаг хугацааны хувьд удсан тал бол бий. Ажлын хэсгийн ахлагчийн хувьд ийм том асуудалд хариуцлагагүй хандсан. Дахин Оюутолгойн гэрээг шалгах ажлын хэсэг шинээр байгуулагдах байх. Тэгэхээс өөр арга байхгүй. Ажлын хэсэгт ашиг сонирхлын зөрчилтэй хүмүүс байх шиг байна.  Манайх Оюутолгойг ашиглуулсныхаа төлөө  орж ирж байгаа татвараас нь  илүүтэй өрөнд орж байгаа.

АЖЛЫН ХЭСГИЙН ГИШҮҮН, УИХ-ЫН ГИШҮҮН О.БААСАНХҮҮ: Улс орныхоо эрх ашгаас урвасан хэрэг мөнөөсөө мөн

Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн аюулгүй байдлыг шалгах дэд ажлын хэсгийг би  ахалж ажилласан. Хариуцсан ажлын хэсгийн дүгнэлтээ албан ёсоор ерөнхий  ажлын хэсгийн ахлагч Д.Тэрбишдагвад хүргүүлсэн. Дараа нь Д.Тэрбишдагва гишүүн бидэнд нууц гэсэн тамгатай ажлын хэсгийн дүгнэлттэй  санал ирүүлсэн. Өөрөөр хэлбэл, дүгнэлт нууц байсан гэсэн үг. Энэ нууц дүгнэлтээ дараа нь нууцаас гаргасан гээд дахин өгөхдөө ҮАБЗ-д мөн хүргүүлсэн гэж хэлсэн. Миний хувьд ҮАБЗ-өөс гарах зөвлөмж, саналыг хүлээж байсан. Яагаад гэвэл стратегийн орд газар гэдэг утгаараа гадна, дотоодын хөрөнгө оруулагчдын анхаарлын төвд байсан учраас миний зүгээс асуудалд тэвчээртэйгээр хандаж улс төрийн сэдэв болгохгүйгээр хүлээж байсан. Өөрийнхөө ахалсан ажлын хэсгийн мэдээллийг тодорхой хүрээнд мэдээлж байсан. “Ходоод хагаравч тогоон дотроо” гэж үг бий. Өнөөдөр дотроо яриагүй атлаа хөндлөнгийн буюу шалгасан байгууллагад нь дүгнэлтийг хүргүүлсэн нь гутамшиг. Ингэхдээ  материалыг "Рио Тинто"-д  нууцын тамгатай өгсөн эсэхийг нь шалгаж тогтоох ёстой. Хэрэв нууцын тамгатай өгсөн тохиолдолд Төрийн болон албаны нууцын тухай хуулиар энэ нь эрүүгийн гэмт хэрэг мөн. Ялангуяа энэ том асуудалд ҮАБЗ-д материал хүргүүлсэн. Мөн уг асуудлаар АТГ нэр бүхий хүмүүст эрүүгийн хэрэг үүсгээд шалгаж байгаа энэ үед нууц мэдээллийг гадагш задруулж байгаа нь гутамшигтай явдал. Монгол төр орших уу, эс орших уу гэдэг асуудлыг хөндөж байгаатай адил. Тийм учраас хэн нь "Рио Тинто"-д  өгснийг тогтоож буруутай этгээдэд нь хуулийн хариуцлага оногдуулах ёстой. Миний хувьд өөрийнхөө шалгасан ажлын хэсгийн дүгнэлтийг үнэн, зөв дэмжиж байна гээд гарын үсгээ дүгнэлтэд зурсан. Оюутолгойн төсөлд хамгийн их эмзэглэж байгаа зүйл бол Хэрэв гэрээ байгуулсан бол гэрээний үүргээ аль нэг нь заавал үгчлэн дагах ёстой. Үгчлэн дагаагүй байвал яагаад гэрээгээ хэрэгжүүлээгүй вэ гэдэг асуудал хөндөгдөнө. УИХ-аас ажлын хэсэг байгуулагдсан атал  Засгийн газар нь гүйж очоод өөр зүйл ярьдаг, Уул уурхайн сайд бас өөр зүйл ярьдаг байж болохгүй. Төр юм бол нэг бодлоготой байя гэж би өмнө хэдэнтээ ярьж байсан. Ажлын хэсгийн зүгээс Оюутолгойн гэрээг хүчингүй болгоё гэсэн байр хэлж байгаагүй. Аливаа шалгалтын дүгнэлт урьдчилан гардаггүй юм. Хоёрдугаар тэр шалгалтыг мэргэжлийн хүмүүс нь хийдэг.  Улстөрч бидний хувьд мэргэжлийн хүмүүсийн хийсэн дүгнэлтийг нь баталгаажуулдаг эрхтэй болохоос биш бид шалгалт хийдэг хүмүүс биш. Мэргэжлийн байгууллагуудаас гаргасан дүгнэлтийг хэлэлцээд нэгтгэж сонсоогүй байхад хөрөнгө оруулагч талд материал өгсөн нь эх орноосоо урвасан гээд хэлчихвэл хатуудах байх. Гэхдээ уун мөнөөсөө мөн. Хэрэв намын бодлогоор улс орныхоо эрх ашгаас урвасан бол тухайн намыг Улсын дээд шүүхээс бушуухан зайлуулах хэрэгтэй. Харин хувь хүний үзэмжээр  "Рио Тинто"-д материалыг өгсөн бол тэр хүнийг улс төрөөс хурдан зайлуулж, хуулийн хариуцлага хүлээлгэх ёстой. Энэ бол маш ноцтой асуудал.  Уг асуудалд ҮАБЗ-ийн шүдтэй гурван арслан маань дуугарах цаг нь болсон.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
5
ЗөвЗөв
4
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж