С.Амарсайхан: Хот зарим асуудлыг бие даан шийдвэрлэх шаардлага байна

Хуучирсан мэдээ: 2019.05.08-нд нийтлэгдсэн

С.Амарсайхан: Хот зарим асуудлыг бие даан шийдвэрлэх шаардлага байна

Улаанбаатар хотын иргэдийн 56.7 хувь нь гэр хороололд, 43.3 хувь нь орон сууцанд амьдардаг. Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төслийн хүрээнд хийгдсэн ажлаас үүдэн 446 өрх хашаа, гэргүй болж, түрээсийн орон сууцанд амьдарч байгаа юм.

Хүний эрхийн үндэсний комиссоос нийслэлийн хот төлөвлөлттэй холбоотой хүний эрхийн асуудлыг судлан, 2018 онд дараах асуудлыг шийдвэрлэхийг хүсч УИХ-д илтгэл өргөн барьсан юм. Үүнд, нэгдүгээрт, хот төлөвлөлтийн төсөл хөтөлбөрийн хүрээнд газраа чөлөөлж, үл хөдлөх эд хөрөнгөгүй болж хохирсон иргэдийн хохирлыг нэн даруй барагдуулах арга хэмжээ авах. Хоёрт, хот суурин газрыг хөгжүүлэх харилцааны эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, иргэдийг амьдрах байраар хангасан нөхцөлд газар чөлөөлж үл хөдлөх эд хөрөнгийг буулгах. Гэрээгээр тохирсон хугацаанд байр олгоогүй нөхцөлд үүрэг хүлээсэн төрийн болон бусад байгууллага, аж ахуйн нэгж бүрэн хариуцдаг зохицуулалттай болох шаардлагатайг онцолсон билээ. Эдгээр асуудал одоог болтол шийдэгдээгүй байгаа. Тиймээс уг асуудлын хүрээнд үндэсний зөвлөлдөх уулзалтыг өнөөдөр /2019.5.8/ зохион байгууллаа.

Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хэрхэн хөгжүүлэхийг төлөвлөж байгаа

“Хот дахин төлөвлөлт-Газар чөлөөлөлт-Хүний эрх”зөвлөгөөнөөр  хот төлөвлөлт болон газар чөлөөлөлт, хүний эрхтэй холбоотой асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайханаас тодрууллаа.  

-Өнөөдөр хэлэлцэж байгаа асуудлыг цаашид хэрхэн шийдвэрлэх вэ?

-Дахин төлөвлөлт, газар чөлөөлөлт, хүний эрхтэй холбоотой асуудлыг цогцоор нь шийдэх цаг нь болсон. Өмнө нь хийж байсан ажилд алдаа байна. Үүнийг засах шаардлага зайлшгүй байна. Тиймээс дараагийн ажилд бүх талын оролцоог хангах хэрэгтэй. Ингэхдээ яам, Тамгын газар нь бодлого гаргаж, аж ахуйн нэгжүүд түүнийг гүйцэтгэдэг, иргэд оролцдог зэргээр аль алиныхаа эрх ашгийг хангаж асуудлыг шийдвэрлэх цаг нь болсон.

Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулж байгаа. Үүнийг ерөнхий төлөвлөгөө  гэдэг утгаар нь биш, хот дараагийн 20, 40 жилд хэрхэн хөгжих бодлогыг бид ултай боловсруулж, инженерийн байгууламжаас эхлээд иргэд нь ажилтай, орлоготой, эрүүл, боловсролтой болон эдийн засгийн чадавхтай хотыг цогцоор боловсруулж хэрэгжүүлэхийн төлөө ажиллаж байна. Энэ ажилд бүх талын оролцоог ханган ажиллана.

Улаанбаатар хотыг бодлогогүйгээр тэлэхгүйгээр, аялал жуулчлал, үйлдвэрлэл үйлчилгээ, тээвэр ложистик, хөнгөн үйлдвэр  эдийн засгийн төв нь хаана байх зэргээр төрөлжүүлж хөгжүүлэх цогц бодлого гаргах ёстой. Үүний тулд дүүргүүдийн бие даасан байдлыг хангаж, эрх зүйн орчныг шийдвэрлэж, хот зарим асуудлыг бие даан шийдвэрлэдэг байх хэрэгтэй. Одоогийн байгаа байдлаар явбал хот дангаараа асуудлыг шийдвэрлэхэд хүндрэлтэй байна.

-Гэр хорооллын дахин төлөвлөлтөөс болж гэр оронгүй болсон, эрх нь зөрчигдсөн олон иргэн бий. Тэдний асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ?

-Хохирсон иргэдийг асуудлыг шийдвэрлэх талаас нь ажиллаж байна. Учир нь үүнд ялгаатай хандах асуудал бий. Аж ахуйн нэгжүүд үүргээ биелүүлээгүйгээс, хотын зарим агентлагийн албан хаагч хариуцлагагүй хандсанаас иргэд хохирсон зүйл ч бий. Тооцоололгүйгээр, сэтгэлийн хөөрлөөр, сонгуулийн дөрвөн жилд үндэслэн, бусдаас оноо авахын тулд асуудалд ханддагийн уршгаар иргэд нь хохирч, асуудал хүндэрч байна. Энэ алдааг давтахгүй байхаар бид ажиллаж байгаа. Тиймээс Хотын захирагчийн ажлын албаны зүгээс хүн рүү чиглэсэн бодлого баримтална. Нийслэлийн иргэдийн орон байраас эхлээд алхаж гишгэх газрыг аюулгүй байлгахын тулд ажиллана.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж