Монгол Улсад газрын тос боловсруулах үйлдвэр байгуулахаар ажил нь эхэлсэнтэй холбогдуулан БНЭУ-ын Элчин сайдын яамнаас санаачлан энэ сарын 12-14-нд Монгол-Энэтхэгийн газрын тос, байгалийн хийн компаниудын үзэсгэлэнг зохион байгуулахаар болжээ. Үзэсгэлэн Буян-Ухаа спорт цогцолборт гарах аж. Энэ талаар өнөөдөр /2019.05.08/ зохион байгуулагчид мэдээлэл хийлээ.
Үзэсгэлэнд Энэтхэг улсын газрын тос, байгалийн хийн 35 компани оролцоно.
“Монголын газрын тос боловсруулах үйлдвэр” төрийн өмчит ХХК-ийн хуульч У.Чинзориг “Монгол Улсын Засгийн газар Энэтхэг улсын Экспорт импортын банк хооронд 2016 оны дөрөвдүгээр сарын 28-нд 1.0 тэрбум ам.долларын зээлийн гэрээ байгуулж, төсөл хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутаг дахь 1.5 сая тонн газрын тос боловсруулах хүчин чадалтай үйлдвэр барих ажил эхэлсэн. Үйлдвэрийн дэд бүтцийн ажлын бүтээн байгуулалт 2019 аравдугаар сард дуусах төлөвлөгөөтэйгээр ажиллаж байна. Төслийн менежментийн зөвлөх компанийг бид сонгосон. Зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулахад бэлэн болсон. Гэрээ байгуулсны дараа төслийн дараагийн шатны ажил болох инженерийн зураг төсөл, үйлдвэрийн барилгын өмнөх шатны бүтээн байгуулалт эхэлнэ” гэлээ.
Том төслүүдийн нэг учраас энэ бүхнийг үзэсгэлэн гаргаж олон нийтэд танилцуулах юм байна.
Холбоотой мэдээ