Өндөгний хальсыг иддэг гэнэ үү?

Хуучирсан мэдээ: 2019.05.09-нд нийтлэгдсэн

Өндөгний хальсыг иддэг гэнэ үү?

Өндөгний хальсыг иддэг гэнэ үү?

Өндөг идэх нь сайн гэж хангалттай сонссоноос өндөгний хальсыг идэх тухай огт сонсоогүй олон хүн байгаа байх. Өндөгний хальсыг хаяснаар бид кальцийн чухал эх үүсвэрийг хаяж байж магадгүй талаар судлаачид асуудал дэвшүүлж судалж эхэлсэн байна. Өндөгний хальсыг ургамал арчлах, ахуйн ганц нэг хэрэглээнд ашиглахаас өөрөөр ашиглаж байсан туршлага өмнө нь байгаагүй. Тэгвэл хальсыг идэх болох уу?

Өндөгний хальс яг юу вэ?

Бид бүгд л өндөгний хальсыг харж, барьж, хагалж үзсэн гэхдээ яг юунаас бүтдэгийг сонирхож байгаагүй байх.

Хальс 3 давхаргаас бүтдэг. Эхний давхарга нь хатуу шохойлог бараг бүхэлдээ кальцийн карбонатын талстаас бүрдэнэ. Хатуу бүхэл шинж чанартай мэт боловч үнэндээ агаар чийг нэвтрүүлэх 17000 орчим нүхтэй байдаг. Шохойлог хальсны гадуур тоос, бактери дотогш нэвтрэхээс хамгаалсан маш нимгэн давхарга бий.

Үлдсэн хоёр давхарга нь уян мембран давхаргууд. Нэг нь шохойлог хальсны дотор талд наалттай байдаг бол нөгөө нь уургийн гадуур бүрхэх үүрэгтэй. Аль аль нь өнгөгүй, бат бөх, уян бүтэцтэй. Хүний үсэнд байдаг кератин хэмээх уургаар баялаг. Үүрэг нь өндөгний уургийг бактериас хамгаалах.

Өндөгний хальсыг идэж болох уу? Ямар ач тустай вэ?

Товчхон хариулахад “идэж болно”. Гэхдээ сайтар цэвэрлэж, боловсруулсны дараа хэрэглэх нь зөв. Ач тусын талаар бол кальцийн баялаг эх сурвалж юм.

  1. Кальциар баялаг.

Нэг өндөгний хальс хүний өдрийн хэрэгцээг хоёр нугалах хэмжээний кальцийг агуулдаг дэлхий дээрх байгалийн гаралтай кальцийн хамгийн баялаг эх сурвалж юм. Кальци нь яс шинээр үүсэх, бэхжих, өсөн томроход голлох үүрэг гүйцэтгэхээс гадна зүрхний хэмнэл тогтворжуулах, булчингийн ажиллагаанд сайнаар нөлөөлөх, цусан дахь магни, фосфор, калийн хэмжээг хэвийн байлгах үүрэгтэй.

  1. Ясны сийрэгжилт

Өндөгний хальсыг хэрхэн хэрэглэх судалгаа нь ясны сийрэгжилтийг судалдаг судлаачдын анхаарлыг татсан байдаг. Хальсанд ихээр агуулагдах кальци, стронци, фтор нь яс үүсэх, мөгөөрс үүсэх, гэмтлийн дараах эдгэрэлтийг хурдасгах, сийрэгжилтээс сэргийлэх, эмчлэх үр дүн үзүүлж болохыг харуулжээ.

Клиникийн судалгаагаар өндөгний хальсыг нунтаг байдлаар хэрэглэсэн эмэгтэй өвчтөнд ясны сийрэгжилтээс шалтгаалсан зовиур буурч, илүү идэвхтэй хөдлөх шинж тэмдгүүд ажиглагдсан байна.

Өөр нэгэн судалгаагаар өндөгний хальснаас яс үүсгэгч гол бодис болох байгалийн цэвэр кальцийн карбонат ялгаж авч hyaluronan хэмээх бодистой хольсноор ясны ургалтыг түргэсгэж болохыг баталсан байна. Магадгүй өндөгний хальс нь цэвэр кальцийн карбонатын хамгийн хямд эх сурвалж байж мэдэх юм.

  1. Шүдний пааланг хамгаална.

Хальсны нунтгаар шүдний пааланг сэргээх судалгааг хийсэн байдаг. Судалгааны үр дүнг Journal of Clinical & Diagnostic Research сэтгүүлд нийтэлсэн бөгөөд глицеринтэй эсвэл метилцеллюлозын гельтэй хольсон хальсны нунтгийг шүдэнд түрхсэн байна. Үр дүн нь шүдэнд шинэ паалан үүсч байгааг харуулжээ. Уг судалгааны нарийвчилсан хариунд өндөгний хальсанд хорт бодисууд бараг агуулагддаггүй гэдгийг баталгаажуулсан байдаг.

  1. Үрэвслийн эсрэг нөлөөтэй

Өндөгний хальс 3 давхаргаас бүтдэг гэдгийг өмнө нь дурьдсан. Тэгвэл хальсны уян давхарга нь өвчин намдаах, үрэвслийг дарах үйлчлэл үзүүлдэг. Гэхдээ гэрийн нөхцөлд энэ зорилгоор ашиглах боломжгүй бөгөөд лабораторид өвчин намдаах, үрэвсэл дарах эм бэлдмэл гарган авахад мембран хальсыг ашигладаг.

