Өнгөрсөн оны найм, есдүгээр сараас Орост талхны үнэ нэмэгджээ. Талхны үнэ нэмэгдэх болсон нь улаан буудай болон гурилын үнэ өссөнтэй холбоотой хэмээн Хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэгч, нийлүүлэгчдийн "Руспродсоюз" ассоциацийн тэргүүн Ирина Нагайцева мэдэгдлээ. Хэдийгээр хүнсний үндсэн бүтээгдэхүүний нэг болох талхны үнийг хэт өсгөхгүй байх талаар олон талын хэлэлцээ яриа хийгдсэн ч түүхий эдийн үнэ нэмэгдсэн учраас үйлдвэрлэгчид эцсийн бүтээгдэхүүний үнийг нэмэхээс өөр аргагүй байсан хэмээн тэр хэллээ.
ОХУ-ын Статистикийн хорооны мэдээгээр 2019 оны дөрөвдүгээр сарын байдлаар өмнөх оны мөн үетэй харьцуулахад талхны үнэ 8,2 хувиар өсчээ. Хэдийгээр дэлхийн зах зээлд улаан буудайн үнэ буурч, дотоодод тогтворжиж байгаа 2019 онд талхны үнэ хямдрах нөхцөл бүрдэхгүй байх магадлалтай ажээ. Учир нь, энэ онд Орост нийгмийн даатгалын шимтгэлийн хувь өссөн нь нийт бараа, бүтээгдэхүүний үнэд нөлөөлөөд байгаа юм.
Эх сурвалж: РИА НОВОСТИ