Ц.Нямдорж: Монголд шүүх гэж байхгүй болсон

Хуучирсан мэдээ: 2019.05.08-нд нийтлэгдсэн

Ц.Нямдорж: Монголд шүүх гэж байхгүй болсон

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар өнөөдөр /2019.05.08/ Хүний эрхийн үндэсний комиссын "Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 18 дахь илтгэл"-ийг сонслоо. Хуралдааны үеэр УИХ-ын гишүүнд өнгөрсөн хугацаанд хэлэлцүүлсэн 17 илтгэл, 295 санал, дүгнэлтийн хэрэгжилтэд хэрхэн хяналт тавьсныг тодруулав.

Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Эрдэнэ:

Хүний эрхийн үндэсний комисс ажилласан шиг ажиллах хэрэгтэй. Ц.Нямдорж сайд аа, танай яаманд  Хүний эрхийн комисстой холбоотой хууль боловсруулагдаж байгаа бол ил болго, олон нийтээр хэлэлцүүл.

УИХ-ын гишүүн Л.Болд :

Хүний эрхийн комиссын эрх үүргийг нэмэх шаардлагатай. Хорих ангийн ганц жигүүрт Б.Булганыг хэдэн сар хорьсон. Б.Булган их бухимдалтай байсан. Та нар үнэхээр дэндэж байгаа шүү гээд хашгирч байсан. Харин яг доод давхарт нь Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг хорьж байсан юм билээ. Бидэнд хэлээгүй. Эдгээр хүмүүсийг эрүүдэн шүүх замаар ял хүлээлгэсэн. Одоо нэн даруй суллах хэрэгтэй” хэмээгээд тэднийг суллах санал гаргасан юм.

Энэ үеэр  Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж “С.Зориг агсны хэрэг 2-3 хүнийг биш нийгмийг бүхэлд нь айдаст автуулсан. Асуудал нь илэрхий байхад хэн ч дуугардаггүй байсан. Тагнуулын ерөнхий газар шалгаж байгаа учраас нууц айдас. Энэ хэргийг шалгахдаа Монголд мөрдөж байгаа бүх хуулийг зөрчсөн. Эрүүдэн шүүх ажиллагаа 2013 оны наймдугаар сард эхэлсэн. Би 2017 онд сайд болоход энэ асуудал давж заалдах шатны шүүхээр ороод дуусчихсан байсан. Намайг юугаа хийж байсан юм гэдэг асуулт  их ирж байгаа. Тийм учраас би хугацааны хувьд тодорхой хэлж байна. Би энэ асуудлаар ярьж эхэлснээс хойш хоёр жил дөрвөн сарын хугацаа өнгөрч байна. Асар их бэрхшээлтэй би тулгарсан. Гэхдээ би өөрт учирсан бэрхшээлээ ярихгүй, өрөөлд тулгарсан бэрхшээлийг ярьж болно. Өмгөөлөгчийг нь хүртэл мөрдөж мөшгөсөн. Өмгөөлөгчийн хүүхдийг нь хар тамхины хэрэгт холбогдуулж дарамталж айлгаж сүрдүүлсэн. Хэрэг мөрдөх ямар ч боломжгүй болсон прокурорын орлогч нь энэ хэргийн ажлын хэсгийг ахалсан. Гүйцэтгэх, мөрдөх, шүүхээр хянан шийдвэрлүүлэх, давж заалдах зэрэг бүх ажиллагааг тэр хүний удирдлагын дор хийсэн. Ирсэн өргөдөл бүр дээр би анхаарч ажиллаж байгаа.

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил :

Байнгын хорооноос хэн нэгнийг шууд сулла гэдэг чиглэл өгч болохгүй.

Хууль зүйн, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж:

Намайг олон жил сайд хийсэн, шорон их бариулдаг гэж надад дургүй  хүмүүс ярьдаг л даа. Аль аль нь үнэн л дээ.  Өнөөдрийн байдлаар 25 орчим хорих байгууллага бий. Хоригдлын бүх байр шинэ шүү. Хүнийг тамлах боломжгүй болгосон шүү. Нэг стандартын болгосон. Монгол хүнд тэнд амьдарч байгаа учраас 20 гаруй жил хорих ангийн нөхцөл байдлыг сайжруулсан, мөн камержуулсан. Хяналт ийм өндөр учраас Төв аймгийн хорих газарт  бэлтгэлийг нь хангаж байгаад аваачин таван хүнийг хорьсон. Энэ бол зүгээр нэг асуудал биш. Энэ бол 1937 оны хэлмэгдүүлэлтийг Монголын төр таслан зогсоож чадах уу, үгүй юу гэдэг асуудал. Хоног хугацаа алдмааргүй байна. Энэ чинь ял эдэлж байгаа хүмүүсийн ар гэрт там болж байгаа. Одоо хангалттай биш үү. Шүүх дээр асуудал гараад байна. Гарцаагүй хорьж шалгасан эрх мэдэлтнүүд нь одоо байгаад байгаа болохоор нэг тийшээ болгоход хэцүү байна. Та нар энд суучихаад амархан юм яриад байна. Би хоёр жил зургаан сар энэ хэрэгтэй ноцолдож байна. Эмэгтэйчүүдийн эрхийн асуудлыг хурцаар ярьж байгаа эмэгтэй гишүүн байна уу. Тиймээс хууль хяналтын байгууллагыг хурдал гэсэн чиглэл өгсөн нь дээр. Энэ хэргийн араас явсан хүн болгон дээр хэрэг үүсгэсэн. Хуучин прокурор үүнийг хөдөлгөдөггүй байсан. Одоогийн удирдлага нь санаанд хүрч ажиллахгүй байна. Прокурор нэн даруй суллах арга хэмжээ авах ёстой гээд хуулинд биччихсэн байгаа. Прокурор, цагдаа яаж ажилладгийг би гадарлана. Хүсвэл нэг өдрийн ажил. Эрүүдэн шүүхдээ хамгийн муухай, хамгийн харгисаар эрүүдэн шүүсэн. Айлын хашаанд цогцос аваачиж хаяад дөрвөн жил болж байна. Одоо саармагжуулах гэсэн зүйл тасралтгүй хийж байна. Хурдан наад асуудлаа шийд. Энэ Монголд чинь төр байгаа юм уу. Тэр Ерөнхий шүүгчийн томилгоог яагаад хийхгүй байгаа юм. Сар боллоо. Хүний эрхийн комисс зоримог байх хэрэгтэй. Монголд сүүлийн 70 жилийн түүхэнд ийм хэрэг гарсан гэж би сонсоогүй. Их зовоож байгаа. Материалаа нуугаад, жүжиг тавиад байгаа. хүчин мөхөсдөж байна.

Байнгын хорооны дарга Ш.Раднаасэд Л.Болд гишүүний гаргасан саналыг уншиж танилцуулав. Тус саналд “Хууль хяналтын байгууллагаас хууль зөрчиж гэмт хэрэгт ял хүлээлгэх зорилгоор эрүүдэн шүүсэн нөхцөл байдал тогтоогдсон тул С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгт шийдэгдсэн зарим этгээдийг хууль тогтоомжийн хүрээнд нэн даруй суллах арга хэмжээ авах” гэжээ. Уг саналын томъёоллоор  санал хураалт явуулахын өмнө Ц.Нямдорж сайд ихэд бухимдан  “Та нар шүүхийг шүүх гээд байгаа юм уу, хаана байна тэр шүүх чинь. Монголд шүүх гэж байхгүй болсон. Даргын даалгавраар гэмт хэрэг хүлээлгэж  шоронд насаар нь хатаадаг бүлэг  дээрэмчидтэй болсон” гэж хэлэхэд УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил Хууль зүйн байнгын хороо шүүх болчихоод байна” гэв.

УИХ-ын гишүүн О.Батнасан: УИХ-ын танхим шүүх биш.

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар Хүний эрхийн комиссын илтгэлийг хэлэлцэж байгаа энэ үед С.Зоригийн амь насыг хохироосон хэрэгтэй холбоотойгоор эрүүдэн шүүсэн асуудалтай холбоотой шийдвэрийг байнгын хороо гаргах гэж байна. Хэлбэрийн хувьд байнгын хороо гэмт этгээдийг сулла гэсэн чиглэл өгөхгүй боломжгүй, УИХ Засгийн газарт чиглэл өгч болно харин шүүх, прокурорт зөвлөж болно. Ингэхдээ Эрүүгийн хэргийг шүүх шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлд шинээр илэрсэн нөхцөл байдал гэж юуг үзэх вэ гэдгийг тодорхой зааж өгсөн байгаа. Тиймээс энэ зүйлээр прокурор дүгнэлтээ гаргаж, тухайн шатны шүүхэд дүгнэлтээ хүргүүлдэг хуультай. Шүүх хэлэлцэж, тодорхой шийдвэр гаргадаг. Энэ хуулийн дагуу явах ёстой бөгөөд энэ хүрээнд байнгын хорооноос зөвлөмж өгөх боломжтой гэв.

Ийнхүү маргаан дагуулсан тус саналын томъёолол 42.9 хувиар дэмжигдээгүй тул Л.Болд гишүүн анхны гаргасан саналаа татаж гишүүдийн саналыг тусган өөрчлөв. Тус шинээр гаргасан томъёололд “Хууль хяналтын байгууллагаас хууль зөрчиж гэмт хэрэгт ял тулгаж хүлээлгэх зорилгоор эрүүдэн шүүсэн нөхцөл байдал тогтоогдсон тул С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргээр ял эдэлж буй  иргэдийн эрхийг хамгаалах талаар хуулийн хүрээнд яаралтай арга хэмжээ авах” гэсэн санал нь  86.7 хувиар дэмжигдэв.

Үүний дараа Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлгийг хийхэд асуулт асууж, үг хэлэх гишүүд  байгаагүй  тул санал хураалт явуулахад гишүүдийн олонх дэмжсэн юм.

Хууль зүйн байнгын хорооны хуралдаан үргэлжилж байна.

 

 

 

 

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
3
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж