"Гадаад хэлтэй сурагчид монгол хэлний шалгалтад унасан"

Хуучирсан мэдээ: 2019.05.08-нд нийтлэгдсэн

"Гадаад хэлтэй сурагчид монгол хэлний шалгалтад унасан"

"Гадаад хэлтэй сурагчид монгол хэлний шалгалтад унасан"

Боловсролын үнэлгээний төв нь их, дээд сургуульд элсэх сурагчдаас монгол хэл, бичгийн эхний шалгалтыг өнгөрөгч гуравдугаар сарын 23-нд, дахин шалгалтыг дөрөвдүгээр сарын 20-нд улс даяар авсан.  Гэвч 1000 орчим шалгуулагч монгол хэл, бичгийн шалгалтад унаснаас их, дээд сургуульд элсэн суралцах боломжгүй болсон тухай яриа гарах болсон. Энэ асуудал болон  элсэлтийн ерөнхий шалгалт өгөхдөө юуг анхаарах хэрэгтэйг Боловсролын үнэлгээний төвийн захирал Ж.Ган-Эрдэнээс тодрууллаа.


-Монгол хэл, бичгийн дахин шалгалтыг өнгөрөгч дөрөвдүгээр сарын 20-нд зохион байгуулсан. Дахин шалгалтад 4500 орчим шалгуулагч орж, 1000 орчим шалгуулагч босго оноогоо авч чадаагүй гэх мэдээлэл байна. Монгол хэл, бичгийн шалгалтын талаар мэдээлэл өгөөч?

-Энэ жилийн хувьд монгол хэл, бичгийн шалгалтыг өгөхөд босго   оноог  400-гаар тогтоож өгснөөрөө онцлог. Үүнтэй холбоотойгоор монгол хэл, бичгийн шалгалтыг улс даяар хоёр удаа зохион байгуулсан. Хэрвээ шалгуулагч өнгөрсөн гуравдугаар сарын 23-ны шалгалтад ороод тэнцээгүй бол дахин шалгалтад орох нь нээлттэй байсан. Монгол хэл, бичгийн дахин шалгалтын дүн тавдугаар сарын 1-нд гарч, улсын хэмжээнд 1000 орчим шалгуулагч босго оноог давж чадаагүй. Тэгэхээр энэ шалгуулагчдын хувьд их, дээд сургуульд элсэх боломжгүй. Харин Элсэлтийн ерөнхий шалгалтад орох эрх нь нээлттэй байгаа. Тиймээс шалгуулагчид маань энэ жилийн ЭЕШ-ын дүнгээрээ ирэх жил монгол хэл, бичгийн шалгалтаа сайн өгвөл их, дээд сургуульд орох боломжтой юм. Өөрөөр хэлбэл, нэг жил их, дээд сургуульд сурч чадахгүй өнжинө гэсэн үг.

-Монгол хэл, бичгийн шалгалтын босго оноо давж чадаагүй шалгуулагчдын хэдэн хувийг энэ жилийн төгсөгчид эзэлж байна вэ?

-Монгол хэл, бичгийн шалгалтын босго оноо даваагүй шалгуулагчдад дүн шинжилгээ хийж үзсэн. Шалгуулагчдын дунд нийтлэг анзаарагдаж буй зүйл гэвэл эхний шалгалтдаа тэнцээгүй, дахин шалгалтад ороогүй шалгуулагчид 30 хувийг эзэлж байна. Тэр хүүхдүүд энэ жил их, дээд сургуульд сурахгүй гэсэн үг л дээ. Тийм учраас дахин шалгалтдаа ороогүй. Харин дахин шалгалтад тэнцээгүй энэ жилийн шалгуулагч 60 хувь, өмнөх оны төгсөгчид 10 хувийг эзэлж байна. Ерөнхийдөө өмнөх оны төгсөгчид шалгалтад бэлтгэж ордог учраас ихэнх шалгуулагчид тэнцдэг.

-Монгол хэл, бичгийн шалгалтын агуулга тийм хүнд байна уу. Шалгуулагчид шалгалт өгөхдөө нийтлэг ямар алдаа гаргаж байна вэ?

-Бидний барьж буй бодлого бол энэ хөтөлбөрт суурилсан шалгалт биш. Ерөнхий монгол хүний дараагийн шатны боловсрол эзэмшихэд шаардагдах мэдлэгийг л шалгаж байгаа. Ихэнх төгсөгчдийн хувьд монгол бичгийн уншаад ойлгох чадвар сул байна. Хоёрдугаарт найруулан бичих чадвар буюу эсээ бичих чадвар тааруу байна. Нарийвчилбал, гадаад оронд суралцаж байгаад ирсэн, гадаад хэл дээр хичээл үздэг сурагчид монгол хэл, бичгийн шалгалтад бүдрэх тохиолдол их байна.

