“Дубайд хийсэн нууц гэрээ огт байхгүй”

Хуучирсан мэдээ: 2015.05.21-нд нийтлэгдсэн

“Дубайд хийсэн нууц гэрээ огт байхгүй”

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг дөнгөж сая Арабын Нэгдсэн Эмират Улсаас эх орондоо хөл тавьж, Чингис хаан нисэх буудалд сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Тэрбээр айлчлалаа маш үр дүнтэй боллоо, ганзага дүүрэн ирлээ хэмээн дүгнэсэн юм. Сэтгүүлчдийн хөндсөн гол асуудал бол энэ сарын 19-ний өдөр гарын үсэг зурж баталгаажуулсан Оюутолгой далд уурхайн бүтээн байгуулалт болон өнөөдөр УИХ-ын гишүүн С.Ганбаатарын дэлгэсэн Дубайн нууц гэрээ хэлэлцээр байсан юм.

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Оюутолгойн далд уурхайг эхлүүлэх төлөвлөгөөг байгуулаад ирлээ. Гэхдээ би Ерөнхий сайдын зүгээс ямар нэгэн гэрээнд гарын үсэг зураагүй. Бизнес эрхлэгч компаниудын төлөөлөл гарын үсэг зурж, төлөвлөгөөгөө баталгаажуулсан. Энэ төлөвлөгөө байгуулагдсанаар Оюутолгой улс төр, Засгийн газрын асуудал байхаа больсон. Өөрөөр хэлбэл Оюутолгой компани эдийн засгийн харилцаанд орж байна гэсэн үг. Тиймээс Оюутолгойг улстөржүүлэхээ  зогсоовол таарна. Далд уурхайг эхлүүлэхэд эхний ээлжинд зургаан тэрбум төгрөг шаардлагатай. Нууц далд гэрээ хаана ч байхгүй. Бид Дубайгаас  гадна Улаанбаатар, Лондон зэрэг олон хотод  хэлэлцээ хийж байсан. Харин ч Монголын тал нөгөө талтай хэлэлцэлгүй нэмэлт  орлого төлөвлөсөн, татварынхан дансыг нь хаасан тохиолдол гарч байсан. Түүнээс болж итгэл алдсан тал бий. Харин одоо бол нэг завин дээр сууснаа хэн хэн нь ойлгож, итгэлцэл сэргэлээ. Засгийн газар Оюутолгойн далд уурхайг урагшлуулж, ажлаа хийж эхэлсэн нь зарим нэг хүмүүст таалагдахгүй байж болно. Гэвч үүнийг дэвэргэх хэрэггүй” гэсэн тайлбарыг өглөө.

Д.ЖАРГАЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж