УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр /2019.05.08/ хуралдаж, УИХ-ын Тамгын газрын даргыг томилох, чөлөөлөх асуудлыг хэлэлцлээ. Уг асуудлыг УИХ-ын дарга Г.Занданшатар танилцууллаа. УИХ-ын Тамгын газрын дарга Ц.Цолмон өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ. Тиймээс түүнийг чөлөөлж, оронд нь УИХ-ын даргын ахлах зөвлөх Л.Өлзийсайханыг томилохыг танилцууллаа. Үүнтэй холбоотойгоор гишүүд асуулт, тодруулга авлаа. Тухайлбал,
УИХ-ЫН ГИШҮҮН Д.ХАЯНХЯРВАА:
-Тамгын газрын дарга Ц.Цолмон ямар үндэслэлээр өргөдлөө өгсөн бэ. Сүүлийн үед төрийн захиргааны жинхэнэ албан хаагчийг хуулийн дагуу халж чадахгүй болохоор өөрөөр нь өргөдлийг өгүүлдэг нэг зүйл тогтсон байна. Ёс зүйтэй, хариуцлагатай, чадвартай хүн өргөдлөө өгдөг. Өөрийнхөө эрхэлж буй ажлыг нэгт тавьж, зарчим баримталдаг хүн ажлаа өгдөг.
УИХ-ЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР:
-Ц.Цолмон УИХ-ын даргын тавьсан олон удаагийн саналын дагуу чөлөөлөгдөх хүсэлт гаргасан. Удаа дараа гэдэг нь УИХ-ын Тамгын газрын даргаар ахлуулсан Стратеги төлөвлөгөөг гүйцэтгэлийн төлөвлөгөө гаргах байсан ч ажлаа хийгээгүй. Мөн УИХ-ын Тамгын газрын техникийн саатлаас болж чуулганы үйл ажиллагаа гацсан. Нийгэмд буруутай мэдээлэл тарааж, гишүүдийн нэр хүндэд хандсан мэдээлэл хийсэн учраас шаардлага тавьсан. Түүнээс гадна малчдын бэлчээрийн хураамж, татвартай холбоотой хийж хэрэгжүүлэх олон ажил байгаа гэх мэт олон шаардлагуудыг хангахгүй, ажлын санал бас тавьсан учраас өргөдлөө өгсөн.
Ингээд байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Ц.Цолмонг чөлөөлөхийг дэмжсэн учраас түүний оронд Л.Өлзийсайханыг томилохыг дэмжиж, чуулганы хуралдаанаар хэлэлцэхээр боллоо.
Ш.ЧИМЭГ
Холбоотой мэдээ