Орост үйлдвэрлэж буй сүү, сүүн бүтээгдэхүүний 20 орчим хувь нь нэмэлт бүтээгдэхүүн хольсон хуурамч байна хэмээн ОХУ-ын Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний хяналтын алба мэдээллээ. Оросын сүү, сүүн бүтээгдэхүүний зах зээлийн тоон үзүүлэлтийг авч үзвэл жилд дунджаар 5,5 сая тонн сүү боловсруулж, гурван сая тонн сүүн бүтээгдэхүүн, 400 мянган тонн зайрмаг үйлдвэрлэж байна.
2018 оны үзүүлэлтээр зах зээлд нийлүүлэгдэж байгаа сүү, сүүн бүтээгдэхүүний 21,6 хувь нь хуурамч буюу үйлдвэрлэлийн орцын нормативын шаардлагыг хангаагүй гэсэн дүгнэлтийг Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний хяналтын алба мэдэгдэж байсан. Энэ байдлыг сүү, сүүн бүтээгдэхүүнийг дагалдах гарал үүслийн гэрчилгээтэй болгосноор шийдэж болно хэмээн тус байгууллага үзэж байгаа юм. Энэ зорилгоор 2018 оны долдугаар сараас гарал үүслийн цахим гэрчилгээний системийг нэвтрүүлж эхлээд байгаа юм. “Меркурий” хэмээн нэрлэсэн цахим бүртгэлийн системд гарал үүслийн гэрчилгээ заавал дагалдах бүтээгдэхүүний жагсаалт байгаа ажээ. Энэхүү жагсаалтыг 2019 оны долдугаар сарын 1-нээс өргөтгөж малын гаралтай бүхий л бүтээгдэхүүнийг оруулж байгаа бөгөөд зайрмаг, шингэн сүүг энэ оны арваннэгдүгээр сарын 1-нээс жагсаалтад багтаах юм.
Эх сурвалж: РИА НОВОСТИ
Холбоотой мэдээ