Байнгын төлөөлөгч, Элчин сайд Л.Пүрэвсүрэн 2019 оны 5 дугаар сарын 7-9-ний өдрүүдэд Женев хотноо зохион байгуулагдаж буй НҮБ-ын Худалдаа, хөгжлийн бага хурал (ХХБХ)-ын Тээвэр, худалдааны логистик, худалдааг хөнгөвчлөх асуудлаарх экспертүүдийн 7 дугаар хуралдааны даргаар сонгогдов. “2030 он хүртэлх Тогтвортой хөгжлийн Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд худалдааг хөнгөвчлөх, тээврийн салбарын хөгжлийн үүрэг, хувь нэмэр” сэдвийн дор болж буй энэ удаагийн хуралдаанаар тогтвортой хөгжлийг хангах зорилгын хүрээнд худалдааг хөнгөвчлөх, дамжин өнгөрөх тээврийг хөгжүүлэх асуудлыг нарийвчлан авч хэлэлцэнэ.
НҮБ-ын ХХБХ нь Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээрийг соёрхон баталсан Дэлхийн худалдааны байгууллага (ДХБ)-ын гишүүн орнуудад хэлэлцээрийг хэрэгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлж ажилладаг. Гурван өдрийн туршид үргэлжлэх энэхүү хуралдаан улс орнууд дахь худалдааг хөнгөвчлөх шинэчлэлийн асуудал дээр төвлөрөн, 2017 оны 2 дугаар сард хүчин төгөлдөр болсон ДХБ-ын Худалдааг хөнгөвчлөх олон талт хэлэлцээрийн хэрэгжилтийн талаар хэлэлцэнэ. Тэр дундаа хэлэлцээрийн хэрэгжилтийг хангахад НҮБ-ын ХХБХ-ын зүгээс хөгжиж буй болон нэн буурай хөгжилтэй орнуудад үзүүлдэг дэмжлэг туслалцаа, технологийн шийдэл, хилийн шалган нэвтрүүлэх ажиллагааг үндэсний, бүс нутгийн болон олон улсын түвшинд уялдуулан хөгжүүлэх боломжийн талаар хэлэлцүүлэг өрнүүлнэ. Түүнчлэн, хэлэлцээрийн дамжин өнгөрөх тээврийн асуудлаарх заалтуудыг далайд гарцгүй хөгжиж буй орнуудад үр дүнтэй хэрэгжүүлэхэд улс хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх арга зам, хоёр талын болон бүс нутгийн чанартай хэлэлцээрүүдийн ач холбогдол болон дамжин өнгөрөх тээврийг хөгжүүлэх сайн туршлагын талаар оролцогчид мэдээлэл, санал солилцоно.
Эх сурвалж: ГХЯ
Холбоотой мэдээ