-Монгол бичгийн хичээлийг дунд ангидаа үзэж, суралцдаг ч ахлах ангиудад энэ хичээлийг заадаггүй. Энэ нь монгол хэл, бичгийн шалгалтад шалгуулагчид бүдрэх шалтгаан болж байна уу?

-Миний хувьд монгол бичгийн хичээлийг арван жилийнхээ зургаа, долдугаар ангидаа үзэж байсан. Одоо ч марталгүй уншиж байна л даа. Мөн 2025 онд Монгол Улсын төрийн албан бичиг монгол бичиг рүү шилжих гэж байна. Энэ зорилтыг хангах үүднээс монгол бичгийн чадварыг сайжруулах хэрэгтэй байгаа. Монгол хэл, бичгийн шалгалт өгч буй шалгуулагчдын хувьд “Би олон жилийн өмнө монгол бичгийн хичээл үзсэн. Санахгүй, мартсан” гэх нь бага л даа. Одоо монгол хэл, бичгийн шалгалтад ирж буй эх нь хөрвүүлэхэд хүнд биш юм. Тухайн хүүхэд дунд ангидаа стандарт агуулгаа үзсэн бол хүндрэлтэй зүйл байхгүй.

-Тун удахгүй ЭЕШ эхлэх гэж байна. Энэ жилийн ЭЕШ-ын онцлог юу вэ. Шалгалтын материалыг шууд засах технологи нэвтрүүлж байгаа гэсэн үү?

-Энэ жилийн ЭЕШ-ын гол онцлог бол шууд засалтын шилэн технологи юм. Манай байгууллагад уг технологид шаардагдах тоног төхөөрөмжийг Азийн хөгжлийн банкны “Эдийн засгийн хүндрэлийн үед боловсролын чанар, хүртээмжийг  сайжруулах” төслөөс нийт 50 машин авч өглөө. Бид энэ жил улсын хэмжээнд 34 шалгалтын байранд ЭЕШ-ыг зохион байгуулахаар төлөвлөж байна. Шалгуулагч маань шалгалтаа өгч дуусаад шууд тэр даруйдаа дүнгээ харна. Мөн шалгалтын материалыг хэрхэн засаж байгааг шууд харах юм. Шууд засалтын машин маань цагт 2500 материал уншдаг. Хурд, хүчин чадал өндөртэй. Хоёрдугаарт уншсан материал болгоныг хэвлэж, нууцлалын баганан кодыг уншина. Энэ машины программ хангамжийг монгол залуус хийсэн юм билээ. Үнэ өртгийн хувьд сайн хэлж мэдэхгүй байна.

-Төгсөгчид шалгалт өгөхдөө юуг анхаарах вэ?

-Элсэлтийн ерөнхий шалгалтыг шууд засахтай холбоотойгоор хариултын хуудсыг зөвхөн харандаагаар бөглөнө. Өмнөх жилүүдэд шалгуулагчид шалгалт өгөх үзэг, харандаатайгаа ирдэг байсан бол энэ жилээс нэгдсэн журмаар харандаа тарааж, ширээнд байрлуулсан байна. Шууд засалтын машинд зөөлөн харандаагаар бөглөсөн материал уншихад тохиромжтой учраас нэгдсэн журмаар шалгуулагчдыг харандаагаар хангаж байгаа. Хатуу харандаа  их муу уншигдаад байгаа юм. Өнгөрсөн жил Ховд, Дархан хотод шууд засалтын машиныг туршиж байхад хариуг үзгээр бөглөсөн тохиолдол гарсан. Энэ тохиолдолд шууд засалтын машин уншихгүй гэдгийг анхаараарай.

Энэ жил нийт төгсөгчдийн тоо бага байгаатай холбоотойгоор нийслэл дэх шалгалтын байрыг цөөлж байгаа. Тиймээс энэ жил ЭЕШ өгөх шалгалтын байранд өөрчлөлт орох магадлал өндөр байгаа. Шалгуулагчид маань тавдугаар сарын 15-наас шалгуулагчийн булан руугаа орж, аль шалгалтын байранд шалгалт өгөхөө эртхэн мэдэж аваарай.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж