“Kukmin Ilbo” сонинд мэдээлснээр, БНСУ-ын Кёнг Ги мужийн Ыйжонбү хотын Шин-Гүг хорооллын иргэд нэг, хоёроороо шилжин явсаар тэнд бөөгийн зан үйл эрхлэгчид болон гадаадын иргэд ихээр суурьших болжээ.
Тус сонины сурвалжлагч Шин-Гүг хорооллын 602-13 тоот, Чонг-Рюн хотхонд бараг хүнтэй таараагүй, харин хурдны зам дээр дүүрэн хог, хаягдал цаас бүхий хоёрдогч түүхий эд ачсан тэрэг түрж яваа настнуудтай таарсан байна. Тэрбээр настнуудын дунд арай залуу харагдах нэгэн эрэгтэйтэй ярилцсан нь 40 гаруй настай, Монгол Улсын иргэн байжээ.
Монгол залуу солонгос хэлээр сайн ярьдаг бөгөөд “Хөх луу” тосгонд амьдардаг аж. Тэрбээр “Би өдрийн ажил хийдэг. Ажилгүй өдрөө настнуудад туслан, хүнд хэрэгцээтэй зүйл байвал авч, хоёрдогч түүхий эдийн цэгт тушаадаг” хэмээн ярьжээ.
ЫйЖонбу хотын Чанг-Ам дүүргийн хоёрдугаар хэсгийн 124 900 м2 хэмжээтэй газрыг дахин төлөвлөх ажил 2008 оноос хойш яригдсан бөгөөд 2017 онд уг ажлыг хийхээр оршин суугчдыг нүүлгэн шилжүүлжээ. Гэхдээ өнөөдрийг хүртэл ямар нэгэн ажил эхлээгүй нь орон гэргүй болон гадаадын иргэд цуглах шалтгаан болж байна хэмээн “Kukmin Ilbo” сонин мэдээлсэн байна.
“Хөх луу” тосгоны оршин суугч А (58) тосгоны үл хөдлөх хөрөнгүүд үнэгүйдэж, бөө мөргөлчид, гадны иргэдийн тоо өссөн тухай хэлээд, гадаадын иргэд гэмт халдлагын золиос болох вий хэмээн санаа зовж буйгаа илэрхийлсэн байна.
Хотын захиргааны ажилтан “Хорь гаруй жилийн турш дэд бүтэц, зам засварын ажил хийгдэнэ гэж яригдсан ч эцэслэн шийдэгдээгүй байна” гэжээ.
Эх сурвалж: news.kmib.co.kr
Холбоотой мэдээ