Д.Тэрбишдагва: Би “Оюутолгой” компанид материал өгөөгүй

Хуучирсан мэдээ: 2019.05.08-нд нийтлэгдсэн

Д.Тэрбишдагва: Би “Оюутолгой” компанид материал өгөөгүй

Д.Тэрбишдагва: Би “Оюутолгой” компанид материал өгөөгүй

Өнгөрсөн жил УИХ-аас Оюутолгойн гэрээг шалгах ажлын хэсгийг байгуулсан билээ.  Ажлын хэсгийн дүгнэлт гарсан бөгөөд  Байнгын хороо, УИХ-аар хэлэлцэхээс өмнө дүгнэлтийг  “Оюутолгой” компанид урьдчилан  өгсөн асуудал нь өнөөдөр гишүүдийн дунд маргаан дагуулаад буй.   Энэ талаар  тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагваас тодрууллаа.


-УИХ-аас байгуулагдсан Оюутолгойн гэрээг шалгах ажлын хэсгийн дүгнэлтийг УИХ, холбогдох байнгын хороогоор хэлэлцэхээс өмнө “Рио Тинто” компанид хүргүүлээд хөрөнгө оруулагч талаас дүгнэлт тус бүр дээр тайлбар  ирүүлсэн материалыг гишүүдэд тараасан.  Дүгнэлтийг  "Рио Тинто"-д Эдийн засгийн байнгын хороо “өгсөн юм уу, ажлын хэсгийн ахлагч хүргүүлсэн юм уу?

-Асуудалд бодитой хандахгүй бол бүтэн жилийн хөдөлмөр шингэсэн ажлыг хэн нэгэн дураараа тайлбарлах нь зохисгүй. Оюутолгойн гэрээг 45 хоногийн дотор шалга гэсэн УИХ-ын захирамж өнгөрсөн жил гарсан. Захирамж гарснаас хойш ажлын хэсгийн ахлагчийг өөрчилсөн. Улмаар намайг өнгөрсөн оны тавдугаар сарын сүүлээр ажлын хэсгийн ахлагч болгосон. Дэд ажлын хэсэг, тэр дундаа ажлын хэсгийн ахлагч өнгөрсөн жилийн зун амраагүй. Наймдугаар сард би эхнийхээ дүгнэлтийг гаргаад, УИХ-ын гишүүдэд саналаа өгөөч гээд хүргүүлсэн. Бүгд л хөдөө орон нутагт ажилтай гээд явчихсан байсан. Есдүгээр сард ч өгсөн. Санал, дүгнэлтээ өгсөн гишүүн тухайн үед байгаагүй. Ганцхан Б.Бат-Эрдэнэ гишүүн л саналаа хэлж, байнга оролцож байсан. Аравдугаар сараас л зарим гишүүд үүнд анхаарал бага зэрэг хандуулсан байх. Ажлын дэд хэсэг болгон 16, цаашлаад 20 удаа хуралдсан. 12 гишүүнтэй ажлын хэсгийг 9 удаа хуралдуулахаар цуглуулсан. 2-3 удаад нь ирц хүрээгүй. Бусад үед нь ирц хүрсэн. Хуралдах үед ажлын хэсгийн гишүүд саналаа хэлсэн. Мөн бичгээр саналаа өгсөн. Ажлын хэсгийн гишүүдийнхээ амаар болон бичгээр өгсөн саналыг тусгаад. Ажлын дэд хэсгээс гарсан санал, дүгнэлтэд тулгуурлаад, ажлын хэсгийн санал, зөвлөмжийг гаргаад, арваннэгдүгээр сард бэлэн болгосон.  Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Байнгын хороон даргад хандаж, энэ асуудлыг хэлэлцүүлж өгөөч гэж албан ёсоор бичгээр өгсөн. Түүнээс хойш юу болсныг та бүхэн мэдэж байгаа. УИХ ч хуралдаж чадахаа больсон, юун ажлын хэсгийн санал, дүгнэлтийг анхаарах битгий хэл, дахиад ажлын хэсгийг хуралдуулах гэж хичээсэн ч ирц бүрдэхээ больсон.

Тэгэхээр би ажлын хэсгийн ахлагчийн хувьд яах юм. Нэгэнт олон удаа хуралдсан ажлын хэсгийн санал, дүгнэлтийг аваад, дүгнэсэн. Улмаар санал, дүгнэлтээ гаргаад, ажлын хэсгийн гишүүддээ туслахуудаар нь дамжуулаад тараасан. Та нар санал нэг байвал гарын үсгээ зур гэсэн. Хуралдах гээд цуглуулахаар ирц бүрдэхгүй байна гэж хэлсэн. Ажлын хэсгийн  12 гишүүний найм нь гарын үсгээ зурсан.  50 хувь нь зурсан байхад санал, дүгнэлтээ өргөн барих ёстой биз дээ.

УИХ-ын захирамжаар энэ ажлын хэсэг байгуулагдсан. Тиймээс ажлын хэсэг ажлаа дүгнэлээ, санал, зөвлөмжөө гаргалаа, одоо яахаа та өөрөө шийд гээд УИХ-ын даргад өгсөн.  Энэ асуудал нь нийгэмд тулгамдсан асуудал учраас Үндэсний аюулгүй байдлын  гурван гишүүнийг  чиглэл өгөх ёстой байх гэж бодоод бичиг өгсөн бас.

-Дүгнэлтийг хэзээ Эдийн засгийн байнгын хорооны гишүүдэд тараасан юм бэ. Материалтай танилцаж амжаагүй гээд өчигдөр хэлэлцэхээс хойшлуулсан? 

-Одоогоос хоёр сар орчмын өмнө Эдийн засгийн байнгын хороо ажлын хэсгийн санал, дүгнэлтийг ярья гээд, байнгын хорооны гишүүддээ материалаа тараасан. Өөрөөр хэлбэл, хураангуй тайлангаа тараасан. Эдийн засгийн байнгын хорооны дарга надад материалаа өгөхгүй юм уу гэсэн. Би УИХ-ын даргаас байнгын хороондоо чиглэл өгөх байх гэж хүлээж байсан. Гэвч ямар ч чиглэл өгөөгүй. Тийм болохоор би Эдийн засгийн байнгын хорооны даргад материалаа өгсөн. Өчигдөр эдийн засгийн байнгын хорооны хурлаар Оюутолгойн асуудлыг хэлэлцэхээр болсон. Нэг нь ил, хоёр нь нууц асуудал.  Ажлын хэсгийн дүгнэлтийг ил ярихаар байсан.  Харин АТГ болон Аудитын дүгнэлтийг нууцаар хэлэлцэх байсан юм.

Өчигдөр Эдийн засгийн байнгын хорооны ахлах зөвлөх  ажлын хэсгийн хураангуй дүгнэлтийг “Рио Тинто” юм уу “Оюутолгой” компанид явуулсан гэж хэлсэн. Эдийн засгийн байнгын хороо нь байна уу, дарга нь байна уу, УИХ-ын гишүүдэд тараасан материалыг өөр нэгэн байгууллагад өгсөн нь маш  зохисгүй. Үүнийг хууль, хяналтын байгууллага шалгах ёстой. Хэлэлцээд ил болохоор нь аваад, анализ хийх нь тэр компанийн асуудал. Гэтэл хэлэлцэхээс өмнө урьдчилан  “Оюутолгой” компани материалыг аваад, хэлэлцэж эхлэхээр болоход Эдийн засгийн байнгын хороонд юм уу, УИХ-д чиглэл өгсөн. Хэн, хаанаас тараасныг нь хууль хяналтын байгууллагаар нь шалгуулж шийдэх байх. Өдийг хүртлээ би хэвлэлийнхэнд хэлэлцээгүй асуудлын талаар мэдээлэл өгөхгүй гэж хэлж ирсэн.  Харин Төрийн гурван өндөрлөг, Эдийн засгийн байнгын хорооны даргад өгсөн. Эдийн засгийн байнгын хорооны гишүүдэд хураангуй байдлаар тараасан.   Хэлэлцэх гэж байсан асуудлыг урьдчилсан байдлаар өгч, нөлөөлүүлэх гэсэн ноцтой оролдлого гэсэн бодол надад төрж байгаа.

-Дүгнэлт дунд нууцын зэрэглэлтэй материал байгаа юу?

-АТГ, Аудитын дүгнэлт надад ирсэн. Гэхдээ  Аудитын дүгнэлт  нууцын зэрэглэлтэй материал байсан. Тийм болохоор би ажлын хэсгийн дүгнэлтэд хамаагүй оруулж болохгүй. Бидний ил болгосон нь Эдийн засгийн байнгын хороо, УИХ-аар хэлэлцэх ёстой гэж үзсэн учраас нууцын зэрэглэлгүйгээр ярих ёстой байсан материал юм. Нөгөө хоёр нь нууцын зэрэглэлтэй. Тэр материалуудыг “Оюутолгой” компанийнхан авсан юм уу, үгүй юу бүү мэд. Өнөөдөр хэвлэлээр гарсан материалуудыг харж байхад, бидний гаргасан санал, дүгнэлтээс ишлэл авсан байна билээ. Энэ хэлэлцэх ёстой асуудал мөн үү гэвэл мөн. Харин урьдчилсан байдлаар материалыг тэдэнд өгөөд. Шалгуулсан байгууллагын хүмүүс нь бидэнд буцааж дүгнэлт өгөөд байгаа нь зохимжгүй. Би ажлын хэсгийн ахлагчийнхаа хувьд “Оюутолгой” компанид материал өгөөгүй гэдгээ хариуцлагатай хэлье.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж