Оюутолгой төслийн хэрэгжилтэд хяналт тавих үүрэг бүхий УИХ-аас байгуулагдсан ажлын хэсгийнхний дүгнэлт хууль тогтоогч нарт тараагдаагүй байхад хөрөнгө оруулагчид буюу “Рио Тинто” компанид очсон нь “УИХ урвагчтай болсон” гэх дуулианыг улам хурцалж байна.
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны зарим гишүүний тайлбараар бол ажлын хэсгийнхний дүгнэлт тавдугаар сарын 3-нд “Рио Тинто” компанид илгээгджээ. Гэтэл УИХ-ын гишүүд өнгөрсөн мягмар гаригаас л ажлын хэсгийн дүгнэлттэй танилцаж эхэлсэн аж. Зарим нь бүр барааг нь ч хараагүй яваа гэнэ. Гэтэл хөрөнгө оруулагчид УИХ-аас байгуулагдсан ажлын хэсгийнхний санал дүгнэлтэд тайлбараа давхар хавсаргасан байсан нь анхаарал татаж буй юм.
Зарим гишүүн процедурын алдаа гарсан байхыг үгүйсгэхгүй гэх тайлбар ч хийх болсон.
УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагвын тайлбараар бол УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Дамба-Очир өнгөрсөн долоо хоногт “Рио Тинто” руу ажлын хэсгийн дүгнэлтийг илгээсэн гэх ч хэргийн эзэн гэгдээд байгаа хүн нь няцаасан.
Үүнээс болж, УИХ-ын гишүүд бие биедээ итгэх аргагүйд хүрч, урвагч хайх ажилтай болжээ.
Оюутолгой төслийн хэрэгжилтийг хянах үүрэг бүхий УИХ-аас байгуулагдсан ажлын хэсгийнхний дүгнэлт нь гурван хэсгээс бүрдэж байгаа бөгөөд хоёр нь нууцын зэрэглэлтэй байжээ.
Г.ХОРОЛ