Оюун ухааны спорт болох соробангаар Монгол хүүхдүүд амжилттай суралцан, соробангийн эх орон Японы хүүхдүүдтэй өрсөлдөх хэмжээнд хүрснийг сүүлийн жилүүдэд Японд болж буй уралдаан тэмцээнд амжилттай оролцдог болсон тэмцээнээс харж болно.
Цүкүба хотноо энэ сарын 6-нд болсон Монголын соробангийн холбооны дэргэдэх МОНГОЛ СОРОБАН сургалтын төвийн 6-13 насны 22 сурагч Япон улсын Ибараки мужийн соробангийн аварга шалгаруулах 34 дүгээр тэмцээнд амжилттай оролцоод ирлээ.
Ибараки муж нь 3 сая хүн амтай, оюун ухааны спорт болох соробангаар хичээллэгч хүүхдүүд нь Япондоо дээгүүр ордог юм байна. Энэхүү Ибараки мужийн соробангийн тэмцээнд МОНГОЛ СОРОБАН төвийн хүүхдүүд сүүлийн жилүүдэд тасралтгүй оролцож байгаа бөгөөд энэ жилийн тэмцээнд 6 насны ангилалд 22 хүүхэд оролцсоноос 2-р ангиас доош насны ангилалд 6 настай Д.Үйлстөгөлдөр түрүүлж алтан медаль хүртжээ. Түүнчлэн өөр өөрийн насны ангилалд мөн дараах ажилт гаргажээ. Тодруулбал,
- Э.Энэрлэн, Т.Тулга, Г.Чинзориг, А.Ану, Э.Ану-Үжин нар 2-р байранд,
- Г.Нандин-Эрдэнэ, В.Анужин, Б.Анужин, С.Сийлэг, Ш.Урангоо, Б.Энх-Үржин нар 3-р байранд тус тус шалгарсан байна.
Энэ тэмцээнд амжилттай оролцсон болон МОНГОЛ СОРОБАН төвийн тэргүүний сурагчдаас бүрдсэн баг ирэх долдугаар сарын 30-нд Токио хотноо болох Бүх Японы соробангийн аварга шалгаруулах 38-р тэмцээнд оролцох юм байна. Одоогоор Японы соробангийн аварга шалгаруулах тэмцээнээс Монгол хүүхэд хараахан медаль авч чадаагүй байгаа ч МОНГОЛ СОРОБАН сургалтын төв Японы аваргаас медальтан төрүүлэх зорилготой ажиллаж байгаа ажээ.
МОНГОЛ СОРОБАН сургалтын төвийн сурагчдын соробангийн чадварын түвшин Япон хүүхдүүдийнхэд ойртож байгаа бөгөөд жил бүр 2-3 удаа болдог Соробангийн уран чадварын түвшин тогтоох улсын шалгалтаар соробангийн тамирчдын түвшинг тогтоодог юм байна.
Өнөөдрийн байдлаар Япон стандартын шалгуураар 10 гаруй хүүхэд ДАН зэрэглэлд хүрээд байгаагаас Б.Баярбаясгалан 9 дүгээр ДАН, Э.Ану-Үжин 6 дугаар ДАН-гийн болзол хангажээ.
Холбоотой мэдээ