Өөр ямар хэлбэрээр хэрэглэж болох вэ?

  1. Бордоо болгон ашиглаж болно.

Нунтаг хальс нь маш сайн бордоо болдог.

  1. Кофе чанахдаа нэмж болно.

Өндөгний хальсны шүлтлэг чанар нь кофены хүчиллэг байдлыг тэнцвэржүүлдэг. Кофены гашуун амт багасч илүү зөөлөн амттай болно.

  1. Гар нүүрийн саванд нэмж болно.

Сайтар буталсан өндөгний хальсыг савантай хольж өгснөөр илүү сайн цэвэрлэгээ хийж болно. Химийн нэмэлтийн тусламжтайгаар цэвэрлэдэг саван хэрэглэснээс өндөгний хальстай хольсон энгийн саван хэрэглэх нь илүү натурал байх нь дамжиггүй.

  1. Маск хийж болно.

Өндөгний цагаан уурагтай буталсан шохойлог хальс, мембран хальсыг хольж гоо сайхны маск хийдэг. Өндөгний цагаан, хальсанд байх уураг, коллаген нь арьсанд сайнаар нөлөөлдөг. Маскийг нүүрэндээ түрхэн бүрэн хатсаны дараа хуулж авна.

  1. Хөрсийг эрдэсжүүлэх, цэцэрлэгээ арчлахад ашиглаж болно.

Хөрсний үржил шимийг нэмэгдүүлэх, ургамалд хэрэгтэй кальцийн эх үүсвэрийг хангах зорилгоор өндөгний хальсыг тариалах талбайдаа цацаж болно. Ялангуяа төмс ургах явцад кальци ихээр хэрэг болдог.

  1. Эцэст нь нохой шувуу зэрэг тэжээмэл амьтны хоолонд хольж болно.

Хүнд сайнаар нөлөөлдөг шигээ тэжээвэр амьтанд ч өндөгний хальс сайнаар нөлөөлнө. Нохойн шүд, хумс сайжирч торгомсог үстэй болно. Шувууны өндөг бөх бат хальстай болдог.

Хэрхэн бэлтгэх вэ?

Өндөгний хальсыг нунтаг хэлбэрээр хэрэглэх нь илүү тохиромжтой. Хальсаа цуглуулж нэлээн олон болсны дараа доорхи зааврын дагуу нунтаглана.

  • Өндөгний хальсанд элдэв төрлийн бактери наалдсан байх эрсдэлтэй тул сайтар цэвэрлэн буцлам халуун усанд хэдэн минутын туршид байлгана.
  • Халуун уснаас гарган бүтэн өдрийн турш сайтар хатаах хэрэгтэй.
  • Хальсаа 110 градусаас дээш халуунд 2-5 минут болгоно. Шарах зуух, богино долгионы зуух ашиглаж болно.
  • Болсон хальсыг сайтар нунтаглана. Кофе нунтаглагч сайн тохирдог.
  • Бэлэн болсон нунтгийг сэрүүн хуурай нөхцөлд хадгална. Заавал хөргөгчинд хадгалах шаардлагагүй.

Анхаарах зүйл

Өндөгний хальс хүнд хор болох зүйл бараг агуулдаггүй. Гэвч дараах зүйлсийг анхаарах хэрэгтэй.

  • Сайтар нунтаглах. Дутуу нунтагласан тохиолдолд хоолойд тээглэх магадлалтай
  • Сайтар ариутгах. Бактериас хамгаалан сайтар ариутган халуунд болгон хэрэглэх.
  • Магадгүй та кальци дутагдаагүй байж болно. Тэр үед өндөгний хальс ихээр хэрэглэх нь эрүүл мэндийн хувьд эрсдэл дагуулж болзошгүйг санаарай.
  • Бага хэмжээгээр хэрэглэх. Их хэмжээгээр байнга хэрэглэх нь бөөрөнд чулуу үүсгэх, зүрхний хэм алдагдлаас шалтгаалсан даралт бууралт зэрэг эрсдэл үүсгэнэ.

Эцэст нь хэлэхэд

Бид өндөгний хальсыг хэзээ ч хүнс гэж харж байгаагүй боловч түүнд агуулагдах цэвэр кальци нь түүнийг хүнсний нэгэн төрөлд хамруулж болохыг нотолж байна. Анагаах ухааны салбарт өндөгний хатуу хальс, мембран хальснуудыг аль хэдийн өргөн хэмжээнд ашиглаж эхлээд байна. Эмч судлаачид хальсны нунтгийг ашиглан ясны сийрэгжилт, үе мөчний үрэвсэл, шүдний эмчилгээнд амжилттай нэвтрүүлжээ.

Цаашлаад өндөгний хальсыг ургамал арчилгаа, амьтны хоол, цэвэрлэгээний бодистой хольж, кофены амтыг зөөллөх байдлаар хэрэглэж болох нь. Та өндөг хагалахдаа хальсыг хаях эсэхээ нэг бодож үзээрэй.

Баян өндөгний үйлдвэрийн зөвлөмжөөс…

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж