Авлигатай тэмцэх газрын дарга З.Дашдаваа өнөөдөр хэлтэс, албадын үйл ажиллагаатай танилцаж, албан хаагчидтай уулзан тэдний ажлын үр дүнгийн талаар санал бодлоо солилцов.
Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс, Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс, Тамгын хэлтэс, Судалгаа шинжилгээний алба, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын албаны албан хаагчидтай уулзах үеэрээ хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрхэн хэрэгжүүлж байгаатай танилцаж, цаашид анхаарах асуудлуудын талаар голлон ярилцлаа.
Тэрээр, Авлигатай тэмцэх газрын албан хаагч бүр авлигын эсрэг соён гэгээрүүлэгч байх ёстой бөгөөд авлигатай тэмцэх үйл ажиллагаанд иргэд олон нийт, иргэний нийгмийн байгууллагуудыг оролцуулах, тэдэнтэй хамтран ажиллах чиглэлийг баримтална гэдгийг онцлов. Авлигатай тэмцэх ажлыг бүх нийтийн үйлс болгож, нийгмийн бүлэг, давхарга, салбар, үе шат бүрт хамтран хийх шаардлагатай гэдгийг Авлигатай тэмцэх газрын нийт албан хаагчдад анхаарууллаа.
Түүнчлэн ажлын бүтээмж, хариуцлагыг дээшлүүлэх, ажлын цаг ашиглалт, хуваарилалтыг оновчтой төлөвлөж, цомхон бүтэц бүрэлдэхүүнээр улсын хэмжээнд авлигатай тэмцэх ажлыг үр дүнтэй удирдан зохион байгуулах, авлигыг жигших үзлийг улс үндэстний онцлогт тохируулан түгээж суулгах, авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг эрс идэвхжүүлэх, нийгмийн хүлээлтэд дорвитой хариу өгөх, авлигын цар хүрээг хумихад урьдчилан сэргийлэх бодлогыг чиглүүлэх, шинэ санаа сэдлээр соён гэгээрүүлэх ажлыг явуулах, авлига үүсгэх шалтгаан, нөхцөлийг оновчтой тогтоож таслан зогсоох, хөрөнгө орлогын мэдүүлэг хянах ажлыг шинэ түвшинд гаргах, төрийн албан хаагчдын хөрөнгө орлогыг төдийгүй зарлагыг хянадаг болох, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх зэрэгт анхаарлаа хандуулж ажиллах болно гэдгээ Авлигатай тэмцэх газрын дарга З.Дашдаваа илэрхийлэв.
Эх сурвалж: АВИЛГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
Холбоотой мэдээ