“Оюутолгой” төслөөс 54.9 хувийн ашиг хүртэхээр боллоо

Хуучирсан мэдээ: 2015.05.21-нд нийтлэгдсэн

“Оюутолгой” төслөөс 54.9 хувийн ашиг хүртэхээр боллоо

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн Арабын нэгдсэн Эмират улсад хийсэн айлчлал өндөрлөж тэрээр өнөөдөр/05.21/ эргэн ирлээ. Тэрээр “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд буумагцаа айлчлалын үр дүн, “Оюутолгой” төслийн хүрээнд үзэглэсэн “Далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөө”, тус төслийн цаашдын ирээдүйн талаар дэлгэрэнгүй мэдээллийг сэтгүүлчдэд өгсөн юм.

Тэрээр “Айлчлалын хүрээнд ганзага дүүрэн аяны богц дүүрэн ирлээ. Та бүхэн мэдэж байгаа байх. Дубай хотноо Оюутолгойн удаан хүлээсэн гэрээний хүрээнд бид бүхэн далд уурхайг үргэлжлүүлэн ажиллуулах төлөвлөгөөнд гарын үсэг зурсан. Манай ажлын хэсэг айлын ажлын хэсэгтэй хамтран Улаанбаатар хот, Өмнөговь аймаг, Сингапур, Лондон, Дубай хотуудад энэ хэлэлцээр хийсний эцэст Дубай хотноо хамгийн сүүлийн хэлэлцээг хийж эцэслэлээ. Дубайд энэхүү хэлэлцээрийг хийж, төлөвлөгөөнд гарын үсэг зурсан нь их утга учиртай бөгөөд аятайхан далим болсон гэхэд болно. Учир нь Дубай хот нь өөрөө дэлхийд АНУ, Сингапур улсуудын дараа ордог томоохон санхүү эдийн засгийн төв юм. Дубайд “Оюутолгой” төсөл үргэжлэхээр болсон тухай хэлэлцэж эцэслэсэн нь дэлхий дахинд хурдан хугацаанд сурталчилагдан, энэхүү эерэг мэдээлэл түгэхэд тус дөхөм болно” гэдгийг онцолсон юм. Ингээд Ерөнхий сайдын өгсөн мэдээллийг дэлгэрэнгүйгээр багцлан хүргэе.

 

ЯМАР Ч ГЭРЭЭНД ГАРЫН ҮСЭГ ЗУРААГҮЙ

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг ямар нэгэн гэрээнд гарын үсэг зураагүй, зөвхөн далд уурхайг үргэлжлүүлэх төлөвлөгөөнд холбогдох аж ахуйн нэгж байгууллага, компанийн удирдлагууд гарын үсэг зурсан гэдгийг хэлсэн юм. Мөн тэрээр “Ийнхүү тус томоохон төсөл амжилттай үргэлжлэх нь тодорхой болсон тул “Оюутолгой” нь улс төр, Засгийн газрын асуудал байхаа больсон. Одооноос Оюутолгойн төсөл нь эдийн засгийн, санхүүгийн, компани хоорондын асуудал болно. Тиймээс улстөрчид эх орноо боддог л юм бол энэ асуудалд хутгалдахаа болих хэрэгтэй. Одоо бидний зүгээс “Оюутолгой”-г яг “Эрдэнэт” үйлдвэртэй адилаар “орхих” нь зүйтэй” гэсэн юм.

 

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ГЭРЭЭНД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТАЛААР ЯРИАГҮЙ

Дубай хотноо болсон хэлэлцээрийн үеэр 2009 оны “Оюутолгой”-н хөрөнгө оруулалтын гэрээний талаар яригдаагүй гэнэ. Мөн хэлэлцээрийн үеэр өнөөдрийг хүртэл маргаан дагуулж байсан ТЭЗҮ-ийн хэтрэлтийн хоёр тэрбумын асуудлыг шийдвэрлэсэн байна. Тодруулбал, 1.2 тэрбумын ам.долларын удирдлагын зардлын төлбөрийг төлж харин бусад зардлыг төлөхгүй гэж тохиролцсон гэнэ. Мөн монголын талд ашигтай бас нэгэн шийдэлд хүрсэн нь удирдлагын менежментийн зардлыг зургаан хувиар тогтоосон байсныг далд уурхайн бүтээн байгуулалт үргэлжлэх долоон жилийн хугацаанд гурван хувьд барихаар тохиролцжээ.

МАНАЙ УЛС 53 БУС 54.9 ХУВИЙН АШИГ ХҮРТЭНЭ

Мөн хэлэлцээрийн үеэр шийдэгдсэн нэг таатай мэдээ нь бүх зардлыг Монголын талаас давхар хянах боломжтой болжээ. “Оюутолгой”-н төслийг хэрэгжих үед хоёр талаас тус бүр хоёр хүн оруулсан ажлын хэсэг гаргаад тус ажлын хэсгийг монголын талын хүн удирдаж бүхий л зардлыг хянахаар болсон гэнэ. Мөн манай улс “Оюутолгой” төслөөс хүртэх ашгийн хэмжээг эцэслэсэн байна. “Энэхүү төслийг ярих бүрт 53, 47 хувийн ашгийн тухай яригддаг. Энэхүү ашгийн тухай өмнө нь ямар нэгэн баримт бичиг дээр тусгаагүй байсан. Одоо харин “Далд уурхайг эхлүүлэх бүтээн байгуулалтын төлөвлөгөө”-нд энэхүү заалтыг албан ёсоор тусгасан гэдгийг хэлэхэд таатай байна. Бидний хувьд гадны томоохон зөвлөгөө өгдөг компанийг авч ажиллуулдаггүй гэсэн шүүмжлэлд өртөж байсан. Үүний дагуу хууль, санхүүгийн зөвлөхийг авч ажиллуулсан.  Ингээд хоёр талаас янз бүрийн зөрүүтэй тоо ярьдаг байсныг эцэслэж нэгдсэн нэг тоон дээр очсон. Үүний дагуу тооцоход өмнө нь яригдаж байсан Монголын талын ашиг 53 бус 54.9 хувьд хүрсэн. Манай улс 54.9 хувиас илүү ашиг авах боломжгүй гэдгийг Ерөнхий сайдын хувиар онцлон хэлмээр байна” гэж Ч.Сайханбилэг сайд дуулгасан юм.

Мөн багагүй асуудал дэгдээж Арбитрийн шүүхэд гомдол гаргах дээрээ тулаад байсан татварын асуудлыг нэг мөр шийджээ. Тодруулан хэлэхэд манай талаас 30 сая ам.долларыг төлөөд нөгөө талын Арбитрийн шүүхэд гомдол гаргах гэж байсан асуудлыг шийдвэрлэсэн талаар ч мөн Ерөнхий сайд хэлсэн юм.

 

ТӨЛӨВЛӨГӨӨНД ГАРЫН ҮСЭГ ЗУРСНААР ЭДИЙН ЗАСАГТ ОГЦОМ ЭЕРЭГ ҮЗҮҮЛЭЛТ ГАРЧЭЭ

“Далд уурхайг эхлүүлэх бүтээн байгуулалтын төлөвлөгөө”-нд гарын үсэг зурмагц Монгол Улсын Засгийн газрын бондын хэмжээ, үнэлгээ, Хөгжлийн банк, Худалдаа хөгжлийн банкны гээд цөөнгүй үзүүлэлт огцом өсч байна. Бид нар сүүлийн гурван жил үүнийг л хүсч ирлээ шүү дээ. Тиймээс улс төрчид хувьдаа оноо цуглуулах ажлаа зогсоо. Одоо бүгд ажлаа хийе. “Оюутолгой”-гоо шийдлээ дараагийн ээлжинд Засгийн газар, УИХ-тай хамтран “Тавантолгой”-н асуудлыг шийдвэрлэхийн төлөө ажиллана гэдгээ хэлэхийг хүсч байна. Өнгөрсөн тав хоногийн хугацаанд л гэхэд Энэтхэгийн нэг тэрбум ам.долларын зээл, “Оюутолгой”-н зургаан тэрбумын хөрөнгө оруулалт, Арабын нэгдсэн Эмират улсын нэг тэрбумын санхүүжилт гээд нийт найман тэрбум ам.долларыг шийдэж чадлаа шүү дээ. Манай улсын эдийн засаг 10 тэрбум ам.доллар гээд үзэхэд бид хамтарч ажиллаж чадвал маш олон боломж байна гэдгийг нотолсон өдрүүд байлаа. Монголын эдийн засгийн судас шөрмөсөөр “Оюутолгой”-н мөнгө гүйх асуудал нь зөвхөн цаг хугацааны асуудал боллоо” гэж Ерөнхий сайд Ч.Сайханбилэг мэдээллийн төгсгөлд онцолсон юм.

Д.ЖАРГАЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж