Тайванийн Тайбэй хотноо болж буй эмэгтэйчүүдийн боксын охидын болон залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож буй манай тамирчдаас гурав нь медалийн болзол хангаад байгаа талаар бид мэдээлсэн билээ. Тодруулбал, өсвөрийн 48 кг-ын жинд М.Энхжаргал, 54 кг-д Л.Ангараг, 57 кг-д М.Намуун нар Дэлхийн аваргын хүрэл медалийн болзол хангаж, мөнгөн медалийн төлөө тулалдахаар шалгараад байна.
Маргааш хагас шигшээд М.Энхжаргал (48 кг) АНУ-ын Гарсия Хеавентэй, Л.Ангараг (54 кг) ОХУ-ын Селина Анастасиятай, М.Намуун (57 кг) АНУ-ын Кроскет Занетай тус тус мөнгөн медалийн төлөө тоглох юм. Энэхүү тоглолтууд баасан гаригт Улаанбаатарын цагаар 15.00-с эхлэх бөгөөд http://en.taipeiboxing2015.com/-с шууд үзнэ үү.
М.Энхжаргал "Алдар" спорт хороо, Л.Ангараг Дорнод аймгаас, М.Намуун "Эрдэнэт бокс" клубийн тамирчин бөгөөд Дэлхийн аваргад оролцож, түүхэн амжилт үзүүлээд байна.
Медалийн төлөөх шийдвэрлэх тоглолтуудын бичлэгийг хүргэж байна.
Ч.БОЛОР