ЕБС-ийн есөн сурагч хар тамхины хэрэгт холбогджээ

Хуучирсан мэдээ: 2019.05.08-нд нийтлэгдсэн

ЕБС-ийн есөн сурагч хар тамхины хэрэгт холбогджээ

ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газраас мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэргийн хор аюул, түүнээс урьдчилан сэргийлэхэд хэвлэл мэдээллийн байгууллагын үүрэг оролцоо сэдвээр өнөөдөр /2019.05.08/ уулзалт зохион байгууллаа.


Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газар хар тамхи, мансууруулах бодисын хор хөнөөлийг таниулах Сургалт, сурталчилгааны танхимыг өнгөрөгч сард  нээсэн.  Бид өнөөдөр тус төвөөр орж хар тамхины хор хөнөөл, энэ төрлийн гэмт хэргийн нөхцөл байдалтай танилцлаа.

Хар тамхи, мансууруулах бодистой холбоотой хэргийн тоо, холбогдогч сүүлийн гурван жилд анхаарал татахуйц нэмэгджээ. Хар тамхи, мансууруулах бодисын хэрэглээний өнөөгийн байдал ямар байна вэ, түүнтэй тэмцэхийн тулд ямар бодлого баримтлах, яагаад залуусын дунд идэвхтэй тархаж байна вэ, урьдчилан сэргийлэх ажил хийгдэж байна уу гэсэн олон асуулт нийгэмд байдаг.

Статистик мэдээллээс харахад Монгол Улсад мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой  2018 онд 199 тохиолдол бүртгэгдэж, 412 хүн энэ гэмт хэрэгт холбогджээ. Хамгийн сүүлд буюу энэ сарын 6-ны өдөр “гашиш” гэх нэршилтэй гурван кг орчим сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан хэргийг илрүүлсэн байна. Ингэхдээ Испани улсаас олон улсын шуудан илгээмжээр явуулсныг гаалийн байцаагчид рентген тоног төхөөрөмжөөр ирлүүлжээ.

ХАР ТАМХИ БҮХ ЭД ЭРХТНИЙГ ГЭМТЭЭДЭГ ХОР ХӨНӨӨЛТЭЙ

Энэ он гарсаар Хар тамхитай тэмцэх газраас 130 холбогдогчтой 67 гэмт хэргийг илрүүлэн шалгаж байгаа бөгөөд энэ төрлийн гэмт хэрэгт холбогдогчдын 80 гаруй хувь нь 18-35 насны залуучууд байдаг гэдгийг онцоллоо. Тус газраас мэдээлснээр мансууруулах бодис нь архины шарталтаас 60 дахин хүчтэй тул хүний биеийн бүх эрхтнийг гэмтээдэг хор хөнөөлтэй гэнэ.

Албаны хүний хэлснээр хар тамхи, мансууруулах бодис хэрэглэсэн хүнд хайрлах хүндэтгэх сэтгэл гэж байхгүй, тухайн хорт бодисыг авч хэрэглэхийн тулд юу ч хэрэглэхээс буцахааргүй болдог аж. Хар тамхинд донтсон хүн эдийн засгийн хараат байдалд орж хулгай дээрмийн хэрэгт холбогдож, мансуурсан үедээ хамгаалалтгүй бэлгийн хавьталд орсноор бэлгийн замын өвчтэй болсон тохиолдол ч бүртгэгджээ.

Сүүлийн үед олон улсын шуудан илгээмжээр гадаад улсын иргэд их хэмжээний хар тамхи мансууруулах төрлийн бодис оруулж ирсэн хэргийг тус газраас шалгаж байна. Хил гаалийн ажилтнууд улсын хилээр орж ирж буй иргэдийн гараас дээж авч Англи улсад үйлдвэрлэсэн өндөр чадалтай техник хэрэгслээр 48 цагийн дотор хар тамхитай харьцсан хүнийг шууд илрүүлж байгаа гэнэ.

Харин манай хоёр хөрш орнуудад хар тамхитай холбоотой хэрэгт оноох ял шийтгэл хатуу байдаг. Тухайлбал, БНХАУ цаазаар авах хатуу ялын бодлоготой бол ОХУ бүх насаар нь хорих ялаар шийтгэдэг аж. Манай улсад сэтгэцийн нөлөөт эм бодисыг хууль бусаар олж авсан, хадгалсан, зарж борлуулсан тохиолдолд 5-8 жил хүртэлх хорих ял онооно. Давтан үйлдсэн бол 10-20 жил хорих ялтай.

ХАР ТАМХИНЫ ХЭРЭГТ 75 ЭМЭГТЭЙ ХОЛБОГДЖЭЭ 

Хар тамхи дэлхий нийтэд тулгарч буй “эмзэг” асуудал болчхоод байна. 2018 оны дэлхийн хар тамхитай тэмцэх тайланд дэлхий нийтэд 15-64 насны 275 сая иргэн мансууруулах бодис хэрэглэдэг гэсэн судалгаа гарчээ.

МАНСУУРУУЛАХ БОДИС ХЭРЭГЛЭЖ БУЙ ШАЛТГААН:

  1. Ажилгүйдэл
  2. Эцэг, эхийн хараа хяналт дутмаг,
  3. Ялын бодлого
  4. Хар тамхины талаар хараа хяналтгүй мэдээлэл авдаг
  5. Зугаа цэнгэл
  6. Хар тамхины хор хөнөөлийн талаар мэдлэг дутмаг
  7. Зэрлэг ургамлын тархацтай
  8. Өсвөр насны хүүхдүүд нэгийгээ даган дууриах

Сүүлийн гурван жилийн байдлаар хар тамхины төрлийн гэмт хэрэг огцом өсч энэ төрлийн гэмт хэрэгт өсвөр насны залуус, эмэгтэйчүүд холбогдож байна. 2018 онд энэ төрлийн гэмт хэрэгт 412 хүн холбогдсоноос 75 нь эмэгтэй бол ЕБС-ийн есөн сурагч хар тамхины хэргээр шалгагдаж байна.

Мөн гадаад улсаас долоон иргэн хар тамхины хэрэгт холбогдсоны Нигери улсын дөрөв, Франц, ОХУ, БНСУ-ын тус бүр нэг иргэн шалгагдаж байна. Эдгээр иргэдийг Монгол Улсын хуулинд заасны дагуу ял шийтгэл онооно гэдгийг тус газрын тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Г.Давааням мэдээлсэн юм.

Э.АРИУН 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж