Аврал эрсэн уран зургууд

Хуучирсан мэдээ: 2019.05.08-нд нийтлэгдсэн

Аврал эрсэн уран зургууд

Улаанбаатар хотын төв хэсэгт байрлах Монголын Уран зургийн галерейд дүрслэх урлагийн “шилдэг” гэх тодотголтой суут бүтээлүүд хадгалагдаж буй. Уг галерейн ханыг 1921 оноос хойших тэртээ зуун жилийн түүхийг өгүүлэх Марзан Шаравын В.И.Лениний хөргөөс авахуулаад дүрслэх урлагийн жинхэнэ сор бүтээлүүд чимнэ.

Монголын уран зургийн галерей уран зураг, зураасан зураг, сийлбэр, уран баримал гэсэн үндсэн дөрвөн сан хөмрөгтэй. Дүрслэх урлагийн сан хөмрөгт нийт 4000 гаруй бүтээл хадгалагдаж байдаг аж.

Монголын Уран зургийн галерей жил болгон оны шилдэг бүтээлээр сан хөмрөгөө баяжуулсаар ирсэн. Гэвч уран бүтээлчид өөрсдийн тухайн цаг үеийнхээ шилдэг гэсэн бүтээлээ хадгалуулж буй энэ газарт нэгэнтээ итгэж, найдахаа больсон нь нууц биш болжээ. Учир нь, одоогоос 10 жилийн өмнө Монголын уран зургийн галерейд гал гарч, зураач Г.Төмөр-Очирын “Намрын уянга”, Г.Одонгийн “Морьтон баатрууд”, Н.Цүлтэмийн “Мартагдашгүй уулзалт”, Г.Дунбүрээгийн “Оторт”, О.Цэвэгжавын “Партизан цэргийн элсүүлэлт” зэрэг олон ахмад зураачдын бүтээл юу ч үгүй шатсан байдаг. Галд өртөж “эрэмдэг” болсон бүтээлүүд одоо ч хэвээрээ галерейн сан хөмрөгт аврал эрсээр байна.

“БҮТЭЭЛ МААНЬ ҮГҮЙ БОЛСОН ГЭЖ БОДОХООР СЭТГЭЛ ИХ ЭМЗЭГЛЭДЭГ”

Манай улсад анх техник нэвтэрч, монголчууд морин дэл дээрээс моторт хүлэг рүү шилжсэн түүхийг харуулсан “Монгол транс” зургийн эзэн бол Урлагийн гавьяат зүтгэлтэн Г.Дунбүрээ гуай. Түүний энэ түүхэн уран зураг 2009 онд Монголын уран зургийн галерейд гарсан гал түймрийн улмаас шатаж, устсан байна.

Тэрбээр “Миний 1974 онд бүтээсэн “Монгол транс”, 1977 онд зурсан “Фронтод”, “Ууган үйлдвэр” зэрэг долоо, найман бүтээл 2009 онд Монголын уран зургийн галерейд гарсан гал түймрийн улмаас устаж, үгүй болсон. Үнэхээр харамсалтай. Тухайн цаг үеийнхээ аж байдал, түүхийг өгүүлж, олны хүртээл болсон шилдэг бүтээл одоо байхгүй болсон гэж бодохоор сэтгэл их эмзэглэдэг юм. Тэр үеэр олон сайхан зураачдын бүтээл шатаж, устсан даа” хэмээн ахмад зураач гунигтайхан өгүүлнэ.

Галерейд гарсан гал түймрийн үеэр 1921-1990 оны үед хамаарагдах 106 зураг бүрэн шатсан бөгөөд 78 зураг 50-80 хувьтай шатаж, 88 зураг танигдах боломжтой, 652 зураг их хэмжээний сэргээн засвар шаардагдахуйц байдлаар гэмтсэн. Өөрөөр хэлбэл, уг галерейн сан хөмрөгийн 50 хувь устаж үгүй болсон талаар тухайн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлж байжээ.

Энэ талаар Монголын Уран зургийн галерейн захирлаар 2009-2013 онд ажиллаж байсан зураач А.Чадраабал ярихдаа “Монголын Уран зургийн галерейн захирлаар дөнгөж ажиллаж эхлээд байхад 2009 оны тавдугаар сарын 19-нд галерейд гал гарсан. Тухайн үед манай галерейн сан хөмрөгийн ихэнх бүтээл галд өртсөн байдаг. Тэр үед галд шатсан зургуудыг хохирлоор нь бүрэн шатсан, түлэгдсэн, цэвэрлэгээ хийх гэж ангилсан. Би галерейн захирлаар ажиллаж байхдаа АНУ-ын гурван удаагийн төсөл, Голландаас нэг төсөл авч хэрэгжүүлж, галт өртсөн зарим зургийг сэргээн засварлан хүлээлгэж өгсөн. Харамсалтай нь 2013 онд галд өртсөн зургуудыг сэргээн засварлах төсөл шаардлага хангагдаагүй, мэргэжлийн хүмүүс уран зургийн цэвэрлэгээ хийгээгүйгээс хаагдсан байна лээ” гэв.

 УРАН ЗУРАГ СЭРГЭЭН ЗАСВАРЛАГЧ ХОЁРХОН ХҮН АЖИЛЛАЖ БАЙНА

Соёлын өвийн үндэсний төвийн хувьд улсдаа ганц соёлын өвийг сэргээн засварлах эрхтэй байгууллага. Энэ төв жилдээ улсын хэмжээний 40 орчим байгууллагаас ойролцоогоор 15-20 байгууллагын 150-200 үзмэрийг үнэ төлбөргүй сэргээн засварладаг гэнэ. Биднийг очиход /2019.05.05/ тус төвийн сэргээн засварлагчид Цэргийн музейн найман уран зургийг хүлээн авч, засварлаж байв. Мөн өмнөх оны Монголын Уран зургийн галерейн засварлаж дуусаагүй долоон бүтээл ээлжээ хүлээх мэт.

Уг төвд одоогоор есөн сэргээн засварлагч ажиллаж байгаа бөгөөд тэдний зөвхөн хоёр нь л уран зургийн чиглэлээр ажилладаг ажээ. Тэдний нэг нь тус төвийн Соёлын биет өвийг сэргээн засварлах газрын уран зураг сэргээн засварлагч Д.Нямдорж юм. Тэрбээр 12 жил сэргээн засварлагчаар ажиллаж байгаа гэнэ.  “Ер нь манай төвийн хувьд улсын музей болон холбогдох байгууллагуудын сэргээн засварлах шаардлагатай үзмэр, дурсгалын хүсэлтийг оны өмнө хүлээж авч, хүчин чадалдаа тохируулан захиалгаа аваад ажилладаг. Манай төвөөс 2013 онд АНУ-ын Элчин сайдын яам, Монголын Уран зургийн галерейтай хамтран галд өртсөн бүтээлүүдээс харьцангуй бага гэмтэлтэй 24 зургийг сонгон авч, засварласан. Гал түймрийн улмаас бүтээлийн өнгө будаг цэврүүтсэн, түлэгдэж өнгө нь хувирсан, хөндийрсөн гэмтлүүд их байсан тухай ярилаа.

“Манай улсад соёлын өвийг хуулийн дагуу сэргээн засварладаг ганцхан байгууллага ажилладаг. Тйимээс манайд байгаа мэргэжилтнүүдийн хүчин чадал хүлээгдэж буй соёлын өвүүдийг сэргээн засварлахад хаана нь ч хүрэхгүй байна. Нэгэнтээ нөхцөл байдал ийм байгаа учраас хадгалж буй орчныг нь аюулгүй байлгахад анхаарлаа хандуулж байгаа. Соёлын өвд хүрнэ гэдэг маань тухайн соёлын өвд агуулагдаж буй үнэ цэнэд халдаж байна гэсэн үг. Тэр үнэ цэнийг хадгалахын тулд нягт нямбай боловсруулсан арга зүй технологийн дагуу хүрэх ёстой. Энэ дунд бас зохиогчийн эрхийн асуудал хөндөгдөнө.

Одоо бид уран зургийн эвдрэл, гэмтэл юунаас болсон бэ гэдэг шалтгаан нөхцөлийг тогтоож ажиллах хэрэгтэй байна. Гэвч өнөөдөр дүрслэх урлагийн бүтээлийн эвдрэл, гэмтлийг тогтоож, нарийн шалтгаан нөхцөлийн судалгааг хийж чадахгүй байна. Сэргээн засварлалт хийхэд цаг хугацаа, хүн хүч, хөрөнгө мөнгө их шаардагддаг. Соёлын өвийн эвдрэл, гэмтэл бий болох үндсэн нөхцөл нь хадгалалт хамгаалалтаас үүсдэг” талаар БСШУСЯ-ны Соёлын газрын мэргэжилтэн Д.Даваацэрэн хэллээ.

Харин Соёлын өвийн төвийн захирал Г.Энхбат өөр байр суурьтай байсан юм. Тэрбээр “Манай төвийн жилийн төсөв 486-490 сая төгрөгийн хооронд хэлбэлздэг. Үүнээс уран зураг сэргээн засварлах материалын зардалд жилд 4-5 сая төгрөг төсөвлөдөг. Бусад нь байгууллагын ажилчдын цалин, байгууллагын байрны түрээс зэрэг бусад зардалд зарцуулдаг. Дүрслэх урлагийн бүтээл дотроо уран зургийг сэргээн засварлах төсвийг нэмлээ гээд ямар ч чанарын өөрчлөлт гарахгүй. Угаасаа уран зураг сэргээн засварлалтын материалын хувьд өндөр өртөгтэй, нарийн материалыг одоогоор ашиглахгүй байгаа. Манай төвөөс 2019 оны хувьд улсын хэмжээнд улс, аймгийн музейнүүдэд сан хөмрөгийн тооллого болж байгаа учраас дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн 20-ныг хүртэл сэргээн засварлах ямар ч бүтээл авахгүй гэсэн чигийг өгсөн. Өнөөдрийн байдлаар Монголын Уран зургийн галерейгаас өмнөх оны сэргээн засварлалт дуусаагүй зургаан бүтээл засагдаж байна. Бид ирэх зургадугаар сарын 1-нээс тооллогын дүн мэдээ гарсны дараа хэчнээн тооны үзмэр хаана, хаанаас авах талаар хуралдаж, ярилцана. Бид жил болгон аль болох Монголын Уран зургийн галерейн бүтээлээс сэргээн засварлах тоондоо оруулж явдаг. Зарим нэг байгууллага хоёр жил өнжөөд үзмэрээ манайх руу явуулдаг” гэв.

ГУРВАН УРАН ЗУРАГ ҮРЧЛҮҮЛЖ, СЭРГЭЭН ЗАСВАРЛАХ ЭЗЭНТЭЙ БОЛЖЭЭ

 Монголын Уран зургийн галерейд дүрслэх урлагийн хосгүй үнэт бүтээлээр шалгарсан таван бүтээл бий. Үүнд, Марзан Шаравын 1921 онд зурсан В.И.Лениний хөрөг, Төрийн шагналт, Ардын зураач Н.Цүлтэмийн “Талын айл”, Г.Одонгийн “Ажлын дараа”, О.Цэвэгжавын “Азарганы ноцолдоон”, Ү.Ядамсүрэнгийн “Өвгөн хуурч” гэсэн таван бүтээл багтдаг. “Энэ таван бүтээлийн жаазыг саяхан цэвэр итали модон жаазаар сольсон. Тун удахгүй Төвбанктай хамтран хосгүй үнэт бүтээлийн өмнө нь тусгай шилэн хаалт хийхээр төлөвлөж байгаа” гэдгийг тус галерейн менежер Ө.Даваажаргал яриандаа онцолж байлаа.

Монголын Уран зургийн галерейн захирал Б.Сарантуяа “Манай галерейн сан хөмрөгт сэргээн засварлах шаардлагатай 300 гаруй уран зураг бий. Эдгээр уран зургийн 99 бүтээлийг нэн яаралтай сэргээн засварлах шаардлагатай байгаа. Гэвч Монгол Улсын хэмжээнд уран зураг сэргээн засварлах Соёлын өвийн үндэсний төв ганцхан байдаг. Ганцхан байгууллага, ийм хүн хүчээр, ийм техникээр жилд олон уран зургийг нэг дор сэргээн засварлах боломжгүй юм. Тиймээс бид уран зураг “үрчлэх” төслийг 2019 оны гуравдугаар сараас эхлэн Монголд анх удаа хэрэгжүүлж байна.

Нийгэмд уран зураг үрчлэх төсөл маань их сайхан эерэг сэтгэгдэл төрүүлж байгаад баяртай байна. Галерейн сан хөмрөгт байгаа олон сайхан бүтээл “Намайг авраач ээ” гээд байж байгаа нь үнэн. Улсаас системтэйгээр уран зургийн сэргээн засварыг хийгээгүй биш хийж байна. Гэхдээ бүгдийг нь нэг амьсгаагаар засварлаж чадахгүй шүү дээ. Манай галерейд ядаж хоёр сэргээн засварлагч байвал олон сайхан бүтээлийг үзэгчдийн хүртээл болгох боломжтой. Манай байгууллагад ганц сэргээн засварлагч бус улсын галерейд зайлшгүй байх шаардлагатай орон тооны эрдэм шинжилгээний ажилтан, урлаг судлаач, куротор зэрэг мэргэжилтнүүд байдаггүй. Өнөөдөр энэ бүх ажлыг нэг хүн хүссэн хүсээгүй давхар хийгээд явж байна” гэдгийг хэлж байв.

Одоогоор уран зургийн сор болсон гурван бүтээл үрчлүүлж, эзэнтэй болоод байгаа ажээ. Сонирхуулбал, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын зураач, Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Цүлтэмийн “Цэцэгтэй эмэгтэй” бүтээл. Энэ зургийн гол дүр бол Монголын анхны эмэгтэй зураач Ч.Шижээхүү. Уг бүтээлийн гол дүрийн эмэгтэйн төрсөн дүү 50 жилийн дараа энэ бүтээлийг харж, үрчлэн авах хүсэлтээ өгчээ. Дараагийн бүтээл бол Монгол Улсын Ардын зураач, Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Гаваагийн “Алтайн уулс”. Энэ томоохон хэмжээний бүтээлийг нийгмийн идэвхтэн гишүүдээс бүрдсэн твитер сүлжээний “20К” клубын гишүүдэд үрчилсэн бол Монгол улсын Ардын зураач, Төрийн хошой шагналт, Урлагийн гавъяат зүтгэлтэн О.Цэвэгжавын 1963 онд зурсан “Эмнэг сургагч” бүтээлийг Монголбанкны банкеруудын холбоо үрчлэн авч, сэргээн засварлалтын зардлыг ивээн тэтгэхээр болжээ.

Гэрэл зургийг Н.БАТМӨНХ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж