Б.Чимид: Улаанбаатарт тарьсан мод маш сайн ургаж байгаа

Хуучирсан мэдээ: 2019.05.08-нд нийтлэгдсэн

Б.Чимид: Улаанбаатарт тарьсан мод маш сайн ургаж байгаа

“Улаанбаатар нэгтгэл" ОНӨААТҮГ-ын гүйцэтгэх захирал асан Д.Энхсайхан өнөөдөр /2019.05.08/ сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрбээр ууланд ургаж байгаа нарс модыг Улаанбаатар хотод авчирч суулгах нь байгаль экологийн унаган тэнцвэрт байдлыг алдагдуулж байна гэлээ. Тиймээс уулны нарс модыг Улаанбаатарт авчирч суулгахыг зогсоохыг хотын удирдлагуудаас хүслээ.

Тэрбээр “2009 онд Энхтайваны өргөн чөлөө болон бусад гудамжинд 1000 гаруй нарс мод суулгасан. Гэвч 2013 онд мэргэжлийн байгууллагууд энэ модод ургах боломжгүй гэсэн дүгнэлт гаргасан. Тиймээс ургаагүй моддыг нийтийн эзэмшлийн зам талбайгаас зайлуулж, цэвэрлэж байсан” гэдгийг хэлж байна.

Мөн тэрбээр “Дэлхийн улс орнууд нарс модыг үржүүлгийн талбайд үржүүлж, бойжуулгын талбайд шилжүүлж суулгаад, тэндээсээ нийтийн эзэмшлийн зам талбайд суулгадаг. Маш цөөн тохиолдолд уулнаас авчирч суулгадаг. Энэ тохиолдолд ургалт нь 15-20 хувьтай байдаг. Тиймээс Улаанбаатар хотод тарих модны сонголтыг зөв хийх, татвар төлөгчдийн мөнгийг оновчтой зүйлд зарцуулах үүднээс уулнаас мод авчирч булшилдгийг зогсоогооч. Энэ шийдвэрээ эргэж хараач гэж хотын удирдлагаас гуйж байна.

Хотод тарих модны сонголт олон байна. Тухайлбал, хайлаас, шар хуайс, агч, голт бор, монос, долоогоно зэрэг маш олон төрлийн мод байсаар байхад заавал эрсдэлтэй нарсыг суулгаж байгаа нь буруу” гэлээ.

Нэг ширхэг нарс модыг уулнаас тээвэрлэж, хотын гудамжинд суулгахад 380 мянган төгрөг зарцуулдаг аж.

Хайруулын таваг шиг Улаанбаатар хотыг ойжуулах шаардлагатай 

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Тохижилт ногоон байгууламжийн хэлтсийн  бодлогын асуудал хариуцсан доктор н.Сүхбат, Улаанбаатар хотын ерөнхий дендрологичоор ажиллаж байсан  доктор, профессор Б.Чимид нар мөн үргэлжлүүлэн нийслэлийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх шаардлагатай талаар мэдээлэл хийв.

Б.Чимид “Дэлхий дахины агаар, хөрсний бохирдолттой тэмцэх арга нь мод тарьж ургуулах. Энэ аян эрчтэй явж байгаа. 2016 оноос хойш 8095 том нарс модыг Улаанбаатар хотод тарьж, суулгасан. Маш сайн ургаж байгаа. Эдгээр нарс модыг хулгайлж авчирч тарьдаггүй юм.

1980, 1990-ээд онд Сэлэнгийн Бугант, Хүдэрт тарьсан байсан нарс мод өнөөдөр шаваад ургачихсан сийрэгжүүлэх шаардлагатай байгаа. 12 мянган га ойд тужийн нарс тарьсан байдаг юм. 50 хувийг нь өнөөдөр огтлох шаардлагатай болсон. Улаанбаатар хотод мод авчирч тарихдаа зайлшгүй сийрэгжүүлэлт хийх шаардлагатай болсон ойгоос л тусгай технологиор сугалж аван, зөөвөрлөж, тарьж ургуулдаг.

Улаанбаатар хот хүртэл 500 км-ын цаанаас тээвэрлэн авчирч, гурван жил арчлаад тарьдаг. Тээвэр, гурван жил арчлах зардал бүгд ороод 380 мянган төгрөг. Сая хэвлэлийн хурал хийсэн залуус 380 мянган төгрөг их мөнгө гэлээ.

“Маршал таун”,  “Ривер гарден”-д 550-650 мянган төгрөгөөр суулгаж тарьж байгаа.

2008 оны долдугаар сарын 7-нд Улаанбаатар хотод би 33 нарс мод тариулсан. Тэр модноос ганц мод л үхсэн, бусад нь ургасаар 11 жил болж байна.

Явуухулангийн цэцэрлэгийг очоод үзээрэй. Энд долоон жилийн өмнө тарьсан мод ургаж байна. 2003 онд Улаанбаатар хотод 33 гацуур тарьсан. Ургаж л байна.

Ойгоос мод хулгай хийгээд авч ирээд, хотод суулгаад үхүүлж төсвийн мөнгө зараад байна гэдэг үндэслэлгүй. Би мэргэжлийн хүн. 45 жил мод тарьсны 30 жилийг Улаанбаатар хотод мод тарьж ургуулахад зориулсан.

2016 оноос хойш Улаанбаатар хотод 8095 мод тарихад тав нь л үхсэн.

Энэ их агаарын бохирдлыг мод өөр дээрээ барьж, тэмцэж байх үүрэгтэй учраас хүн ардынхаа төлөө тарьж байна. Ажил амжилттай болохоор сайн ажлыг нь дарж сонгуульд очков авах гэж байгаа юм уу. Ойд хэдэн сая живаа га ой хортонд идэгдэж, шатаж байхад дуугарахгүй байна. Хайруулын таваг шиг Улаанбаатар хотыг ойжуулж байж, асуудлаас гарна.  Ойн инженер уулнаас мод авчирч тарихыг эсэргүүцдэггүй юм” гэлээ.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж