Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ өдрүүдэд Хэнтий аймагт албан томилолтоор ажиллаж байна. Тэрээр сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, бусад сайд, холбогдох албан тушаалтны хамт тус аймгийн Бэрх тосгоны Уурхайчдын ордонд нутгийн төр, захиргааны байгууллагын удирдлага болон иргэдтэй уулзав.
Ерөнхий сайд Засгийн газраас явуулж байгаа бодлого, зорилт, улс орны нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал, цаашдын төлөвийн талаар товч мэдээлэл өгөв.
35 жилийн өмнөөс жонш олборлон нийлүүлж байсан уурхай одоо үйл ажиллагаа нь доголдож, 3500 гаруй хүн амтай тосгоны иргэдийн ахуй амьдралд сөргөөр нөлөөлж байгаа тухай иргэд ярьж төр, засгаас бодлогын дэмжлэг үзүүлэхийг Ерөнхий сайдаас хүсч байлаа.
“Бэрх дулааны станц”-ыг шинэчлэх, холбогдох зураг төсөл, Техник, эдийн засгийн үндэслэлийг яаралтай боловсруулж Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх холбогдох сайд нарт үүрэг болгов.
Үйл ажиллагааг нь сэргээхээс гадна уурхайг түшиглэн уул уурхайн музей, сургалтын бааз байгуулж, мэргэжилтэй ажилчин, боловсон хүчин бэлтгэхээр төлөвлөж байгаа тухай сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ хэлэв гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Холбоотой мэдээ