Г.Дэнзэнг баривчилсан уу?

Хуучирсан мэдээ: 2015.05.21-нд нийтлэгдсэн

Г.Дэнзэнг баривчилсан уу?

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга асан, “Эрдэнэс Тавантолгой” компанийн ТУЗ-ийн даргаар ажиллаж байсан Г.Дэнзэнг Авлигатай тэмцэх газраас баривчилсан талаар хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр багагүй мэдээлж байна. Түүнийг 17 тэрбумын тендерт өөрийн хамтран амьдрагч Г.Уянгын компанийг хууль бусаар шалгаруулж улсад хохирол учруулсан хэрэгт буруутган өнөөдөр/05.21/ 19.00 цагийн үед баривчилсан гэж мэдээлж байгаа юм.

Г.Дэнзэнг баривчилсан эсэхийг Авлигатай тэмцэх газрын Хэвлэл, олон нийттэй харилцах ажилтан Т.Мөнхтунгалагаас тодруулахад “Энэ талаар мэдээлэл алга. Маргааш өглөө тодорхой хариу өгье” гэлээ. Мөн тус газрын Мөрдөн шалгах албаны дарга Э.Амарбатаас тодруулахад хариулт өгсөнгүй.

Мөн Г.Дэнзэнг саатуулсан эсэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын хэвлэл, олон нийттэй харилцах ажилтнаас тодруулахад “Цагдан хорих 461 дүгээр ангид одоогоор Г.Дэнзэнг саатуулахаар хүргээгүй байна” гэх мэдээллийг мөн өглөө.

Г.Дэнзэнг өмнө нь буюу өнгөрсөн 2013 онд Авлигатай тэмцэх газраас 17 тэрбумын асуудлаар хэд хэдэн удаа шалгаж хэргийг прокурорт шилжүүлсэн ч тухай бүрт прокуророос хэргийг хэрэгсэхгүй болгож байсан юм. Г.Дэнзэн өнөөдөр хэвлэлд өгсөн ярилцлагадаа ““Эрдэнэс-Тавантолгой”-н ТУЗ-ийн даргын ажлыг би долоон сар орчим хугацаанд л хашсан байдаг юм. Энэ хугацаанд 17 тэрбум байтугай нэг ч төгрөгийн тендер аваагүй гэдгээ хатуу мэдэгдье" гэж ярьжээ.

Д.ЖАРГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж