Бүгд Найрамдах Казахстан улс “Астанагийн эдийн засгийн чуулга уулзалт”-ыг найм дахь жилдээ зохион байгуулж байна. Тус уулзалт жил бүрийн тавдугаар сард зохион байгуулагддаг уламжлалтай.
Дэлхийн 150 орны 10 мянга гаруй төлөөлөл оролцож буй энэхүү арга хэмжээнд Монгол Улсаас Аж үйлдвэрийн дэд сайд Х.Баделхан, Аж үйлдвэрийн яамны Хөнгөн үйлдвэрийн бодлого зохицуулалтын газрын дарга С.Балжинням тэргүүтэй төлөөлөл оролцож байгаа юм. Олон улсын хэмжээний чуулга уулзалтад улстөрч, эдийн засагч, эрдэмтэн судлаач болон Нобелийн шагналтууд оролцдогоороо онцлог. Уулзалтын үеэр Их Британийн Ерөнхий сайд асан Тони Блэйр нарын хүмүүс илтгэл тавих юм.
Хоёр өдөр үргэлжлэх “Астанагийн Эдийн засгийн чуулга уулзалт”-аар өнөөгийн дэлхийн эдийн засагт тулгарч буй хүндрэл, түүнийг хэрхэн давах талаар хэлэлцэнэ. Тэр дундаа санхүү, мөнгө, валютын өөрчлөлт дэлхийн эдийн засагт ямар нөлөө үзүүлж байгаа тухай олон орны төлөөлөл санал солилцож байна. Уулзалтын үеэр хөндөгдсөн өөр нэг чухал асуудал нь ложистик болон дэд бүтцийн салбарыг хэрхэн хөгжүүлэх тухай байлаа. Дэлхийн эдийн засгийн өсөлт буурах болсон энэ үед Ази, Европыг холбосон “Торгоны зам” байгуулах нь эдийн засгийн өсөлтөд эерэгээр нөлөөлөх гол гарцуудын нэг гэсэн саналыг дэвшүүлж, ярилцав.
Сүүлийн жилүүдэд хүнд, хөнгөн үйлдвэрлэлийг эрчимтэй хөгжүүлж чадсан улсын тоонд Казахстан зүй ёсоор ордог. Тэр утгаараа тус улсын аж үйлдвэрийн салбарт баримталж ирсэн бодлого, туршлагаас суралцах таатай боломж гэдгийг манай улсын Аж үйлдвэрийн салбарынхан онцолж байна.
Мөн энэ үеэр Аж үйлдвэрийн дэд сайд Х.Баделхан Казахстан улсын Хөрөнгө оруулалт, хөгжлийн дэд сайд Алберт Рау тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзаж, тус улсын туршлагаас хуваалцлаа. Монгол Улс аж үйлдвэрийн салбарын хэтийн бодлогоо боловсруулж байгаа энэ үед үлгэр жишээ авахаар уулзалт, танилцуулга болсныг Аж үйлдвэрийн дэд сайд Х.Баделхан онцлов.
Г.ДАРЬ