Барилгын салбарт үйл ажиллагаа явуулдаг компаниудын төлөөлөл өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэд Баянгол дүүргийн Төмөр замын 1-4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орших дахин төлөвлөлтийг хийж, бүтээн байгуулах Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас зарласан уралдаан шалгаруулалтанд оролцох зорилгоор “Монголын бүтээн байгуулалтын түншлэл” консерциумыг байгуулан нэгдсэн ажээ. Улмаар төмөр зам орчмын барилгуудыг ахин төлөвлөж, цогц байдлаар бүтээн босгох төлөвлөгөөг гаргажээ.
Ингэхдээ 1,000 хүүхдийн сургууль, ногоон байгууламж, зам талбайн тохижилт, явган хүний гүүрэн гарц, гэрэлтүүлэг, ИШС-г шинэчлэх өргөтгөх зарим ажлыг төслийн хүрээнд хийхээр төлөвлөсөн юм байна. Гэсэн хэдий ч уралдаант шалгаруулалт шударга бус явагдаж байна гэж Гандирс ХХК-ий захирал Ц.Эрдэнэчулуун, Орчлон Констракшн ХХК-ийн захирал Д.Ганзориг, Заг Констракшн ХХК-ийн захирал Г.Ононтуул, Цаст Констракшн ХХК-ийн захирал Н.Баярцэцэг, Грийн ресурс ХХК-ийн захирал Ц.Цэцэнзориг нар мэдэгдлээ. Ингэж үзэх болсон хэд хэдэн шалтгаан байгааг онцолсон юм. Тухайлбал төслийг сонгон шалгаруулах хугацаа дууссан байхад өнөөдрийг хүртэл албан ёсны хариу өгөөгүй ч зарим ялагчдыг зарлаж байгаа нь бусад хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаж байна. Мөн төсөл хэрэгжүүлэх газрыг олон хэсэгт хуваан задалж, арваад жижиг төсөл болгосон нь хот төлөвлөлтийн эсрэг үйлдэл болсон. Түүгээр ч зогсохгүй албан ёсны хариуг өгөхдөө хуулийн хугацааг баримтлаагүй, хоцроосон бөгөөд ингэхдээ үл ойлгогдох, хардлага төрөхүйц агуулгатай хариулт өгсөн гэж тэд үзэж байгаа юм.
Д.УУДАМ