УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаанаар Өрийн удирдлагын тухай хуулийн төслийг хэлэлцээд эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр байнгын хороонд шилжүүллээ. Засгийн газраас өргөн мэдүүлсэн энэхүү төслийн хүрээнд өнгөрсөн хугацаанд тавьсан өрийг хэрхэн дарах тухай тусгасан юм байна.
Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн О.Баасанхүү Монгол Улс хэдий хэмжээний өртэй байгаа тухай тодруулсан бол УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин 2017 онд улсын өр ДНБ-ийн 40 хувьд багтах эсэх талаар лавласан юм.
Сангийн сайдын хариултаар бол Монгол Улс 20.7 их наядын өртэй. Түүнд Засгийн газрын баталгаа гаргасан бүх зээл, хувийн хэвшлийнхний авсан зээл бүгд хамаарч байна.
Мөн энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Болд Хан-Уул дүүрэг дэх 32 дугаар сургуулийн барилгын асуудлыг Засгийн газар шийдэж өгөхгүй байгааг шүүмжлэв.
Сангийн сайдын хариултаар бол сургууль, цэцэрлэгийн барилгад Засгийн газар хамгийн их анхаарч байгаа. Концессын гэрээгээр 72 сургууль, цэцэрлэг барихаар төлөвлөсөн. Хан-Уул дүүргийн 32 дугаар сургуулийн тухайд 8 тэрбум төгрөг шаардсан. Цогцолбор сургуулийг 3 тэрбум төгрөгт багтааж байхад нэг сургууль 8 тэрбум төгрөг шаардсан нь бодит байдалтай нийцэхгүй байна гэж үзээд Засгийн газрын хуралдаанаас бодит төсөв оруулж ирэх даалгаврыг өгсөн аж. Ерөнхий сайдын зүгээс сургуулийнх нь хуучин тавилгыг агуулахад хадгалж байгаад буцаагаад ашиглаж болох байтал шинээр худалдаж авахаар оруулж ирэх нь зохисгүй гэж үзсэн гэлээ.
Харин УИХ-ын гишүүн Л.Болд “Хуучин тавилгууд нь бороонд идэгдээд дахин ашиглах боломжгүй болсон. Та нартай УИХ хариуцлага ярьж болно шүү” гэсэн тайлбар хийж, УИХ-ын дарга З.Энхболд “Өрийн асуудал ярьж байхад холбогдолгүй зүйл асууж, нэг нь хариулсныг таашаасаангүй зэмлэл хүртээв.
УИХ дээрх асуудлыг холбогдох байнгын хороонд шилжүүлснээр энэ өдрийн чуулганы нэгдсэн хуралдааныг өндөрлүүлээд байна.
Мөн энэ хуралдаанаар Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлого батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж дуусган, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд шилжүүлсэн юм.
12.58 цаг.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр 09.38 цагт 51.3 хувийн ирцтэй эхэлж, 10 гаруй асуудлыг хэлэлцэхээр баталсан юм. Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Ганбаатар “УИХ-ын дарга аа, надад Дубайд үзэглэсэн нууц гэрээ байна. Энэ гэрээ бол Монгол Улсыг 8.1 тэрбум ам.долларын өрөнд, 15 банкны барьцаанд оруулах гэрээ. Дубайд үзэглэсэн гэрээг УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулж өгнө үү. Сангийн сайд гарын үсэг зурснаар гэрээ хүчинтэй болно. Сангийн сайд тав хоногийн дотор гарын үсэг зурах ёстой. Хугацаа нь маргааш дуусна” гэсэн юм.
Үүнд УИХ-ын дарга З.Энхболд “Байнгын хороогоор хэлэлцээгүй асуудлыг шууд чуулганы хуралдаанаар хэлэлцэх боломжгүй. Ирэх долоо хоногт асуудлыг хэлэлцье” гэв. Ингэхдээ Сангийн сайд Ж.Эрдэнэбатад хандан “Тав хоногоор шахаад байгаа юм бий юм уу” гэж лавлав. Сайд Ж.Эрдэнэбат “Надад ийм тулгалт ирээгүй” гэсэн тайлбар хийж, УИХ-ын дарга З.Энхболд “Надад наад нууц гэрээгээ өгчих” гэж С.Ганбаатар гишүүнээс гуйж байлаа.
Ч.Улаан: Засгийн газрыг огцруулахад гарын үсэг зурж болох юм шүү
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх үеэр Ч.Улаан гишүүн Засгийн газрыг огцруулах асуудлаар гишүүд гарын үсэг цуглуулж эхэлсэн тул түүнд нэгдэхээс аргагүй болохоо сануулсан юм. Төсөлд төмөр зам, эрчим хүчний салбарт авах зээлийг Засгийн газрын зээлд хамаарахгүй байхаар заасан юм.
Энэ тухай Ч.Улаан гишүүн “Төмөр зам, эрчим хүчний салбарт хөрөнгө оруулах зорилготой гэж тайлбарлаж байгааг ойлгоно, бүгд дэмжинэ. Эдгээр салбарууд үр ашигтай ажиллах ирээдүйтэй салбар. Гэтэл Засгийн газрын зээлийн багцаас тус салбарт авах зээлийг зориуд гаргаж, анхаарлын гадна үлдээх нь буруу. Өр зээл авсан бол түүнийгээ бүртгээд явах ёстой” гэдгийг сануулж байлаа. УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл уг хууль батлагдсаны дараа сөрөг үр дагавар дагуулбал хэн хариуцлага хүлээх вэ гэдгийг ч сануулаад авсан. Эцэст нь хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлэв.
Мөн чуулганаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2018 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг хэлэлцэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүлсэн юм.
Австрийн хөнгөлөлттэй зээлд багтах барааг татвараас чөлөөлнө
УИХ энэ өдрийн хуралдаанаараа Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, баталлаа. Уг хуулийн төслийг Төсвийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх үед анхны хэлэлцүүлгээр нь батлах санал гарсан нь чуулганы нэгдсэн хуралдаанаас 82.6 хувийн дэмжлэг хүлээсэн юм.
Хууль батлагдсанаар Австрийн хөнгөлөлттэй зээлээр орж ирэх барааг Гаалийн албан татвараас чөлөөлөх харилцаа үүсч байна. Тодруулбал, Австри улсын Засгийн газраас олгох 40.0 сая еврогийн хөнгөлөлттэй зээлийг орон нутгийн усан хангамж, эрүүл мэнд, нийгмийг аюулаас хамгаалах зэрэг салбаруудад ашиглах боломж бүрдлээ. Ингэхдээ “Хавдар судлалын үндэсний төвийн тоног, төхөөрөмжийг шинэчлэх”, “Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн тоног төхөөрөмжийг шинэчлэх”, “Улсын нэгдүгээр төв эмнэлгийн тоног төхөөрөмжийг шинэчлэх, хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх”, “Төрийн тусгай албаны эмнэлгийн тоног төхөөрөмжийг шинэчлэх, чадавхийг бэхжүүлэх”, “Улаанбаатар хотын цэвэр, бохир усны хоолойг шуудуу ухалгүйгээр шинэчлэх технологийг нэвтрүүлэх”, “Онцгой байдлын албаны гал унтраах техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг сайжруулах” зэрэг төслүүд хэрэгжинэ.
Орон нутагт орлого нэмэгдэнэ
УИХ-аас баталсан хоёр дахь хуулийн төсөл нь Төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд юм. Хуралдаанд оролцсон гишүүдээс 68.9 хувийн дэмжлэг хүлээснээр батлагдлаа. Одоо мөрдөж байгаа Төсвийн тухай хуулиар ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн орлогын 5 хувийг Орон нутгийн хөгжлийн нэгдсэн санд хуваарилах замаар орон нутгийн хөгжлийг дэмжих бодлого баримталж байгаа юм. Харин ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөр нь 100 хувь улсын төсөвт төвлөрдөг. Иймээс ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн төлбөрийн орлогоос орон нутагт шилжүүлэх дүнгийн хэмжээг нэмэгдүүлэх зорилготой юм.
Татварын хууль шүүмжлэл хүлээв
Засгийн газраас өргөн мэдүүлсэн Татварын ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл нь С.Дэмбэрэл, Ц.Оюунбаатар нараас шүүмжлэл хүлээв. Тэд энэ өөрчлөлт нь татвар төлөгчдийг улам хүндрэлтэй, бэрхшээлтэй учруулна гэж үзэж байлаа. Гэхдээ хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь төслийг хэлэлцэхийг дэмжсэнээр анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлээд байна.
Техник технологийн хөгжил, дэвшилтэй уялдан санхүүгийн анхан шатны болон бусад баримтууд цахим хэлбэрээр хийгдэх байдал түгээмэл болж, одоо үйлчилж буй хуулийн дагуу татварын алба татвар төлөгчөөс цаасан баримт ирүүлэхийг шаардаж байгаатай нийцэхгүй болж буй аж. Тухайлбал, татварын албаны хувьд хяналт шалгалт хийхэд, татвар төлөгчдийн хувьд татвараа үнэн зөв мэдүүлэхэд ихээхэн хүндрэл үүсгэж буй юм байна.
Иймд татварын хяналт шалгалт хийхэд цахим хэлбэрийн баримтуудыг анхан шатны баримтаар хүлээн зөвшөөрөх боломжийг тусгасан заалтыг Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт заасан татвар төлөгчийн үүрэгт “18.1.13.татварын хяналт шалгалтад шаардлагатай санхүүгийн болон бусад баримт материалыг татварын алба, татварын улсын байцаагчийн шаардсаны дагуу гарган өгч татварын хяналт шалгалтад хамрагдах;” гэснийг “татварын алба, татварын улсын байцаагчийн шаардсаны дагуу цахим буюу цаасан хэлбэрээр үйлдсэн санхүүгийн ба бусад баримтыг гарган өгч татварын хяналт шалгалтад хамрагдах;” гэж өөрчлөхөөр хуулийн төслийг боловсруулжээ. Ийм өөрчлөлт хийснээр татвар төлөгчийн бизнесийн үйл ажиллагааг дэмжих томоохон хөшүүрэг болж, цаасан баримтын зардал, амархан үрэгдэх эрсдэлийг бууруулна. Энэ өөрчлөлттэй холбогдуулан цахим баримтыг үнэлэх, түүнийг хяналт шалгалтын явцад хэрхэн хадгалах, битүүмжлэх асуудлыг Санхүү татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батлахаар төсөлд тусгажээ.
Засгийн газрыг тусад нь гаргах асуудал хөндөгдөв
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Хууль тогтоомжийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн юм. Энэ үеэр олон асуудал хөндөгдсөний дотор Төрийн ордонд гарсан галын тухай байлаа.
УИХ-ын дарга З.Энхболдын тайлбараар бол Засгийн газрыг тусад нь гаргах ёстой. Ингэхгүй бол Засгийн газрын хуралдааны танхимд гал гарахад Р.Гончигдорж дарга бид хоёр өрөөгүй болохоор нөхцөл байдал үүссэн гэсэн юм.
Одоо чуулганы үдээс өмнөх хуралдаан өндөрлөсөн бөгөөд үдээс хойшхи хуралдаан 14.00 цагаас үргэлжилнэ.
Г.ДАРЬ