Д.Тэрбишдагваас Х.Болорчулуунд өгсөн “шанаа”

Хуучирсан мэдээ: 2019.05.08-нд нийтлэгдсэн

Д.Тэрбишдагваас Х.Болорчулуунд өгсөн “шанаа”

Д.Тэрбишдагваас Х.Болорчулуунд өгсөн “шанаа”

Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан /ЖДҮХС/-гаас 950 сая төгрөгийн зээлийг хамаарал бүхий компани нь авсан нь илчлэгдэж байсан УИХ-ын гишүүн Х.Болорчулууныг Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны даргад нэрийг нь дэвшүүлснийг олон нийт “Лам олдохгүй бол буцахдаа зална гэгч болж байх шив” гэж хошигносон билээ.

Тэгвэл УИХ дотор ч Х.Болорчулуун гишүүнийг уг албанд нэрийг нь дэвшүүлснийг эсэргүүцэгч бий аж. Тэдний нэг болох УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар өнөөдөр /2019.05.08/ тус байнгын хорооны даргын томилгоог хэлэлцэх үеэр энэ талаар байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр "Чухал асуудал хариуцдаг Байнгын хорооны даргад ийм хариуцлагагүй хүн оруулж ирж байгаад харамсаж байна. Би Х.Болорчулуун гишүүнийг шударга залуу юм болов уу гэж боддог байсан ч үгүй юм билээ. УИХ-аас байгуулагдсан Оюутолгой төслийг шалгах ажлын хэсэгт орж ажилласан. Гэсэн ч хуралдаа суугаагүй. Оюутолгой, ЖДҮХС-д хариуцлагагүй хандсан. Байнгын хорооны дарга болбол зарчмаасаа ухрахгүй ажиллаж чадах уу” гэж асуув.

Харин ЖДҮ-чин Х.Болорчулуун "УИХ-ын гишүүн зүй бусаар зээл авахад нөлөөлсөн үү гэдгийг шалгах ёстой. Миний хувьд ямар нэг байдлаар нөлөөлсөн зүйл байхгүй. Орон нутагт үйлдвэрлэл явуулахад ямар хэцүү байдгийг та мэдэх байх. “Дорнод гурил” компани анх удаа энэ сангаас зээл авсан. Оюутолгойн асуудалд би байр суурин дээрээ хатуу зогсоно. Дэд ажлын хэсэг хоёр удаа хуралдсан. Би өөрийнхөө дүгнэлтийг бичиж танд өгсөн. Хариуцлагатайгаар хуралдаж, ажлын хэсэг дүгнэлтээ гаргах ёстой. Таны ахалсан ажлын хэсэг ийм дүгнэлт гаргаагүй" гэв.

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва "Би Ч.Болорчулууныг УИХ-ын гишүүний сураг ч үгүй байхад Оюутолгойн асуудлаар дуугарч байсан. Маш хариуцлагагүй зүйл яриад байгаа хүн. Уг нь ажлын хэсэг есөн удаа хуралдсан. Гэтэл хоёр удаа гэж ярих юм. Хуралдъя гээд дуудаад байхад ирэхгүй хүнийг би яах вэ. Ажлын хэсгийн 12 гишүүний 8 нь дүгнэлтэд гарын үсэг зурчихаад байхад одоо яах уу. Энэ хүн ийм том Байнгын хороог удирдаж чадахгүй” гэсэн юм.

Гэсэн ч Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд түүнийг тус байнгын хорооны даргаар томилохыг дэмжээд байгаа.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
БурууБуруу
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж